Buro 24/7 тойм: Alexander McQueen, pre-fall 2016
Замбараагүй
Сүүлийн үед томоохон брэндүүд улирал бүр хоорондоо ижил төстэй дүрс, эсгүүр бүхий цуглуулга гаргах болсон. Гэхдээ тэд мэдээж хэрэг цуглуулгын сэдвийг өөрчилж, шинэ хатгамал, шинэ хээ, шинэ гол дүрийн баатар танилцуулдаг. Энэхүү чиг хандлагыг Gucci-гийн Алессандро Микеле анх үүсгэсэн гэж хэлэхэд болно. Тэр Италийн загварын ордонд зориулж хэд хэдэн цуглуулга гаргахдаа хувцасны дүрс ба элементэд онцын өөрчлөлт оруулаагүй хэрнээ загварууд дээр чимэглэлийг улирал бүр өөрчилдөг. Тухайлбал түүний бүтээсэн хуниастай юбка, хүрэм хэлбэрийн даашинз, эрвээхий зангиатай нимгэн цамц зэрэг нь нэг улиралд шувууны дүрс бүхий хатгамалтай байсан бол өөр улиралд могой ба барын чимэглэлтэй болсон байдаг. Энэ чиг хандлага мэдээж хэрэг удаан үргэлжлэхгүй. Гэхдээ одоохондоо бусад брэндүүд ч мөн адил энэ давлагаанд өртсөн хэвээр байна. Тухайлбал Сара Бертоны удирдлага доорх Alexander McQueen загварын ордон тэдгээр брэндүүдийн нэг юм.
Энэ удаагийн цуглуулгад дизайнер тодорхой нэг сэдэв сонгохыг хүсэлгүй, олон гол дүрийн баатар танилцууллаа. Тод өнгөтэй шувуунууд, тоть, ягаан фламинго, тод өнгийн цэцэгс, хар бараан эрвээхийнүүд, улаан уруулын хээ, уруулын будаг, брэндийн бэлэг тэмдэг болсон гавлын яс гэх зэрэг маш олон баатрууд нэг доор цугларчээ. Юутай ч гэсэн Alexander McQueen pre-fall цуглуулгадаа урьд өмнөхөөсөө илүү өнгөлөг, нүд сэргэм загварууд танилцуулсанд бид баяртай байна.