Ширэнгэн ойн үзэсгэлэнт өнгө, хээнүүд Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгад
Хавар-зун 2020
Доменико Дольче ба Стефано Габбана нар шинэ улиралд зориулан "Cицилийн ширэнгэн ой" нэртэй цуглуулгаа танилцууллаа. "Бид үзэсгэлэнтэй зүйлсийг бүтээх дуртай. Түүнчлэн бид зун цагт дуртай. Энэ бол бидний философи" хэмээн дизайнерууд шинэ цуглуулгаа цөөн үгээр тайлбарласан юм. Үнэхээр л тэдний цуглуулга зун цагийг санагдуулж, юунд ч санаа зовох зүйлгүй амар амгалан, аз жаргалтай мэдрэмж төрүүлж байлаа. Сафариг санагдуулам бор шаргал өнгийн даашинз ба хослолууд, халуун орны амьтад, жимс, ургамлын зургаар чимэглэсэн намирсан даашинз ба хослолууд, торгон алчуурыг төрөл бүрээр загварчилсан мэт харагдах юбка болон богино топ, брэндийн илэрхийлэл болсон дөрвөлжин энгэртэй бариу даашинз болон барын эрээн, ирвэсний цоохор, могойн арьсан гээд төрөл бүрийн хээ угалзаар баялаг загварууд шинэ цуглуулгад багтжээ.
Дашрамд дурдахад өнгөрөгч зургаадугаар сард зохион байгуулагдсан Миланы эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Доменико Дольче ба Стефано Габбана нар халуун орны жимс, амьтдаар дүүрэн эрэгтэй цуглуулгыг танилцуулсан билээ.