Кутюр загварын долоо хоног: Valentino, хавар-зун 2017
Valentino-гийн цорын ганц удирдагч Пьерпаоло Пиччоли
Хавар-зун 2017 улирлын кутюр цуглуулгадаа зориулж дизайнер эртний Грекийн домгуудыг судалж, Бурхадын өмсгөл мэт тэнгэрлэг, ариун, тансаг загварууд урласан байлаа. "Би загварууд дээр ажиллахдаа зүүдний талаар их бодсон. Учир нь зүүд бол бидний хамгийн гүн мэдрэмжийг сэргээх чадвартай гайхалтай зүйл юм. Би мөн эртний Грекийн соёл иргэншлээс бүтээлч санаа авсан байгаа. Грекчүүд хамгийн анх тэдгээр мэдрэмжүүдэд нэр өгч, утга учрыг нь тайлбарласан шүү дээ" хэмээн дизайнер ярьжээ.
Цуглуулга бүхэлдээ нарийн хуниастай сул эсгүүрийн урт даашинз ба нөмрөг, алтлаг өнгийн сандаал, хагас гэрэлтэх топ ба нарийн хийцийн хатгамлаар баялаг торон даашинзуудаас бүрдсэн байв. Шинэлэг биш ч гэлээ маргахын аргагүй үзэсгэлэнтэй болжээ.
Үндсэн элементүүд: Нарийн хуниастай урт даашинз, хагас гэрэлтэх элементүүд, торго, органза ба тюль.
Үс засалт ба нүүр будалт: Чийгтэй будалт, задгай тавьсан үс, тодруулсан хөмсөг ба зөөлөн ягаан өнгийн уруулын будаг.
Үндсэн өнгөнүүд: Цагаан, цайвар шар, улаан, зөөлөн ягаан ба биеийн өнгө.
Стилистик аргачлал: Нарийн хуниастай материалаар урт даашинз урлах, минимал дизайнтай сандаалыг үдшийн даашинзтай хослуулах.
Аксесуар: Нимгэн ба урт ээмэг, алтлаг сандаал.
Бүтээлч санааны эх үүсвэр: Эртний Грек, Афина ба Афродита, Питер Жексоны "Бөгжний эзэн" кино.