Холливүүд ч гэсэн коронавирусын тархалтаас хохирол амсана
Хятадад киноны нээлтүүд цуцлагдсаар байна
Шинэ төрлийн коронавирусын тархалт Холливүүдийн кино урлагт хохирол учруулж байна. Тодруулбал коронавирусын халдварын улмаас БНХАУ-д хоёрдугаар сард нээлтээ хийх байсан кинонууд цуцлагдаж, ихэнх кино театрууд нь (нийт 70,000 орчим кино театртай) хаагдаад байгаа юм.
Үүнээс улбаалж хоёрдугаар сард нээлтээ хийх байсан Сэм Мендесийн "1917", Тайка Вайтитигийн "Jojo Rabbit", Грета Гервигийн "Little Women" зэрэг Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээлүүд маш их хохирол амсаж байгаа аж. Түүнчлэн "Dolittle", "Hellboy" зэрэг кинонуудыг ч мөн цуцалсан байна. Эдгээр кинонуудын нээлтийг тодорхойгүй хугацаагаар цуцалсан бөгөөд одоогоор Хятад үзэгчид ер нь тус бүтээлүүдийг хэзээ нэгэн цагт кино театрт үзэх эсэх нь ч ойлгомжгүй байгаа юм.
Дээрх бүтээлүүдээс хамгийн их хохирол амсаж байгаа нь Роберт Дауни Жуниорын тоглосон "Dolittle" кино болоод байна. Учир нь тус кино нь 175 сая ам.доллараар бүтээгдсэн ч дэлхийн кино театруудаас ердөө 126 сая ам.долларын орлого олж хангалттай амжилт үзүүлж чадаагүй бөгөөд киноны продюсерууд Хятадын box office-оос алдагдлаа нөхөхөөр тооцоолж байжээ.
Харин "1917", "Jojo Rabbit", "Little Women" кинонуудыг Оскарын наадмын дараа Хятадад гаргахаар төлөвлөж байсан гэнэ. БНХАУ-ын иргэд Оскарын наадмыг өргөнөөр үздэг бөгөөд өмнө нь "La La Land", "Green Book" зэрэг Оскарын шагнал хүртсэн кинонууд тус улсын кино театруудаас асар их мөнгө олж байжээ.