Хайх

Instagram-ын инфлюэнсерүүд үнэн төрхөө хуваалцаж байна

Instagram-ын инфлюэнсерүүд үнэн төрхөө хуваалцаж байна

Text: О.Нандий


Зураг:

Энэ бүхэн бодит биш юм шүү! Өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулах #igvsreality хэштаг олширч байна

Нүх сэвгүй гөлгөр арьс, мэргэжлийн салоноос гарсан мэт торгомсог үс, үнэтэй трендлэг эдлэл өмсөж зүүсэн сая сая дагагчтай Instagram-ын инфлюэнсерүүд бүх улс оронд бий.

Тэд төгс зураг тавих гэж олон цагийн хүчин чармайлт зарцуулдаг бөгөөд олон зураг дарсны эцэст нэг төгс зураг сонгоод түүнийгээ хэд дахин засварт оруулан өнгө гэрлээс эхлээд зүс царай, биеийн хэлбэрээ хүртэл тусгай аппликэйшний тусламжтай засварт оруулж зургаа нийтэлдэг билээ.

Гэвч тэдний зургуудыг үзэж суугаа сая сая дагагчдын сэтгэхүйд энэ нь ямар нөлөө үзүүлдэг бэ? Судалгаагаар залуу охид зургаан наснаас эхлэн өөрийн биеийн байдалд дургүйцэн бусадтай өөрийгөө харьцуулж эхэлдэг бөгөөд залуу бүсгүйчүүдийн олонх нь нийгмийн жишиг болсон дүрд хүрэх гэж асар их сэтгэлийн дарамтад байдаг гэнэ.

Үүнтэй холбогдуулан Instagram-ын зарим нөлөө бүхий одууд өөрсдийн гоё зургуудын хамт засаж янзлаагүй байгаагаараа авахуулсан зургуудаа оруулж, үүгээр ч барахгүй сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар нээлттэй ярилцах болжээ. "Би зурган дээр инээмсэглээд гоё харагдаж байгаа ч дотроо асар их гуниг мэдэрч сэтгэл гутралтай байдаг" гэж тав гаруй сая дагагчтай загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг инфлюэнсер Эйми Сонг refinery29 сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Цаашлаад 26 настай залуу инфлюэнсер Рианн Мейжер "Би дагагчдынхаа өмнө үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж шийдэн Instagram дээр харж байгаа бүхэн чинь бодит байдал биш юм шүү гэдгийг харуулах, бодит амьдралыг илтгэсэн зургуудаа нийтлэхээр шийдсэн. Намайг хүмүүс муулж хуурамчаар нь дуудах болов уу гэхээс айж байсан ч харин ч эсрэгээрээ маш их эерэг сэтгэгдэл хүлээж авсан нь гайхалтай санагдсан" хэмээн онцолжээ.

Бүх зүйл хоёр талтай гэсэн гарчигтай хоёр зураг доор олон охид бүсгүйчүүд түүнийг дэмжин талархлаа илэрхийлсэн байлаа.

 

цааш үзэх