Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Silhouette Tuesday хамтлаг

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Silhouette Tuesday хамтлаг

Монголын хөгжмийн салбарт урьд өмнө нь эгшиглэж байгаагүй урсгалаар тоглодог Silhouette Tuesday хамтлаг

Text: Ц.Намуун


Шинэ соргог зүйлсийг нээж уншигчиддаа танилцуулах хүсэлтэй BURO-гийн анхаарлыг энэ удаа постпанк, шугейз, нью-вейв урсгалаар уран бүтээлээ туурвидаг Silhouette Tuesday хамтлаг татлаа

Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Sofar Sounds хэмээх хөгжмийн арга хэмжээнд оролцохдоо ойрд мэдрээгүй шинэ аялгуу, өвөрмөц мэдрэмжийг авсан нь Silhouette Tuesday хамтлаг байв. Олны танил уран бүтээлчдээс гадна шинэ залуу артистуудыг танилцуулдаг энэхүү арга хэмжээнд тэд анх удаагаа оролцож байгаа нь энэ ажээ. Silhouette Tuesday хамтлаг үүсгэн байгуулагдаад ердөө нэг жил болж байгаа ч аль хэдийн өөрсдийн сонсогч, шүтэн бишрэгчидтэй болоод амжсан нь үзэгчдийн сэтгэл хөдлөлөөс анзаарагдаж байлаа. Тэд Sofar Sounds үдэшлэг дээр “Ханиад”, “Sunflower”, “Pictures of You” хэмээх уран бүтээлүүдээ толилуулсан юм.

Постпанк, шугейз болон нью-вейв гээд Монголын хөгжмийн салбарт урьд өмнө нь эгшиглэж байгаагүй урсгалаар тоглодог Silhouette Tuesday хамтлаг дуучин Масаки, эксперименталист гитарчин Үлэмж, гоцлол гитарчин Буджав, аргил гитарчин Дөлгөөн, бөмбөрчин Сэндэр нараас бүрддэг. Тэд өнгөрсөн жил анх удаа Playtime наадамд оролцохдоо шинэ артистуудад зориулсан “New Wave” тайзан дээр уран бүтээлээ толилуулж байсан ч 2019 оны Playtime наадмын хоёр дах өдрийн онцлох уран бүтээлчээр сонгогдсон байна. Түүнчлэн Playtime наадмын зохион байгуулагч санаачлагч, захирал Ц.Нацагдорж нэгэн ярилцлагадаа Silhouette Tuesday-ийг дуртай хамтлагийн нэгээр нэрлэсэн нь тэднийг өсөх ирээдүйтэй уран бүтээлчид болохыг батлах мэт байлаа.

Silhouette Tuesday хамтлаг энэ удаад BURO-гийн уншигчдад зориулан өөрсдийн сонсох дуртай дуунуудаа хуваалцсан бөгөөд анхны цомгоо тун удахгүй гаргахаар төлөвлөн ажиллаж буйгаа онцоллоо. Сонирхуулж хэлэхэд тавдугаар сарын 25 буюу энэ бямба гаригт тэд улирал бүр зохион байгуулдаг Silhouette Saturday үдэшлэгээ Dr.Martens брэнд, MASTERPLAN артист менежмент компанитай хамтран Corporate Hotel and Convention Center дахь View Lounge-д зохион байгуулахаар болжээ. Ингээд Silhouette Tuesday хамтлагийнхны өвөрмөц ертөнцтэй танилцана уу.

Гэрэл зургийг @Suniko.b

Бөмбөрчин Сэндэр

Гоцлол гитарчин Буджав

Дуучин Масаки

Аргил гитарчин Дөлгөөн

Эксперименталист гитарчин Үлэмж

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх