Бюро 24/7 тойм: Burberry, 2017 оны есдүгээр сар
Гудамжны язгууртан
Burberry брэнд энэ удаад 2017 оны есдүгээр сарын загварын шоугаа Лондонгийн нэгэн хуучин байшин дотор зохион байгуулж, байшингийн хууларсан ханын цаас, эртний гэрлийн бүрхүүл зэргээр цуглуулгынхаа ерөнхий уур амьсгалыг илтгэж өглөө. Брэндийн бүтээлч захирал Кристофер Бейлигийн хэлснээр бол тэрээр цуглуулгадаа тодорхой хэмжээний түүхий мэдрэмж шингээхийг хүссэн бөгөөд ингэхдээ дизайнер Их Британийн ажилчин ангиас бүтээлч санаа авсан байна. Үүний үр дүнд цуглуулгын загвар бүрээс хатуужил, тэвчээртэй зан чанар мэдрэгдэж байлаа.
"Энэхүү барилга нь бидний цуглуулгын ерөнхий утга санааг төгс илэрхийлж байгаа. Эндээс сүр жавхлан мэдрэгдэх ч цаг хугацааны эрхээр бага зэрэг хуучирсан дүр төрх бас бий" хэмээн Кристофер Бейли хэлжээ.
Ихэвчлэн тансаг хэв маягийн хувцаснууд гаргадаг Burberry энэ удаад илүү залуу шийдэлтэй, панк загварууд дэлгэсэн нь брэндэд шаардлагатай байсан шинэ уур амьсгалыг авчирч өглөө. Граффити дүрслэлтэй тренч цув, дөрвөлжин хээтэй өмд ба пальто, цэргийн хүрмээр хийсэн богино юбка зэрэг нь бүгд бага зэрэг дэггүй, цоглог аястай болсон байлаа.