Бюро 24/7 тойм: Монголын дизайнеруудын нэгдсэн холбоо, Зун/Намар 2017
Monalun, Queen fashion house, Muse Art house ба Michel & Amazonka
Загвар гэдэг үргэлж шинэчлэгдэхийн зэрэгцээ бас эргэн ирж байдаг. Үүнийг Улаанбаатарт өчигдөр орой болж өнгөрсөн "Mongolian Designers Union"-ы анхны загварын шоу баталлаа. Орчин үеийн бөгөөд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй загвар зохион бүтээгчдийн төлөөлөл болсон дөрвөн марк үзэгчдийн өмнө шинэ цуглуулгаа танилцуулахдаа "Залуу үе хамтдаа хөгжихийг хүсч байна" гэх уур амьсгал төрүүлсэн юм. "Монголын дизайнеруудын нэгдсэн холбоо"-ны анхны гишүүд бүгд ямар нэг байдлаар үндэсний уур амьсгалтай загвар толилуулсан нь тренд гэхээсээ илүү орчин үе, уламжлал хоёрын хослол болж харагдсан. Удахгүй Shangri-La Mall-д эдгээр загвар зохион бүтээгчдийн нэгдсэн бутик нээгдэх тул одооноос эхлэн хүмүүс загварын шоуны дараа шууд л таалагдсан хувцсаа өмсөх боломжтой болж байгаа юм. Бюро 24/7-гийн зүгээс энэхүү загварын шоуг анхааралтай ажиглаад, "Монголд хувцас загвар эрчимтэй хөгжинө" гэдэг гүн итгэл төрсөн. Харин хэр хурдан байх вэ гэдгийг эрхэм уншигч, худалдан авагч та бүгдийн оролцоо шийдэх биз ээ. Бидний бодлоор бол галт тэрэг аль хэдийнэ эрчээ авсан байна.
Monalun
Үргэлж өөдрөг уур амьсгалтай, тод өнгөтэй хувцас урладаг дизайнер Б.Номунгэрэл энэ удаад ч бас тэрхүү эрч хүчээ алдсангүй. Тайзны ард Бюро 24/7-той уулзаж, цуглуулгынхаа талаар богино сэтгэгдэл үлдээхдээ тэрбээр "Monalun маркийн төгс бүсгүй бол өөртөө итгэлтэй, зорилготой бас хүчирхэг бүсгүй юм" гэж хэлсэн нь түүний шинэ цуглуулгад биеллээ олсон харагдлаа. Цуглуулгад бүүдгэр шар, зөөлөн ягаан, ногоон, оюу цэнхэр, хөх ягаан гэх зэрэг маш олон төрлийн тод өнгөнүүд орсон ч, хувцаснууд хоорондоо зохицож, цуглуулга нэгдмэл харагдаж чадаж байлаа.
Халаат маягийн даашинз, богино ханцуйтай топ дээгүүр давхарласан цээживч, мөн ханцуйтай цамцтай хосолсон нарийн мөртэй slip даашинз зэрэг хамгийн сүүлийн үеийн тренд бүхий загваруудаас бүрдсэн цуглуулгаас онцолж болох олон төрхүүд харагдсан. Харин тэр дундаас шагай хүрсэн урттай, цэнхэр ба шаргал өнгийн далий хээтэй ханцуйгүй цагаан даашинз хамгийн ихээр харц булаалаа. Дизайнерын детальд дуртай чанар шинэ бүтээлүүдэд нь илэрч, эхний эгнээнд суух бүсгүйчүүдийг тайз дээр гарах загвар бүрийг сайтар ажиглахад хүргэлээ. Пальтоны хормойг чимэх ургамал ба цэцэгс, гар цүнхнүүд дээрхи эрвээхий зэрэг нь тухайн загварыг хормын зуур шинэлэг бас өвөрмөц болгож байлаа. Алессандро Микеле, Доменико Дольче ба Стефано Габбана зэрэг дэлхийн алдарт дизайнерууд өнөөдөр зөвхөн хээ хатгамал, гоёл чимэглэлийн ачаар брэндүүдийнхээ орлогыг хэд дахин нэмэгдүүлж чаддаг. Яг тэр сүүлийн үеийн чиг хандлага Монголд ч бас дэлгэрч байгаа нь Monalun-ы шинэ цуглуулгаас тод харагдлаа.
Muse Art House
Залуу дизайнер Г.Цасын цуглуулга ерөнхий агууламжаараа хоёр хэсэгт хуваагдаж, эхний хэсэг нь үдшийн зориулалттай, жижиг гялалзсан чимэглэлүүдээр баялаг загваруудаас бүрдсэн байлаа. Монгол үндэсний босоо захтай туник маягийн сул цамц ба бариу өмдний хослол, дээл загварын даашинз, богино шоорт гэх зэрэг хар, саарал, ягаан, цайвар шаргал, шар өнгөнүүдээр гялалзах загварууд сул эсгүүртэй байсны ачаар илүү орчин үеийн аястай болсон харагдана. Гэвч зарим даашинзуудын ханцуй ба хормой хэсгийг чимсэн шифон оруулга яг л олон жилийн өмнөх төгсөлтийн баярын үдэшлэгийн даашинз мэт арай "хэтрүүлчихсэн" мэдрэмж төрүүлж байлаа. Харин шоуны хоёрдугаар хэсэгт үзэгдсэн намирсан тааран материалтай, минимал загварын, завсрын өнгөтэй урт ба богино биед эвтэйхэн даашинзууд энгийн атлаа дэгжин төрх бий болгож, дизайнерын энэ удаагийн цуглуулгаараа гаргахыг хүссэн Ногоон дарь эх шиг гэгээлэг, бурханлаг мөн чанарын илэрхийлэл болж чаджээ. Энэ дундаас онцлоход шаргал өнгийн өргөн өмдөн дээгүүр өмссөн урт даашинзны шийдэл шинэ цуглуулгын хамгийн амжилттай төрхүүдийн нэг байлаа. Түүнчлэн цуглуулгын ихэнх загварууд намхан ултай хар ба цагаан кеттэй хосолсон байсан нь бас нэгэн том давуу тал болж, хувцаснуудыг илүү залуу харагдууллаа.
Queen Fashion house
Queen Fashion House-ын загвар зохион бүтээгч Д.Энхмаагийн цуглуулга үдшийн хамгийн эмэгтэйлэг бас өдөр тутмын зориулалттай нь байлаа. Тэр бусад гурван дизайнерын адил цуглуулгадаа Монгол үндэсний хэв маяг шингээж, ихэвчлэн бэлхүүс тодотгосон А хэлбэрийн хормойтой, босоо захтай даашинзууд танилцууллаа. Цуглуулгын загварууд нэлээд энгийн эсгүүртэй, үндсэн хэлбэр дүрстэй байсан хэдий ч, дизайнер хонхон хэлбэрийн ханцуй, мөр ил гаргасан хайчилбар, цэцгэн наалт ба чимэглэл гэх зэрэг сонирхолтой элементүүд нэвтрүүлжээ. Алтан шар хээн дээр төвлөрч, торго ба полистер материалаар дагнаж, цагаан, хар, улаан ба цэнхэр гэх зэрэг өнгөнүүдээр баялаг байсан Queen Fashion House-ын цуглуулгад цэргийн уур амьсгалтай хаки ногоон өнгийн бомбер-даашинз ба богино пальто гэх ерөнхий сэдвээс гажуудсан хоёр загвар багтсан байлаа. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэдгээр "гэнэтийн" хоёр загвар нь цуглуулгын хамгийн залуу шийдэлтэй, хотын өнгө аястай, амжилттай төрхүүдээр тодорсон юм.
Michel & Amazonka
"I'm watching you" цуглуулгын үргэлжлэл болсон өчигдрийн шоу эгч дүүс дизайнеруудын анхны эрэгтэй загвараар эхэллээ. Үндэсний хээ ба ганц эвэртийн дүрсээр чимэглэсэн бомбер хүрэм, хантааз зэрэг нь өмнөх цуглуулгуудын эмэгтэй хувилбаруудтай ижил дүрс ба эсгүүртэй болжээ. Харин бүсгүйчүүдэд зориулагдсан шинэ загварууд дунд унтлагын хэв маягтай "slip" даашинзууд давамгайллаа. Хамба хилэн болон тааран материалтай хар, цагаан, улаан, ногоон өнгөтэй даашинзууд богино, дундаж эсвэл урт гээд маш өргөн сонголттойгоор цуглуулгад багтсан байлаа. Дизайнеруудын Монгол үндэсний хэв маягийг орчин үеийн харагдуулж чаддаг авьяас чадвар тэдний бас нэгэн шинэ загвар болох задгай энгэртэй урт хантааз дээр дахин илэрчээ. Үндэсний хээ ба өнгийг агуулсан хантаазыг 1990-ээд оны нарийн мөртэй унтлагын даашинзтай ийм гарамгайгаар хослуулж болох байсныг хэн мэдэх билээ дээ. Тэд өнгөрсөн жил өөрсдийн бие даасан загварын шоуг толилуулахдаа хуримын даашинзанд зориулсан хэсэг гаргаж байсныг та санаж байгаа биз дээ. Үүнийг эргэн сануулах мэт нэгэн хуримын цагаан даашинзыг топ модель Э.Одгэрэл өмсөн гарч ирж, энэ үдшийн загварын шоуг хаалаа.