Хайх

2019 оны хамгийн эрэлттэй 10 цувралыг IMDb нэрлэлээ

2019 оны хамгийн эрэлттэй 10 цувралыг IMDb нэрлэлээ

"Sex Education", "Stranger Things", "Game of Thrones" болон бусад

Text: Бюро 24/7


Зураг:

IMDb кино мэдээллийн сан улирч буй оны хамгийн эрэлттэй телевизийн цувралуудыг нэрлэсэн байна. Жагсаалтад орсон 10 цувралыг кино шүүмжлэгчдийн үнэлгээ дээр бус хүмүүсийн IMDb-гийн вебсайтаас хайсан хайлтын дагуу боловсруулжээ. Өөрөөр хэлбэл эдгээр бүтээлүүд нь өнгөрсөн жилийн турш үзэгчдийн дунд өндөр эрэлттэй байж, тэдний сонирхлыг хамгийн ихээр татсан цувралууд гэсэн үг юм.

10. "You"

Пенн Бэджлигийн тоглосон сэтгэл зүйн триллер. Үйл явдалд Жо хэмээх дур булаам атлаа жихүүдэс хүргэм мөшгөгчийн талаар өгүүлэх болно. Цувралын хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 26-нд Netflix-ээр цацагдана.

9. "Sex Education"

Сексологич ээжийнхээ туршлагыг ашиглан ангийнхаа хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгодог ахлах сургуулийн сурагч хүүгийн тухай цуврал дэлхий дахиныг байлдан дагуулсан билээ. Цувралын хоёрдугаар улирал 2020 оны нэгдүгээр сарын 17-нд Netflix дээр нээлтээ хийнэ.

8. "Peaky Blinders"

Томми Шелби ба түүний удирддаг аюултай гэмт хэргийн бүлэглэл таван улирлын турш дэлгэцнээ гарч байгаа билээ. Гол дүрд Киллиан Мерфи чадварлагаар тоглосон байгаа.

7. "The Walking Dead"

Алдарт кино найруулагч Фрэнк Дарабонтын уг бүтээл нь зомбиг эргээд догь болгож, үзэгчдийг айдас хүйдэст автуулж чадсан юм. AMC суваг олон сая шүтэн бишрэгчтэй цувралын 11-р бүлгийг хийхээ саяхан албан ёсоор мэдэгдсэн байгаа.

6. "Black Mirror"

Технологийн хөгжил ба хүн төрөлхтний хар бараан тал нэгдэхээрээ юу болдгийг харахыг хүсвэл Чарли Брукерын бүтээсэн "Black Mirror" цувралыг үзээрэй.

5. "The Boys"

Amazon Prime стриминг тавцангийн бүтээсэн уг цувралд супер баатруудын амьдралыг огт өөр өнцгөөс харуулах болно. Цувралын хоёрдугаар улирал 2020 онд гарах нь тодорхой болсон байна.

4. "The Umbrella Academy"

Ер бусын хүчтэй хүүхдүүд суралцдаг супер баатруудын академийн тухай өгүүлэх энэхүү цувралын зохиолыг My Chemical Romance хамтлагийн дуучин Жерард Уэй бичжээ. Одоогоор хоёрдугаар улирлын зураг авалт хийгдэж эхлээд байна.

3. "Stranger Things"

Даффер ах дүүсийн бүтээсэн энэхүү уран зөгнөлт цуврал нь Netflix-ийн түүхэнд төрсөн хамгийн их үзэлттэй (64 сая) цуврал юм. Үйл явдалд супер хүчтэй хүүхэд, харь гарагийн мангасуудаас гадна гайхалтай ая дуунууд эгшиглэх болно.

2. "Chernobyl"

HBO сувгийн бүтээсэн тус бүтээл нь таныг 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станц дээр болсон аймшигт ослын өдөр аваачих болно. Мөн энэхүү цуврал нь ЗХУ-ын уур амьсгал, юу ч гадарлалгүй амьдарч байгаа энгийн иргэд, өндөр албан тушаалтнуудын зан авир гээд тухайн үед болсон үйл явдлыг нарийн детальтай харуулснаараа онцлог болсон юм.

1. "Game of Thrones"

HBO сувгийн алдарт бүтээлийг танилцуулах шаардлагагүй биз ээ. Ямартаа ч цувралын төгсгөлийн улирал танд таалагдсан ч бай, үгүй бай ч энэ жил үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байжээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх