Хайх

Balenciaga, хавар-зун 2021

Balenciaga, хавар-зун 2021

Text: Buro.Mongolia


Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг хэмээх Оросын зүйр үг байдаг. Balenciaga-гийн бүтээлч захирал Демна Гвасалия “Загварын шоу хийх нь одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй санагдсан учраас шинэ коллекцио бичлэгээр танилцуулахаар шийдсэн” гэж Швейцар дахь гэрээсээ өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Нөхөр маань бичлэгт зориулж 1980-аад оны хит дуу болох Кори Хартын “Sunglasses at night” буюу “Шөнөөр нарны шилтэйгээ” дууг бичүүлсэн. Үүнээс илүү загварлаг байна гэж юу байх билээ? Бас үүнийг нэгэн төрлийн ёгтлол гэж ойлгож болно. Хаашаа чиглэж байгаа нь тодорхойгүй, яг л урдахаа харахгүй харанхуйд явж байгаа мэтээр загварын салбарын одоогийн нөхцөл байдлыг дүрсэлсэн юм” хэмээн тайлбарлажээ.

Бичлэгт Balenciaga-гийн "шөнийн хүмүүс" хаа нэгтээ ямар нэгэн зорилготойгоор алхаж буйг анзаараарай. Тэдний төрхийг бүтээхдээ жинхэнэ амьдрал дээр Парисын гудмаар алхаж харагддаг “Cool” хүмүүсийг дуурайн дүрслэхийг хичээжээ. Бид тэднийг ажиглаж, хэрхэн хувцаснуудаа хооронд нь зохицуулсныг нь сонжин, дахин давтагдашгүй өнгө төрхөө гайхуулахыг нь харж биширдэг шүү дээ. 

“Одоогоос 10 жилийн дараа загварын бүх зүйл байгальд ээлтэй болж өөрчлөгдөнө. Бид байгаа хувцсаа ахин дахин хэрэглэсээр байх болно гэж бодож байна. Цаг хугацаа эд зүйлсийг илүү сэтгэл татам болгодог. Maison Margiela-гийн загварын ордонд ажиллаж байхдаа загвар зохион бүтээгч Мартин Маржиелагийн хувцсанд шингэсэн цаг хугацааны ул мөр, үнэ цэнийн талаар өгүүлэхийг нь сонсоод сэтгэлд минь их хүрч байсан юм. Надад 15 жилийн өмнө авсан нэг цамц байдаг. Өнгөө алдаад урагдчихсан ч түүнийгээ хаяж чаддаггүй. Үүнээс улбаалан 2030 онд дуртай хувцаснууд минь ямар харагдах бол, хэр хуучирч элэгдсэн байх бол гэж төсөөлж бодон коллекцио урласан” хэмээн загвар зохион бүтээгч Демна Гвасалия шинэ цуглуулгынхаа талаар ярилаа.

Хувцасны хэлбэрээр туршилт хийх дуртай Balenciaga брэндийн бүтээлч захирал Гвасалия хэлхгэр загварыг тренд болгосон гэж хэлж болно. Тэрээр бүх загваруудаа ямар ч хүйс, хэлбэр, хэмжээгээр хязгаарлахыг хүсдэггүй ба харин ч загварууд нь янз бүрийн хүмүүст өөр, өөрөөр таарч хувцасных нь хэлбэр өөрчлөгдөх нь догь санагддаг гэжээ. Мөн өсгийтэй гэрийн шаахай болон гэрийн халатнаас санаа авсан улаан өнгийн пальто зэрэг сонирхолтой загваруудынхаа санааг тусгаарлалтын үед гэртээ байхдаа бодож олсон гэнэ.

Дашрамд дурдахад Монголын шилдэг моделиудын нэг болох Энэрэл уг загварын бичлэгт орсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх