Дуучин Билли Айлиш яагаад бусад уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсдэггүй вэ?
Тэрээр ганцаараа ажиллахыг илүүд үздэг
Яг одоо дуучин Билли Айлиштай хамтарч ажиллах хүсэлтэй олон уран бүтээлч байгаа ч тэрээр ганцаараа ажиллахыг илүүд үздэг болохоо илэрхийлжээ. Тодруулбал дуучин Билли Айлиш Spin сэтгүүлд өгсөн ярилцлагадаа яагаад бусад уран бүтээлчидтэй хамтарч ажиллах хүсэлгүй байдгаа тайлбарласан байна.
Тэрээр "Би өөр хүмүүстэй хамтарч ажиллах дургүй. Энэ мөчид би өөрийгөө их хачин мэдэрдэг. Яагаад ч юм би нөхөрлөлийг дуу хөгжимтэй хольж хутгах дургүй. Би бүр дуунуудаа бэлэн болтол нь найзууддаа хүртэл сонсгодоггүй. Бас ажлаа хийж байх үед хүмүүс ажиглаад байгаа нь надад таалагддаггүй. Би ганцаараа байхдаа тухтай байдаг учраас бүх зүйл OK" гэж хэлжээ.
Билли Айлиш өмнө нь мөн The Guardian сонинд ярилцлага өгөхдөө бусад уран бүтээлчидтэй хамтарч ажиллах сонирхолгүй байгаа гэдгээ хуваалцаж байсан юм.