Заха Хадидын төслөөр баригдаж буй Миланы “мушгирсан” цамхагийн ажил дуусч байна
CityLife Skyscraper
CityLife Skyscraper нэртэй орчин үеийн цогцолборын барилгын ажлыг анх 2015 оны Миланы экспо нээгдэх үеэр хийж дуусгана гэж төлөвлөж байсан юм. Гэсэн ч санхүүжилтийн асуудалтай тулгарснаас болж төслийн ажил түр хойшлогджээ. Харин одоогийн байдлаар Заха Хадидын 44 давхар "мушгирсан" барилгын каркассыг барьж дууссан байна.
Одоо барилгын дэд бүтэц болон дотоод заслыг хийх үлдээд байгаа юм. Мөн CityLife Skyscraper цогцолборт Даниэль Либескинд болон Арата Исодзаки нарын төслөөр хоёр ч барилга нэмэгдэж баригдах болно. Энэхүү цогцолбор нь нийт 366,000 м2 талбайтай ба дотор нь орон сууц, оффис болон ногоон байгууламж багтаж байгаа юм.
Заха Хадидын төслөөр бүтээсэн энэхүү барилга нь Generali Tower гэдэг нэртэй бөгөөд дотроо 3,200 хүний багтаамжтайгаас гадна, 380 автомашин багтах зогсоолтой. Түүнчлэн цогцолборын хамгийн доод давхарт Миланы метроны буудал байрлах бөгөөд энэ нь CityLife Skyscraper цогцолборын автомашины тоог бууруулах зорилготой юм. Харин цогцолборын оффисын барилгад тусгай агааржуулалтын систем, шиллэгээ болон давхар цонхны хаалт зэрэг зүйлсийг оруулж өгсөн бөгөөд эдгээр нь онцгой бичил уур амьсгал бүрдүүлж өгөх үүрэгтэй гэнэ.
Миланд баригдаж буй энэхүү гайхалтай барилга 2017 оны сүүлийн хагаст нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.