Хайх

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ?

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ?

Дэлгэрэнгүй түүх

Text: Buro.Mongolia


Зураг:

Ballet Insider сэтгүүлийн ерөнхий редактор Алиса Асланова модерн бүжгийн онцлог болон хэрхэн энэхүү урсгал гарч ирсэн тухай ярьж байна

Орчин үеийн бүжиг одоогийн түвшинд хүрэхийн тулд маш урт замыг туулсан байдаг. Хамгийн анх модерн бүжиг нь балет урлагийн эсрэгцэл болон гарч ирсэн юм. Хэрэв балетад хатуу дэг журам, шатлан захирах ёс тогтсон байдаг бол модерн бүжиг хувийн онцлог шинж дээр суурилсан философитой байв.

Бүх зүйл хэрхэн эхэлсэн бэ?

Бүх зүйл XIX зууны сүүлчээр францын дуучин, багш, тайзны урлагийн онолч Франсуа Дельсартаас эхлэлтэй. Дельсарт хамгийн анх модерн бүжгийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон байдаг. Товчхондоо түүний үзсэнээр бол ямар нэг тогтсон журмаас үл хамаарах үйл хөдлөл хамгийн чухал байсан юм. Тэрбээр энэ системийг бүжигчдэд гэхээсээ илүүтэй жүжигчид болон дуучдад зориулж гаргасан ч энэ нь бүжгийн ертөнцөд суурьшсан билээ.

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ? (фото 1)

Яг энэ үед Дрезденд хэмнэлийн институт нээгдсэн юм. Тэнд швейцарийн хөгжмийн зохиолч Эмиль Жак-Далькроз багшилж байжээ. Тухайн үед түүний хамгийн авьяаслаг шавь нь германы бүжигчин Мэри Вигман байсан бөгөөд тэрээр хожим нь экспрессионист бүжгийн үндэслэгч хэмээн түүхэнд үлдэх болно. Хамгийн анх Вигман уламжлалт, "сайхан" хэмээн тооцогдож байсан бүжгийн хөдөлгөөнөөс татгалзсан юм. Тэгэхдээ Мэри Вигманд Далькрозоос гадна бүжигчин, багш Рудольф фон Лабан асар их нөлөө үзүүлсэн байдаг. Лабан 1928 онд лабанотаци буюу энгийн зургуудын тусламжтай хүний хөдөлгөөнийг бичиж авах аргачлалыг зохион бүтээжээ. Энэхүү системийг видео бичлэгээс суралцах боломж гарч ирэх хүртэл балетын урлагт олон жил ашиглаж байсан юм. Лабаны системээр бичсэн бүжиг ингэж харагддаг.

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ? (фото 2)

Айседора Дункан ( үнэн хэрэгтээ хэн нь шинийг сэдэгч вэ?)

Модерн бүжгийг ихэвчлэн америкийн бүжигчин Айседора Дункантай холбодог. Түүнийг чөлөөт бүжгийн үндэслэгч гэж үздэг. Гэвч Айседора Дунканы өмнө Лои Фуллер энэ бүгдийг хийж байсан юм. Фуллер бүжигт техникийн шинэчлэлт хийсэн гэж хэлж болно. Лои Фуллер өөрийн үзүүлбэрт хамгийн анх даавуу болон гэрлийг ашигласан. Лои Фуллер Парисын "Фоли Бержер" кабаред бүжиглэдэг байх үед түүний хамгийн алдартай үзүүлбэр нь "Серпантин" бүжиг байсан юм. Тэрээр энэ бүжгийг асар том хоёр цагаан даавуу болон гэрлийн эффект оруулан бүжиглэдэг байв. Саяхан Лои Фуллер болон залуухан Айседора Дункан хоёрын тухай өгүүлэх "The Dancer" кино гарсан байгаа. Мэдээж энэ киноны үйл явдалд зохиомол зүйл олон ч модерн бүжиг хэрхэн төрснийг харуулдаг.

Ингээд бид та бүгдийг төөрөгдүүлэхгүйн тулд дэлгэрэнгүй схем зурлаа. Эндээс орчин үеийн бүжигт хэн нь хэнд нөлөөлсөн болохыг харуулах болно.

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ? (фото 3)

Зураг дээр дарж томоор харна уу

Агуу бүжигчид хаана суралцсан бэ?

Хамгийн анх америкт "Денишоун" гэдэг бүжгийн сургуулийг бүжиг дэглээч Рут Сен-Дени ба Тед Шоун нар 1915 онд нээсэн. Сен-Дени Дорно дахины соёлыг сонирхдог байсан тул бүжгийг зан үйл, ёслол мэтээр хүлээн авдаг байжээ. Харин Шоун эрчүүдэд зориулсан бүжгийн техник зохион бүтээснээр эрэгтэй бүжигчдийн тухай өмнө нь оршиж байсан бүх хандлагыг эвдсэн. "Денишоун" сургууль маш олон төрлийн сургалтын хөтөлбөртэй байжээ. Жишээ нь йога, балет, үндэсний хэв маяг, шашин, философи, Дельсартын зарчим болон бусад хичээлүүдтэй. Энэ бүгдийн хослол цоо шинэ бүжигчдийн эрин үеийг бий болгосон юм. Эдгээр бүжигчдийн дундаас хамгийн алдартай нь "Агуу дөрөв" гэгдэх гэх америкийн модерн бүжгийн үндэслэгчид байлаа. Тэднийг дурдвал Марта Грэм, Дорис Хамфри, Чарльз Вейдман болон Жак-Далькрозын бас нэг шавь Ханья Хольм нар юм. Гэхдээ Сен-Дени ба Шоун нарын хагарлаас болж энэхүү сургууль хаагдсан байна.

Шоун 1931 онд ферм худалдаж аваад, Спрингфилдийн коллежийн найман оюутан болон "Денишоун"-ы бүжигчин Бартон Мумоуг урьж, зөвхөн эрэгтэй бүжигчдээс бүрдсэн, хувьсал хийсэн бүжигчдийн багийг бүрдүүлж чаджээ. Ингээд "Тед Шоун ба түүний бүжигчид" АНУ, Их Британи, Куба, Канад зэрэг улсуудаар аялан тоглолт хийж, нийтдээ хагас сая үзэгчдийн өмнө бүжиглэж асар их амжитанд хүрсэн байдаг.

Марта Грэмийн тухай

Дээр дурдсанчлан Марта Грэм бол домог. Бүжиг дэглээч, найруулагч, бүжигчин, хувцас зохион бүтээгч гээд тэр маш олон чадвартай байсан. Марта Грэм этний Грекийн домгоос бүтээлч урмаа авдаг байсан юм. Уран зохиолд тийм ч их чухалчилдаггүй байсан туслах дүрүүдийн түүх түүний сонирхлыг ихээхэн татдаг аж. Тухайлбал Орест ба Электра нарын тухай домогт гардаг Клитемнестраг дурдаж болно.

Марта Грэмийн өв залгамж одоо ч байдаг. Marta Graham Dance Company гэх бүжигчдийн баг болон уран бүтээлчид түүний боловсруулсан "Шахалт ба суллалт" гэдэг техникийг үеэс үед ашигласаар ирсэн. Грэмийн үзэж буйгаар бол физик хөдөлгөөн хүний амьсгал ба амьсгалын үйл явцад болдог анатомийн өөрчлөлтөнд захирагддаг гэнэ.

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ? (фото 4)

Таны Мерс Каннингемийн тухай мэдэхийг хүссэн бүх зүйл

Мерс Каннингем зургаан жилийн турш Марта Грэмийн бүжгийн багт гоцлол бүжигчнээр ажилласан байна. Тэрээр модерн бүжиг ба орчин үеийн бүжиг дэглэлтийн хооронд гүүр барьсан бөгөөд энэхүү бүжигт хандах хандлагийг тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болно. Каннингем хийсвэрлэл, ямар ч зорилгогүй зохиол зэрэгт анхдагч нь байж, заавал ямар нэг түүх өгүүлэх ёстой байдлыг эсэргүүцэж, бүжгийг хөгжмөөс хамааралгүй болгож, бүжигчдийн дундах шатлан захирах ёсыг үгүй хийсэн юм. Мөн хамгийн анх Каннингем компьютерын технологийг бүжиг дэглэлтдээ ашигласан байдаг.

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ? (фото 5)

Мерс Каннингемаас үйл хөдлөлийн урлагийн эрин үе эхэлсэн гэдэг. Ямар ч тайзны гэрэл, костюм шаардлагагүй, дүрэм журамгүй, хил хязгааргүй бүжгийн урлаг хөгжсөн байна. Бүхий л санаагаа хэргжүүлж, өөрөө санаачлан зохиох нь үйл хөдлөлийн урлагт хамгийн чухал хэрэгсэл нь болж, харин биеийн ямар ч хөдөлгөөн бүжиг болон хувирсан юм. Мэдээж пост модерн бүжгийн бүх төлөөлөгчдийг дурдвал, тусад нь нэг нийтлэл бичих хэрэг гарна. Тэгэхдээ заавал мэдэж байх ёстой нэрс ч байгаа. Тэдний нэг бол Триша Браун юм. Тэрээр хамгийн анх өөрийн бүжгийг тайзнаас гадуур (жишээ нь дээвэр дээр, гудамжинд) үзүүлж эхэлсэн. Триша Брауны "Walking on the Wall" үзүүлбэрт хүмүүс ханан дээгүүр явж байсан бөгөөд үүнээс хойш бүжгийн салбарт жинхэнэ цуврал туршилтууд эхэлсэн гэж хэлж болно.

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ? (фото 6)

цааш үзэх