Хайх

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд

Shaggy is turning 30

Text: Х.Батсүх


Энэ өдрийн мэндийг нийт уншигчиддаа хүргэе ээ!

Анх 10 жилээ төгсөөд өөрийн ирээдүйн мэргэжлийн тухай сонголтоо хийж байх үедээ яг өнөөдрийн 30 нас хүрэхдээ хэн болсон байх тухайгаа төдийлөн бодож чадаагүй байжээ. Ямар ч байсан нийгэм улс төрийн эгзэгтэй үед төрөн шинэ мянганыг угтсан манай үеийн залуус эхнээсээ 30 хэмээх энэ тоог даван гарсан бол өнөөдөр миний ээлж иржээ. Ингээд та бүхэндээ 30 насны төрсөн өдрөө тохиолдуулан өнгөрсөн 30 жилийн хамгийн шилдэг кинонуудыг сонгон нийтэллээ. 

1988 он: Nuovo Cinema Paradiso

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 1)

Энэ онд бидний мэдэх олон шилдэг кинонууд нээлтээ хийж байжээ. Брюс Уиллисийг супер од болгосон Die Hard, Том Хэнксийн гол дүрд нь тоглосон Big, домогт Ghibli студи, Хаяао Мияазакигийн My Neighbor Totoro, тухайн жилд Оскарын шагнал хүртэж байсан Rain Man гээд уртаас урт жагсаалтыг хүргэж болно. Гэхдээ миний сэтгэлд хамгийн дотно үлдсэн хоёр киног би энэ жилийн шилдгээр нэрлэхээр шийдлээ. Эхнийх нь бол Италийн найруулагч Жузеппе Торнаторегийн Nuovo Cinema Paradiso юм. Тухайн жилдээ Каннаас шагнал авч, Оскарт шилдэг гадаад хэл дээрх киноны шагналыг хүртсэн энэхүү киног анх үзсэнээс хойш авсан тэр мэдрэмж одоо ч арилаагүй төдий энэ киног үзсэн мэдрэмжээс авсан сэтгэл хөөрлөөрөө хожим кино найруулагчийн мэргэжлийг сонгож байсан билээ. Найруулагч Жузеппе Торнаторегийн The Legend of 1900, Malena зэрэг бусад кинонуудыг манай үзэгчид тун сайн мэднэ.

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 2)

1988 он бол Монголын кино урлагийн түүхэнд томоор тэмдэглэгдэн үлдэх он юм. Тэр бол Мандухай Сэцэн Хатан юм. Кино найруулагч Б.Балжиннямын хосгүй энэ бүтээлд Монгол хүн бүрийн сэтгэл шингэсэн бөгөөд дотоодын кино үйлдвэрлэлийн салбарыг нэг шат ахиулсан агуу бүтээл 1988 онд дэлгэцнээ анх гарч байжээ. Ээж маань өнөө маргаашгүй төрөх гэж байхдаа жүжигчин Н.Сувд болон энэ киног дэлгэцээр гарах бүрт 273 минут үргэлжлэх уг бүтээлийг амьсгаа даран үзэж байснаа байнга дурсан ярьдаг юм.

1989 он: Driving Miss Daisy

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 3)

Бяцхан лусын дагина Ариелийн тухай өгүүлэх The Little Mermaid, найруулагч Камерон Кроугийн анхны кино Say Anything... , Стивен Содербергийн Sex, Lies and Videotape, Роб Райнерын найруулсан When Harry Met Sally..., Вуди Аллены Crimes and Misdemeanors, Dead Poets Society зэрэг олон шилдэг бүтээлүүд дэлгэцнээ амилсан бөгөөд миний хувьд энэ жилийн хамгийн шилдэг кино бол Driving Miss Daisy юм. Морган Фриман, Жессика Тэнди нарын гол дүрд нь тоглосон энэхүү кино жүжигчин Морган Фриманыг Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшүүлж байсан. Ер нь 1989 он түүний хувьд тун амжилттай жил байжээ. Морган Фриманы энэ онд тоглосон өөр нэг кино болох Glory бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтад бичигддэг төдийгүй жүжигчний хувиар тоглосон анхны бокс оффисын өндөр орлоготой кино байсан юм.

1990 он: Home Alone

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 4)

Сонголт хийхэд хамгийн хүнд он магадгүй 1990 он байх. Юуны түрүүнд Тим Бертон, Жонни Депп нарын гайхалтай хослол болсон Edward Scissorhands энэ онд нээлтээ хийжээ. Дэми Мурын зурагт хуудсыг айл болгоны хананд өлгүүлсэн хайрын романс Ghost, алдарт The Godfather цувралын гурав дах буюу төгсгөлийн анги, Мартин Скорсезегийн Goodfellas, Жулия Робертс, Ричард Гир нарын Pretty Woman, шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын хаан Филип К.Дикийн зохиолоос сэдэвлэсэн Total Recall, эх газрын хамгийн шилдэг найруулагч Жан И Моу найруулж Гун Ли гол дүрд нь тоглосон Жу Доу, хэдэн удаа үзсэн ч юм бүү мэд жүжигчин Кевин Костнерт Оскарын шилдэг найруулагчийн шагналыг авж өгсөн Dances with Wolves гээд, 1990 оны шилдэг киноны жагсаалт дэндүү урт ч алийг нь ч сонгосон уншигчид нэг их маргахгүй биз ээ. Гэхдээ 1990 оны хамгийн шилдэг киногоор Home Alone-ыг нэрлэлээ. Жон Хюс продюсерлож, Крис Колумбус найруулж, Жон Уиллиамс хөгжмийг нь бичсэн энэ кино өнөө хүртэл өөрийн ид шидээ тээсээр байгаа билээ.

1991 он: Raise the Red Lantern

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 5)

Диснейн Beauty and the Beast-ээр энэ жилийн шилдэг кинонууд эхэлнэ. Ice Cube-ийн анхны дэлгэцийн кино Boyz'N The Hood, Польшийн домогт найруулагч Кристоф Кишловскигийн The Double Life of Veronique, Кеннедигийн үхлийн талаар шуугиан дэгдээж байсан JFK, Termintor 2: Judgment Day, Оскарын шагналын шилдэг киног хүртсэн анхны аймшгийн кино The Silence of the Lambs зэрэг кинонууд 1991 онд дэлгэцнээ олны хүртээл болсон бөгөөд 1991 оны шилдгээр найруулагч Жан И Моу найруулж, Гун Ли гол дүрд нь тоглосон Raise the Red Lantern-ыг нэрлэлээ.

1992 он: Bram Stoker's Dracula

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 6)

Энэ жилийн шилдгүүдийг дахин Жан И Моугаар нээх ёстой болов уу. Дахин Гун Ли гол дүрийг нь бүтээсэн The Story of Qiu Ju, Мартин Брест найруулж Аль Пачино, Крис О'Доннел нарын гол дүрд нь тоглосон The Scent of a Woman, Майкл Маннын The Last of the Mohicans, Диснейн Alladin, Basic Instinct, Роб Райнерын A Few Good Men, Альфонсо Араугийн Like Water for Chocolate, Квентин Тарантиногийн Reservoir Dogs, найруулагч, жүжигчин Клинт Иствудийн тухайн жилийн Оскарын наадмын шилдгээр нэрлэгдсэн Unforgiven зэрэг кинонууд 1992 онд дэлгэцэнд гарсан бөгөөд энэ жилийн шилдгээр найруулагч Фрэнсис Форд Копполагийн Bram Stoker's Dracula-г нэрлэлээ. Дракулагийн талаарх олон кино байдаг ч зохиолч Абрахам "Брам" Стокерийн Дракула зохиолоос сэдэвлэсэн энэ кино хамгийн шилдэг нь бөлгөө.

1993 он: The Nightmare Before Christmas 

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 7)

Хятадын кино урлагийн чимэг болсон Чен Кайгогийн Farewell My Concubine, Groundhog Day, одоог болтол үргэлжлэн гарсаар байгаа Стивен Спилбергийн найруулсан Jurassic Park цувралын анхны анги, Крис Колумбусын найруулж Робин Виллиамсын гол дүрд нь тоглосон Mrs.Doubtfire, Кристоф Кишловскигийн Гурван өнгө цувралын Three Colors:Blue, дэлхий даяар ДОХ-ын тухай ойлголтод том нөлөө үзүүлсэн Том Хэнксийн тоглосон Philadelphia болон үзэх бүрт сэтгэл зүсэгдэх The Schindler's List зэрэг бүтээлүүд 1993 онд нээлтээ хийжээ. Энэ бүх шилдэг кинонуудаас онцлон сонгосон кино бол Тим Бертоны продюсерлож, Хэнри Селикийн найруулсан The Nightmare Before Christmas юм.

1994 он:  Leon, The Professional 

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 8)

Муфасаг үхэхэд нус нулимсандаа холилдож байсан жаалууд The Lion King-ийг санаж байгаа биз ээ. Тэгвэл 1994 оны шилдгүүдийг энэ киногоор толгойлуулах нь зүй ёсны хэрэг юм. Жим Кэрригийн классик Dumb & Dumber, Никита Михалковын Утомлённые Солнцем, Вон Кар Вайн классик Chungking Express, бүх цаг үеийн шилдэг нэрлэгдэх The Shawshank Redemption, Тарантиногийн Pulp Fiction, тухайн жилийн бараг бүх шагналыг түүсэн Forest Gump зэрэг гайхалтай кинонууд 1994 онд нээлтээ хийсэн. Энэ бүх кинонуудаас онцгойлон сонгосон бүтээл бол Люк Бессоны Leon, The Professional юм.

1995 он: Toy Story

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 9)

Торойны тухай сонин зохиолтой Babe шиг ухаант амьтны тухай амжилттай кино тун цөөн. Жүжигчин Мел Гибсоны найруулагчийн замналын эхлэл Braveheart, Apollo 13, Клинт Иствудийн The Bridges of Madison County, Скорсессегийн Casino, Бонд цувралын Goldenye, Николас Кэйжийн замналын оргил Leaving Las Vegas, Диснейн Pocahontas, Se7en, зохиолын цоо шинэ шийдэл болсон The Usual Suspects нар нь 1995 оны нэрлэх ёстой шилдгүүд. Гэхдээ энэ онд нэгэн бүтээл бусдаасаа илт онцгойрсон бөгөөд тэр нь Toy Story юм. Пиксар студийн анхны бүтээл болох энэхүү кино гурван хэмжээст компьютер графикийн кино бүтээлийг дэлхийд танилцуулсан төдийгүй орчин үеийн кино үйлдвэрлэлийн салбарыг нэг шат ахиулсан билээ.

1996 он: Trainspotting 

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 10)

Биелэгдэшгүй даалгавар цувралын анхны анги энэ онд нээлтээ хийжээ. Slasher төрлийн кинонд томдоо тооцогдох Scream, Ричард Гир, Эдвард Нортон нарын гол дүрд нь тоглосон Primal Fear, харийнхан дэлхий рүү довтолдог киноны давлагааг эхлүүлэгч Independence Day, Монголд бараг сардаа нэг удаа гардаг байсан The English Patient зэрэг кинонууд 1996 онд нээлтээ хийж байсан бөгөөд энэ жилийн шилдгээр найруулагч Дэни Бойлын Trainspotting бүтээлийг нэрлэж байна.

1997 он: Life is Beautiful (La Vita E Bella)

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 11)

Титаникийн нэрийг хамгийн түрүүнд дурдахгүй бол алдас болох буйзаа. Одоог болтол түмэн рекордыг эзэмшиж буй энэ кино 1997 оны гол бүтээлүүдийн нэг юм. Титаникийн араас Алехандро Аменабарын Abre Los Ojos, Скорсессегийн Kundun, Гус Ван Сантын Good Will Hunting, Люк Бессоны The Fifth Element, Роберт Дуваллын The Apostle, L.A Confidential, Хаяао Мияазакигийн Princess Mononke, Герман найруулагч Томас Яны Knockin' on Heaven's Door зэрэг шилдгүүд мөн 1997 онд нээлтээ хийсэн. Гэхдээ энэ бүх кинонуудаас найруулагч Роберто Беннинигийн Life is Beautiful (La Vita E Bella) - г тухайн жилийн шилдгээр нэрлэлээ.

1998 он: The Truman Show

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 12)

Одоогоос 20 жилийн өмнө American History X кино дэлгэцэнд анх гарч байжээ. Коен ахан дүүсийн амжилтын гараа The Big Lebowski, A Bug's Life, Ларс Вон Триерийн The Idiots, миний амьдралдаа үзсэн хамгийн аймаар кино Хидео Накатагийн Ringu (Ring), Герман кинотой анх танилцуулж байсан Run Lola Run, Дэлхийн 2-р дайны шилдгүүдийн нэг Saving Private Ryan, Оскарын шагналт Shakespeare in Love, бас нэгэн хайрын киноны шинэ үеийн төлөөлөл There's Something About Mary нар 1998 онд анх нээлтээ хийж байжээ. Харин энэ оны хамгийн шилдгээр The Truman Show -г сонголоо. Өнгө, найруулга, жүжиглэлт, сэдэв гээд энэ киног өөлөх зүйл үгүй. Энэхүү бүтээлийг үзсэний дараа өөрийн амьдарч байгаа ертөнцийг жинхэнэ эсэхэд эргэлзэх бодол өчүүхэн ч гэсэн ч төрж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

1999 он: The Wind Will Carry Us

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 13)

Шинэ мянганыг угтсан энэ жил аймшгийн төрлийн шилдэг киноны төлөөлөл The Sixth Sense нээлтээ хийж байжээ. Toy Story 2, The Iron Giant, Дэвид Финчерийн Fight Club, Boys Don't Cry, зардал орлогын харилцаагаараа одоо болтол тэргүүлж буй шууд бичлэгийн гэх цоо шинэ төрлийг танилцуулсан The Blair Witch Project, Такаши Мийкегийн хамаг биеийн хөлс цувуулам аймшгийн кино Audition, Оскарын наадмын шилдэг American Beauty, Педро Альмодоварын All About My Mother, Вачовскийн ах дүүсийн (одоо эгч дүүс болсон) "суут" бүтээл болох Matrix нар бүгд 1999 онд нээлтээ хийжээ. 1999 оны шилдэг киногоор Matrix-ийг нэрлэх хүсэлтэй байсан боловч эцсийн мөчид Ираны домогт найруулагч, зохиолч, зураач Аббас Киаростамигийн The Wind Will Carry Us киног сонгохоор шийдлээ. Асгар Фархадигаас өмнө Ираны кино урлагийг олон улсад танилцуулсан тэрбээр Перс кино, арт хаус чиглэлийн өөрийн үеийн хамгийн шилдэг уран бүтээлч байсан юм. Энэхүү жагсаалтад түүний 1994 - 1999 оны хооронд бүтээсэн дөрвөн киног нэрлэх хүсэлтэй байсан ч дараа дараагийн жагсаалт болон нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй дурдахаар албаар үлдээсэн болно.

2000 он: In The Mood for Love

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 14)

Найруулагч Камерон Кроугийн Almost Famous -аар 2000 оны шилдгийн жагсаалт эхэлнэ. Найруулагч Алехандро Гонзалез Иньяриттугийн анхны бүрэн хэмжээний кино Amores Perros, Дэни Бойлын The Beach, Стивен Долдригийн Billy Elliot, Chicken Run, Ан Лигийн классик Crouching Tiger, Hidden Dragon, Erin Brockovich, Оскарын шагналт Gladiator, Кристофер Ноланы Memento, Коен ахан дүүсийн O Brother, Where Art Thou? Нар 2000 онд нээлтээ хийжээ. Энэ жилийн онцлох киногоор харин найруулагч Вон Кар Вайн In The Mood for Love-ыг сонгов. Ихэнх шүүмжлэгчид түүний Chungking Express-ийг хамгийн шилдэг нь гэдэг ч In The Mood for Love бол Вон Кор Вайн бусад бүтээлийг үзэх сэдлийг төрүүлдэг гол кино юм. Энэ онд бас дахин нэг нэрлэх ёстой онцгой кино байгаа нь найруулагч Стивен Содербергийн Traffic юм. Стифен Гаганы бичсэн зохиол, жүжигчдийн гүйцэтгэл гээд тус кино урлагийн түүхэн дэх төгс бүтээлийн тоонд орно.

2001 он: The Lord of the Rings: The Fellowship of the Ring

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 15)

Алфонсо Куарон найруулж Гаел Гарсиа гол дүрд нь тоглосон Y Tu Mama Tambien, Стивен Спилбергийн A.I Artificial Intelligence, Жан Пиер Жеаны Amelie, Ридли Скоттын Black Hawk Down, Donnie Darko, Hannibal, Monsters Inc, The Others, Moulin Rouge гээд одоо ч үзэгчдийн үзэх дуртай хэвээрээ байгаа олон шилдэг кино 2001 онд нээлтээ хийжээ. Эдгээр кинонуудаас гадна нийт таван амжилттай цувралыг гаргаж 3,5 тэрбум долларын орлого олсон Shrek -ийн эхний анги, зохиолч Ж.К Роулингийн бестселлер дээр тулгуурлан бүтээж нийт найман анги нь 7,7 тэрбум доллар орлого олсон Харри Поттер цувралын эхний ангиуд мөн 2001 онд нээлтээ хийжээ. Гэхдээ 2001 оны хамгийн шилдэг нь бол маргаангүй Питер Жэксоны найруулсан Бөгжний эзэн цувралын эхний анги The Fellowship of Ring кино бөгөөд тухайн жилдээ Оскарын шагналын 11 төрөлд нэр дэвшин дээд рекорд тогтоож байсан юм.

2002 он: Talk to Her (Hable con ella)

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 16)

Жүжигчин Пирс Броснаны сүүлийн Бонд буюу Die Another Day, жүжигчин Мэтт Дэймонтой хамт дөрвөн ангийг амжилттай бүтээсэн The Bourne цувралын эхний анги, Мартин Скорсезегийн Gangs of New York, Харри Поттер цувралын хоёрдугаар анги, Бөгжний цувралын хоёрдугаар анги, Ice Age цувралын эхний анги, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой романтик инээдмийн кино болох My Big Fat Greek Wedding, Стивен Содербергийн Solaris, Тоби Магуайрын гол дүрд нь тоглосон Spider Man цувралын эхний анги, найруулагч Дэни Бойлын зомби төрөлдөө ойрын 30 жилийн шилдгүүдийн нэг болсон 28 Days Later... зэрэг кинонууд энэ жил нээлтээ хийжээ. Эдгээр кинонуудаас 2002 оны шилдгээр найруулагч Педро Альмодоварын Talk to Her (Hable con ella)-г нэрлэх нь зөв болов уу. BAFTA, Алтан бөмбөрцөг, Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх кино, Оскарын шилдэг зохиолын шагналыг хүртсэн энэхүү кино дан ганц 2002 он гэлтгүй 2000-аад оны шилдгүүдийн нэгэнд нэрлэгддэг болно.

2003 он: Good Bye, Lenin!

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 17)

Жүжигчин Луи Гаррель, Эва Грин нарыг дэлхий нийтэд танилцуулсан The Dreamers, Ларс фон Триерийн авангард бүтээл Dogville, Тим Бертоны шилдгүүдийн нэг Big Fish, найруулагч Ричард Куртисын зул сарын сэдэвт хамгийн шилдэг киноны нэг Love Actually, найруулагч София Копполагийн хамгийн шилдэг бүтээл Lost in Translation, Клинт Иствудийн Mystic River, Өмнөд Солонгосын нэрт найруулагч Пак Чан-Вукын Oldboy, Вачовскгийн ах дүүсийн Matrix цувралын Reloaded, Revolutions ангиуд, Квентин Тарантиногийн Kill Bill, Бөгжний эзэн цувралын төгсгөлийн анги The Return of the King, Finding Nemo зэрэг кинонууд 2003 нээлтээ хийжээ. Энэ жилийн шилдгээр хүйтэн дайн дуусаж, Берлиний хана нурсан үйл явдалтай холбон бүтээсэн Герман уран бүтээлчдийн Good Bye, Lenin! Киног нэрлэлээ.

2004 он: Eternal Sunshine of the Spotless Mind

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 18)

2003 ба 2004 оныг дамжин гарсан Шарлиз Тероныг 2004 оны Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд хүргэсэн Monster, Найруулагч Зак Снайдерийн бүтээсэн 1978 оны ижил нэртэй киноны шинэчлэгдсэн хувилбар Dawn of the Dead, гарсан даруйдаа нэлээд шуугиан дэгдээж аймшгийн төрлийн шилдэг найруулагч Жеймс Ваныг дэлхийд танилцуулсан Saw, зомбитой кинонуудын пароди найруулагч Эдгар Врайтын Shaun of the Dead, Тройн туулийн дэлгэцийн бүтээл Troy, Клинт Иствудын Оскарын шагналт Million Dollar Baby, жүжигчин Жим Кавиезелийн карьерыг дуусгаж бөөн маргаан дэгдээсэн найруулагч Мел Гибсоны The Passion of the Christ, Хаяао Мияазакигийн Howl's Moving Castle, Гильермо Дель Торогийн одоог хүртэл дуусгаж чадаагүй байгаа Hellboy цувралын эхний анги, энэ онд хоёрдугаар анги нь гарсан The Incredibles, Kill Bill: Vol. 2 зэрэг кинонууд бүгд 2004 онд нээлтээ хийжээ. Энэ онд бүтээгдсэн кинонуудаас онцгойлох бүтээл бол Мишель Гондри найруулж, Жим Керри, Кейт Уинслет нар гол дүрүүдэд нь тоглосон Eternal Sunshine of the Spotless Mind юм. Кино зохиолыг Being John Malkovich, Adaptation, Anomalisa кинонуудын зохиолчоор ажилласан Чарли Кауфман бичсэн бөгөөд хүний дурсамж болон хайр дурлалын сэдвээр бүтээгдсэн энэхүү кино XXI зууны хамгийн шилдэг киноны нэгт нэрлэдэг юм.

2005: The Brokeback Mountain

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 19)

Найруулагч Кристофер Ноланы Batman цувралын эхлэл Batman Begins, Беннет Миллер найруулж Филип Сеймур Хофман гол дүрд тоглосон Capote, Рэйф Файнс, Рэйчел Вайс нарын гол дүрд нь тоглосон The Constant Gardener, 2004 онд TIFF дээр нээгдсэн ч албан ёсны нээлтээ 2005 он руу хойшлуулж тухайн жилийн Оскарын шилдэг болсон Crash, загалмайтны аян дайны сэдвээр ойрын 20 жилд бүтээгдсэн хамгийн шилдэг бүтээл болох найруулагч Ридли Скоттын Kingdom of Heaven, бестселлер номоос сэдэвлэн бүтээсэн Memoirs of a Geisha, найруулагч Стивен Спилбергийн Munich, нео нуар төрлөөр бүтээгдэж тухайн жилдээ өнгө болон орчны дүрслэлээрээ нэлээд шуугиан тарьсан Sin City нар энэ онд нээлтээ хийжээ. Харин 2005 оны шилдэг кино бол Тайван найруулагч Ан Лигийн найруулж, Хит Лежер, Жейк Жилленхол нар гол дүрүүдэд нь тоглосон The Brokeback Mountain юм. Ижил хүйстнүүдийн хайр дурлалын сэдэвтэй энэхүү бүтээл нь жинхэнэ шуугиан тарьсан бөгөөд дэлгэцэнд гаргахыг хориглох санал хүртэл дэвшүүлж байсан юм.

2006 он: The Lives of Others, Once

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 20)

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 21)

The Passion of the Christ-ын дуулианы дараа Мел Гибсон Apocalypto -г хийснээр эргэн ирж чадсан юм. Олон шүүмжлэгчдийн дүгнэдгээр 2006 оны хамгийн шилдэг кино бол найруулагч Алехандро Гонзалес Иньярритугийн Babel юм. Мөн Саша Барон Коений гол дүрд нь тоглож маш их хэл ам дагуулсан Borat:Cultural Learnings of America for Make Benefit Glorious Nation of Kazakstan, Дэниел Крэйг Бондын дүрээр анх удаа дэлгэцэнд амилсан Casino Royale, найруулагч Альфонсо Куароны найруулж тухайн жилдээ АНУ-ын томоохон хэвлэлүүдийн сонгосон шилдэг 10 кинонд багтсан Children of Men, 2002 онд Хонг Конгод хийгдэж байсан Internal Affairs киноны Америк хувилбар, найруулагч Мартин Скорсезегийн The Departed, The Devil Wears Prada, The Illusionist, Letters From Iwo Jima, Little Miss Sunshine, Форест Витакерын Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн The Last King of Scotland, Хелен Миррений гол дүрд нь тоглосон The Queen, Кристофер Ноланы The Prestige зэрэг олон шилдэг кино 2006 онд нээлтээ хийсэн юм. Эдгээр киноноос 2006 оны шилдэг кинонд дараах хоёр киног нэрлэхээр шийдлээ. Эхний кино бол найруулагч Флориан Хенкел вон Доннершмакын The Lives of Others. Хүйтэн дайны үеийн Зүүн Германы нууц албаны ажиллагаатай холбоотой энэ кино Германы кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг киноны нэг яах аргагүй мөн. Найруулагч энэхүү киног бүтээхэд нийт гурван жилийн хугацааг зарцуулсан бөгөөд тухайн жилийн Оскарт шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг авч байсан юм. Хөгжимт киноны одоо цагийн шилдгүүдийн нэг бол Ирландын кино найруулагч, зохиолч Жон Карнигийн найруулсан Once. Ирландын кино зөвлөлийн хандив болон найруулагчийн хувийн санхүүжилтээр маш бага хэмжээний зардлаар бүтсэн энэ кино богино хугацаанд амжилтанд хүрч Оскарын шагналын шилдэг дуу шагналыг хүртэж байсан. Улмаар киноны амжилт найруулагч Жон Карнид цаашид томоохон төсөвтэй кино бүтээх боломжийг олгосон бөгөөд сүүлд Begin Again, Sing Street гэсэн кинонуудыг найруулаад байна.

2007 он: There Will Be Blood

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 22)

Энэ онд хөгжим дуутай холбоотой хоёр шилдэг бүтээл дэлгэцэнд амилсан. Домогт The Beatles хамтлагийн дуунуудаар сэдэвлэн бүтээсэн мюзикл Across the Universe, Францын домогт дуучин Эдит Пиафын амьдралаас сэдэвлэн бүтээж үзэсгэлэнт Марион Котийярын гол дүрд нь тоглосон La Vie En Rose нар юм. Мөн аймшгийн киноны төрөлд өндрөөр үнэлэгддэг The Orphanage, Коений ахан дүүсийн гол бүтээл No Country For Old Men, Жейсон Рaйтманы өндрөөр үнэлэгддэг Juno, жүжигчин Шон Пенний найруулагчийн карьерын анхны кино Into the Wild, жүжигчин Бен Аффлекийн найруулагчийн хувиар хийсэн анхны кино Gone Baby Gone, Тим Бертон Sweeny Todd: The Demon Barber of Fleet Street, Ratatouille зэрэг олон шилдэг кинонууд нээлтээ хийсэн юм. Харин 2006 оны шилдэг бүтээлээр Пол Томас Андерсон найруулж Дэниел Дэй Льюис гол дүрд нь тоглон Оксарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн There Will Be Blood-ыг сонголоо.

2008 он: Wall-E

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 23)

Бараг мартагдаад байсан жүжигчин Мики Рурк The Wrestler кинонд тоглосноос том дэлгэцэнд дахин төрж чадсан юм. Энэ онд жүжигчин Кейт Уинслетийг гол дүрд нь тоглосон The Reader, The Revolutionary Road кинонууд нээлтээ хийсэн байгаа. Сонирхолтой нь тэрээр Оскарт The Reader кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн. Avengers-ын ертөнцийн анхны кино болох Iron Man, Орчин цагийн хамгийн шилдэг цус сорогчтой кино хэмээх тодотголыг эзэмшигч Шведийн кино найруулагч Томаш Алфредсоны Let the Right One In, Клинт Иствудийн Gran Torino, ABBA хамтлагийн дуунуудаар сэдэвлэн бүтээсэн мюзикл Mamma Mia!, Гус Ван Сант найруулж Шон Пенн гол дүрд нь тоглосон Milk, Дэвид Финчерийн The Curious Case of Benjamin Button, Кристофер Ноланы The Dark Knight, хайр татам секси цус сорогчдын тухай Twilight цувралын эхний анги, найруулагч Дэни Бойлын Оскарын шилдэг бүтээл Slumdog Millionaire нар энэ жил нээлтээ хийжээ. Мөн 21 жилийн дараа Францын уран бүтээлчдийг Каннын наадмын шилдгээр нэрлүүлсэн The Class (Entre les Murs)-ыг заавал дурдах ёстой. Харин 2009 оны шилдгээр Пиксар болон Дисней студийн бүтээсэн Wall-E - г нэрлэлээ. Энэ киноны хүнийг татах чадамж нь өөр ямар ч кинотой харьцуулшгүй онцгой бөгөөд сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг анимэйшн төрлийн кино юм.

2009 он: Crazy Heart

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 24)

Компьютер графикийг тултал ашиглаж энэ төрлийн кинонд шинэ стандартыг авчирсан олон кино энэ жил нээлтээ хийжээ. Найруулагч Жеймс Камероны бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино Аватар, Майкл Бэйн хэт хэтрүүлгийн оргил Transformers: Revenge of The Fallen, Terminator Salvation, Star Trek. Мөн тухайн жилүүдэд бараг харагдахаа байсан coming-of-age төрлийн кинo An Education, Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд Сандра Буллокыг түрүүлэхэд хүргэсэн The Blind Side, Тодд Филипсийн анхны блокбастер The Hangover үзэгчдийн хүртээл болсон юм. Мөн миний хувийн сонголтонд Харри Поттер цувралын хамгийн шилдэг анги гэж боддог Half Blood Prince, Квентин Тарантиногийн Inglourious Basterds, Дисней-Пиксар хослолын шилдэг бүтээлүүдийн нэг Up энэ онд нээлтээ хийжээ. Сонирхолтой нэгэн түүхийг эргэн сануулахад тухайн жилийн Оскарын шилдэг кино төрөлд ялагчаар найруулагч Жеймс Камероны Avatar кино тодрох магадлал хамгийн өндөр гэж байсан боловч энэхүү шагналыг мань эрийн хуучин эхнэр Кэтрин Бигелоу The Hurt Locker киногоороо хүртэж тус шагналыг хүртсэн анхны эмэгтэй найруулагч болж байсан юм. Харин миний хувьд энэ жилийн хамгийн шилдэг кино бол найруулагч Скот Куперын Crazy Heart байлаа. Кино зохиол, дүрслэл гээд олон зүйлээрээ дээрх бүтээлүүдээс энэ кино илүү гарч чадахгүй ч жүжигчин Жефф Брижес энэ киног бүхэлд нь өөр түвшинд хүргэж чадсан юм.

2010 он: The Social Network

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 25)

Даррен Аронофскийн найруулж Натали Портман гол дүрийг нь бүтээсэн Black Swan - аар 2010 оны шилдгүүдийг эхлүүлье. Мөн одоо болтол амжилттай үргэлжилж байгаа Despicable Me, How to Train Your Dragon кинонууд энэ онд нээлтээ хийжээ. Найруулагч Кристофер Ноланы шуугиан дагуулж байсан Inception, Роман Поланскигийн The Ghost Writer, Том Хуперын The King's Speech, Toy Story 3, Коен ахан дүүсийн True Grit зэрэг шилдэг кинонууд энэ онд нээлтээ хийсэн юм. Харин би хувьдаа 2010 оны шилдгээр найруулагч Дэвид Финчерийн The Social Network киног нэрлэлээ. Ер нь энэ киноны бүх зүйл нь төгс байсан гэж хэлж болно. Тус киноны зохиолыг нь A Few Good Man, Charlie Wilson's War, West Wing-ын зохиолч Аарон Соркин бичиж, зургийн багийг Дэвид Финчертэй хамт Fight Club кино дээр ажиллаж байсан Жефф Кроневет ажилласан юм.

2011 он: A Separation

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 26)

Николас Виндин Рефний найруулж Райн Гослинг, Кэри Маллиган нарын гол дүрд нь тоглосон Drive, Дэвид Финчерийн найруулсан The Girls With the Dragon Tattoo, Ларс фон Триерийн Melancholia, Вуди Аллены Midnight in Paris, Томас Альфредсоны Tinker Tailor Soldier Spy, тухайн жилийн Оскарын шилдэг The Artist, Moneyball зэрэг кинонууд 2011 онд нээлтээ хийжээ. Харин энэ жилийн хамгийн шилдэг кино Ираны кино найруулагч Асгар Фархадигийн A Separation юм. Зарим тохиолдолд шилдэг бүтээлийг ямар ч байдлаар магтах нь утгагүй санагддаг ч магадгүй энэ кино өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь хамгийн шилдэг кино ч байж мэдэх юм.

2012 он: Amour

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 27)

АНУ-ын 16 дах ерөнхийлөгч Линкольны амьдралын сүүлийн саруудын тухай өгүүлэх найруулагч Стивен Спилбергийн Lincoln. Энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Дэниел Дэй Льюис Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг дахин нэг удаа хүртжээ. Амжилттай хоёр ч ангийг араасаа дагуулсан Hunger Games, Тарантиногийн Django Unchained, Кристофер Ноланы Batman цувралын сүүлийн анги The Dark Knight Rises, Ан Лигийн Life Of Pi, Marvel-ын Avangers цувралын анхны анги, найруулагч Дрю Годдардын The Cabin in the Woods зэрэг кинонууд энэ онд нээлтээ хийсэн бөгөөд 2012 оны хамгийн шилдэг киногоор Австрийн кино найруулагч Майкл Ханекегийн Amour-ыг сонголоо. Жан Луи Трентиньян, Эммануэль Рива нар энэхүү киноны гол дүрүүдэд тоглох үедээ аль хэдийн 80 насны босго давсан байсан билээ. Уг кино нь хүний амьдралын үнэ цэнэ, жинхэнэ хайрын тухай өгүүлэх, сэтгэл хөдөлгөм түүх юм. Залуу хүмүүст энэ киног заавал үзэхийг зөвлөж байна. Энэхүү киноны гол дүр Эммануэль Рива нь Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн Silver Lining Playbook киноны гол дүр Женнифер Лоуренст ялагдаж тухайн үедээ маш том маргааныг дэгдээж байсан юм.

2013 он: Her

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 28)

Юуны түрүүнд Мартин Скорсезегийн The Wolf of Wall Street-ийг дурдах ёстой. 12 Years a Slave, Butler, Марк Форстерийн найруулж Брэд Питтийн гол дүрд нь тоглосон World War Z, Superman цувралын эхний кино Man of Steel, найруулагч Александр Пэйний Nebraska зэрэг кинонууд 2013 онд нээлтээ хийсэн. Харин энэ жилийн хамгийн шилдэг кино Спайк Жонс найруулж, Хаокин Феникс гол дүрд нь тоглосон Her кино байсан юм. Уг киноны зураг авалтын болон өнгөний ажлыг шүүмжлэгчид тун сайшаадаг. Кино төсөл эхлэхэд найруулагч Жонсын хамтрагч Lost in Translation, Adoration, Being John Malkovich кинонууд дээр зургийн багийг ахалж байсан Ленс Акорд ажиллах боломжгүй байсан тул Томаш Альфредсоны кинонууд дээр ажилласан Швейцарын синематографор Хойт ван Хойтемаг авч ажиллуулсан бөгөөд тэрээр уг киноны өвөрмөц шийдлийг тун гайхалтай буулгаж чадсан юм. Энэ киноны дараа Хойт ван Хойтема Interstellar, Spectre, Dunkirk кинонуудын зургийн багийг ахалж ажиллажээ.

2014 он: Interstellar

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 29)

Нийт 11 жилийн туршид зураг авалт нь үргэлжилсэн найруулагч Ричард Линклейтерийн Boyhood, бестселлер номоос сэдэвлэн бүтээсэн The Fault in Our Stars, Foxcatcher, Дэвид Финчерийн Gone Girl, Бенедикт Камбербэтчын гол дүрд нь тоглосон The Imitation Game, Пол Томас Андерсоны Inherent Vice, Дэмиен Шазелл найруулж Майлс Теллер гол дүрийг нь бүтээсэн Whiplash, Клинт Иствудийн American Sniper, найруулагч Вес Андерсоны хосгүй бүтээл The Grand Budapest Hotel нар 2014 онд нээлтээ хийжээ. Гэхдээ би энэ жилийн хамгийн шилдэг киногоор найруулагч Кристофер Ноланы Interstellar киног нэрлэхээр шийдлээ.

2015 он: The Revenant

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 30)

Найруулагч Адам Маккейн The Big Short нь 2008 оны сабпраймын бондын хямралын тухай сэдвээр бүтээгдсэн гэхэд ийм хэмжээний үйл явдалтай болж чадсан нь тун сонирхолтой. Найруулагч Стивен Спилбергийн Bridge of Spies, Тодд Хейнсийн Carol, Квентин Тарантиногийн The Hateful Eight ба Inside Out, The Martian дэлгэцнээ танилцуулагдсан байгаа. Түүнчлэн найруулагч Жорж Миллерийн бүтэн 20 гаруй жилийг зарцуулан босгосон Mad Max: Fury Road кино 2015 онд нээлтээ хийжээ. Энэ жил гарсан бүх киноноос найруулагч Алехандро Гонзалес Иньярритугийн The Revenant-ыг шилдгээр нэрлэж байна. Киноны гол дүрд Леонардо Ди Каприо тоглосон бөгөөд тэр энэ кинонд тоглох хүртлээ Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж амжаагүй байсан юм. Кино өөрөө маш сайн болсон бөгөөд зураг авалтын тавилтуудыг Оросын домогт найруулагч Тарковскигоос ерөнхийдөө хуулбарласан нь ч уг киног амжилтанд хүрэхэд тун их нөлөөлсөн юм.

2016 он: La La Land 

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 31)

Харри Поттерын буюу Шидэт ертөнцийн цувралын хамгийн анхны анги Fantastic Beasts and Where to Find Them, Америкийн театрын хамгийн шилдэг жүжгийн нэг Fences-ээс сэдэвлэн бүтээсэн ижил нэртэй кинонууд энэ онд гарсан байгаа. Мөн найруулагч Мел Гибсоны дэлхийн II дайны сэдэвт Hacksaw Ridge нарыг дурдах ёстой байх. Оскарт ширүүн өрсөлдсөн Loving, Machester by the Sea, Moonlight нар мөн энэ жагсаалтад заавал орох ёстой юм. Жим Жармушийн Paterson, загвар зохион бүтээгч Том Фордын Nocturnal Animals зэрэг кинонууд ч бас нээлтээ хийжээ. Харин энэ жилийн хамгийн шилдэг кино мэдээж найруулагч Дэмиен Шазеллын La La Land юм. Саяхны болсон үйл явдал учраас дэлгэрэнгүй тайлбарлах нь илүүц биз ээ.

2017 он: Three Billboards Outside Ebbing, Missouri 

Өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн шилдэг кинонууд (фото 32)

Хамгийн түрүүнд Икс хүмүүс цувралын Logan орно. Жүжигчин Хью Жекман албан ёсоор Волвериний дүрийг бүтээсэн сүүлийн кино нь байв. Blade Runner 2049, Coco, Get Out, Кристофер Ноланы дэлхийн II дайны сэдэвт Dunkirk, Гильермо Дель Торогийн Оскар шилдэг The Shape of Water зэрэг бүтээлүүдийг шилдэг бүтээлийн жагсаалтад багтааж болох юм. Ингээд ч зогсохгүй 2017 он эмэгтэй найруулагчдын хувьд том жил болов. DC-ийн ертөнцийн Wonder Woman-ы эхний ангийг найруулагч Пэтти Женкинс найруулж эмэгтэй найруулагчдын бокс оффисын дээд рекордыг тогтоосон байдаг. Мөн жүжигчин Грета Гервиг зохиолыг нь бичиж найруулсан Lady Bird, бараг бүх кино наадмуудын шилдэгт өрсөлдөв. Миний хувьд 2017 оны шилдэг Three Billboards Outside Ebbing, Missouri байлаа.

цааш үзэх