Парисын кутюр загварын долоо хоног эхэллээ: Schiaparelli брэндийн урлагийн бүтээл мэт цуглуулга
Улаан хивсний ёслолд төгс тохирох даашинзууд
Schiaparelli загварын ордон нэгдүгээр сарын 24-ны өдөр Парисын хавар-зун 2022 кутюр загварын долоо хоногийг нээж шинэ цуглуулгаа танилцууллаа. Тус загварын шоу нь Парисын Petit Palais ордонд хийгдсэн бөгөөд цар тахлаас үүдэн удаан хугацааны турш завсарласны эцэст зохион байгуулагдсан брэндийн анхны оффлайн форматтай шоу гэдгээрээ онцлог байсан билээ.
Цуглуулгад хар, цагаан өнгө давамгайлсан ба брэндийн бүтээлч захирал Дэниел Розберри нь уг өнгөний хоршил нь дан ганц энгийн, даруу, классик хэв маягийг илтгэдэггүй харин ч этгээд, нүсэр, Schiaparelli-ийн нэрийн хуудас болсон сюрреалист хэв маягийг илэрхийлж болдгийг чадварлагаар харуулсан билээ. Дизайнер шашны өмсгөл, астрономи, анатомиор зогсохгүй “Dune”, “Interstellar” кинонуудаас урам зориг авч загалмайн тэмдэгтэй аварга том саравчтай малгай, гараг эрхсийн, хүний толгойн хэлбэртэй алтлаг цүнх болон бусад этгээд загваруудыг урласан байна. “Цуглуулга дээрээ ажиллаж эхлэхээсээ өмнө нэг гүнзгий амьсгаа аваад шинэлэг зүйлийн талаар төлөвлөж эхэлсний үр дүнд кутюр цуглуулгаас авдаг тэрхүү гайхалтай мэдрэмжийг заавал нүсэр загвар, олон өнгө гэлтгүйгээр өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц бүтээлүүдээр дамжуулан өгөхийг зорьсон" хэмээн Дэниел Розберри онцолжээ. Тэрээр тавьсан зорилгодоо ч хүрч, Schiaparelli ордны гоо зүйг бүхэлд нь эвдэлгүй харин ч шинэлэг силуэтүүдээрээ дамжуулан брэндийнхээ бас нэгэн урсгалыг олж нээсэн байв.
Нөгөөтээгүүр, тус цуглуулгын зарим загварууд Pierre Cardin брэндийн 1992 оны цуглуулгаас сэдэвлэсэн байсныг загварын шүүмжлэгчид анзаарчээ. Мэдээж цэвэр хуулбарлаагүй ч "Яагаад бүтээлч захирал Розберри нь Пьер Карденд хүндэтгэл үзүүлж түүний нэрийг дурдаагүй вэ?" гэх шүүмжлэлд Schiaparelli брэнд өртөөд байгаа юм.