Японы Икэбана урлаг гэж юу вэ?
Икэбана гэдэг нь амьд ургамлын навч, цэцэгс, мөчрийг өнгө алаглуулан, харахад үзэмжтэй байдлаар зохицуулан байршуулдаг Япон улсаас гаралтай урлаг билээ. Энэхүү урлаг нь уугуул Шинто шашны ёс заншил, эсвэл Буддын шашин дахь цэцэг өргөдөг уламжлалтай холбоотой гэж үздэг юм. Анх уг чимэглэлээр токо-но-ма буюу зочид хүлээн авдаг тусгай өрөөг чимэглэдэг байсан бол өнөөдөр энэ нь том барилга байгууламжуудын үүдний танхим, дэлгүүрийн цонхнууд болон энгийн айл гэрийг чимэх урлаг болон хувирчээ.
Икэбана урлагийн хүрээнд цэцгийн баглаа, цэцгийн дэлбээ, мөчир, навч, иш зэргийг ашиглан урлагийн бүтээл хийдэг юм. Баруунд цэцгийг вааранд байршуулах маш энгийн уламжлал байдаг бол икэбана нь байгалийн элементүүдийг санамсаргүй мэт байдлаар байрлуулан зохиомж гаргаснаар цэцэг болон бусад амьд материалуудын дотоод чанарыг илэрхийлэн, сэтгэл хөдлөл бий болгох зорилготой гэдэг.
Дэлгэрүүлбэл Японы соёлын хувьд ихэнх унаган цэцэг, ургамал моднууд тодорхой утга агуулгатай байдаг тул уламжлалт икэбанад тухайн цэцгийн бэлгэдэл, улирлын шинж чанар хоёрыг нэн түрүүнд эрхэмлэн зохиомжоо бүтээдэг байна.
Жишээ нь айл гэрийн байрны найрт бэлэглэх икэбанад усыг бэлгэдэж цагаан цэцгийг голлон ашигладаг бөгөөд энэ нь мөн уламжлалт Япон орон сууцууд модон дээвэртэй байдаг тул галын аюулаас хамгаалах хамгаалалтын бэлгэдэл болдог юм. Мөн хэрэв барууны соёлд дэлбээлсэн төгс үзэмжтэй цэцгүүдийг нийлүүлэн цэцгийн баглаа бэлтгэдэг бол Японы соёлд бэлэг болгон өгөх икэбанагийн цэцэг нь нахиа цэцэг байх учиртай бөгөөд хүлээн авсан хүнд цэцэгс дэлбээлэх явцыг үзэх таатай мэдрэмжийг давхар өгдөг байна.