Диана гүнж, Маргарет Тэтчер: "The Crown 4" цувралын шинэ зургуудыг харцгаая
Дөрөвдүгээр улирлын албан ёсны зургууд цацагдлаа
2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд Netflix стриминг тавцангаар "The Crown" цувралын дөрөвдүгээр улирал цацагдана. Харин үүнээс өмнө тэд цувралын албан ёсны зургуудыг харууллаа.
Уламжлал ёсоор гуравдугаар улиралд гол дүрийг бүтээсэн жүжигчид дөрөвдүгээр улиралд эргэн ирдэг билээ. Тухайлбал Оскарын шагналт жүжигчин Оливия Колман хатан хаан II Элизабетийн дүрдээ эргэн ирж байгаа юм. Мөн түүний нөхөр хунтайж Филиппийн дүрд Тобайас Мензис, хатан хааны дүү Маргарет гүнжид Хелена Бонэм Картер нар тус, тус тоглох болно.
Дөрөвдүгээр улирлын бас нэгэн чухал баатар нь Их Британийн ерөнхий сайд асан, төмөр хатагтай Маргарет Тэтчер юм. Түүнийг дүрийг жүжигчин Жилиан Андерсон бүтээжээ.
Харин Их Британийн хатан хааны гэр бүлийн залуу гишүүдийн хувьд үзэгчид дөрөвдүгээр улиралд анх удаа залуу Диана гүнжтэй танилцах болно. Олонд төдийлөн танигдаагүй залуу жүжигчин Эмма Корин гүнжийг дэлгэцнээ амилуулахаар болсон бол хунтайж Чарльзын дүрд өмнөх улиралд тоглосон Жош O'Коннор дүрээ дахин бүтээхээр болжээ. Мөн Эрин Доэрти болон Эмералд Феннел нар Анна гүнж болон Камилла Паркер Боулз нарын дүрд үргэлжлүүлэн тоглосон байна.
Шинээр цацагдсан зургуудаас харахад "The Crown" цувралын дөрөвдүгээр улирлын үйл явдал 1980 болон 1990-ээд оны эхэн үед өрнөх төлөвтэй байна. Хатан хааны гэр бүлийн хувьд энэ нь Маргарет Тэтчерийн эрх барьсан (1979-1990) чухал атлаа адармаатай үе, Диана гүнж, хунтайж Чарльз нарын гэрлэлт болон салалт давхацсан үе зэрэг улс төр болон хувийн амьдралын хувьд ээдрээтэй үйл явдлуудаар дүүрэн он цаг байсан юм.