Хайх

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал

Text: Buro.Mongolia


Бид гудамжны загварын гэрэл зураг сүүлийн 20 жилийн хугацаанд хэрхэн хувьсан өөрчлөгдөж, цагийн эрхээр маркетингийн чухал хэрэгсэл болж хувирсныг тоймлон бичлээ

2004

Шинэ мянганы эхэн үед стритстайл гэдэг зүйл зөвхөн New York Times сонины On The Street нэртэй буланд л бичигддэг байлаа. Тэрхүү төрөлдөө ганц, анхдагч буланг алдарт зурагчин Билл Каннингем хөтөлдөг байсан юм. Тэрээр гудамжинд өнгөрөх үл таних хүмүүсийн зургийг даран нийтлэхдээ "Нью-Йоркийн анхны цастай өдөр иргэд ямар гутал сонгосон байна вэ", аль эсвэл "Марафонд оролцогчид ямар майка өмсөв" зэрэг сонирхолтой сэдвүүд хөндөн өөрийн ухаалаг ажиглалтыг хөгжилтэй атлаа уран байдлаар бичдэг байсан нь стритстайл урлагийн эхлэлийг тавьсан байдаг. 2004 онд мөн New York Magazine сэтгүүл гудамжинд алхах эгэл иргэдийн стилийг онцлон бичдэг ижил булан эхлүүлж, уг төслийг сэтгүүлч Эми Лароккад даатган өгсөн юм. Тэрээр долоо хоног бүр санамсаргүй байдлаар тааралдсан өвөрмөц стильтэй нэгэн хүний тухай нийтлэл бэлтгэн гаргаж, зөвхөн тэдгээр хүмүүсийн стиль гэлтгүй шоппинг хийх дуртай газрууд болон хувцаснуудыг стайлинг хийдэг өвөрмөц аргачлалуудаас нь хуваалцдаг байсан нь уншигчдын сонирхлыг ихэд татдаг байсан билээ.

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 1)

2005

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 2)
Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 3)
Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 4)

Өөрийн блогыг эхлүүлэхээсээ өмнө Скотт Шуман залуу дизайнеруудын загваруудыг худалдаалдаг шоу-рум ажиллуулдаг байсан юм. Харин 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлын дараа тэрээр дэлгүүрээ хаасан байдаг. 2005 онд Шуман бүхий л цаг заваа гэр бүлдээ зарцуулдаг байсан бөгөөд үүний хажуугаар гэрэл зургийг хобби болгон сонирхдог байв. Тэр үеэс л Шуман The Sartorialist блогоо эхлүүлэхээр шийдэж, блогтоо гудамжинд өнгөрөх танихгүй хүмүүсийн өнгөлөг зургуудыг нийтэлдэг болсон юм. Хоёр жилийн дараа гэхэд тэрээр Style.com вебсайтад зориулан загварын долоо хоногуудын зургийг даран сурвалжилдаг болсон билээ.

2005

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 5)

Канадаас гаралтай Томми Тон гэх нэгэн загварт хайртай эрхэм өөрийн Jak & Jill стритстайл блогыг үүсгэн байгууллаа. Jak & Jill блогын хуудаснаа анх Торонто хотын сонирхолтой стильтэй иргэд нийтлэгддэг байсан бол удалгүй Томми Нью-Йорк, Милан ба Парис зэрэг томоохон нийслэлүүдийн загварын долоо хоногт хүрэлцэн ирж буй зочин бүрийн зургийг даран блогтоо оруулдаг болсон юм.

2006

Загварын салбарт чухал нөлөө үзүүлсэн өөр хоёр блог энэ онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тодруулбал Иван Родикын FaceHunter болон Фил Оугийн Street Peeper гэх блогууд Парис болон Нью-Йорк хотуудын стритстайлыг цаг алдалгүй сурвалжлан хүргэдэг болсон юм.

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 6)

2008

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 7)

Стритстайл гэдэг нь нас хамаардаггүй урлаг болохыг анх зурагчин Ари Сет Коэн ойлгуулсан байдаг. Тэрээр Advanced Style нэртэй блог үүсгэн байгуулж Нью-Йорк хотын 60-аас дээш насны загварлаг иргэдийг онцолдог болсон юм. Блог үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 2008 онд New York Magazine сэтгүүл тус блогыг "Ахмад настнуудад зориулагдсан The Sartorialist" хэмээн өргөмжилсөн байдаг.

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 8)
Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 9)

2009

Burberry брэнд зурагчин Скотт Шуманд шинэ цуглуулгынхаа сурталчилгаагаа даатгаж, гудамжны уур амьсгалтай зураг авалт хийхийг хүслээ. Үүний үр дүнд зурагчин брэндийн тренч цувыг өмсөн гудамжаар алхаж буй хүмүүсийн зургийг дарсан нь тухайн үедээ маш шинэлэг санаачилга болсон юм. Энэ нь стритстайл урлаг загварын бизнесийн нэгэн хэсэг болсон түүхэн явдал гэгддэг.

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 10)

2011

Стритстайлд зориулагдсан булан Vogue.com вебсайт дээр гарч ирлээ. Гудамжинд алхах стритстайл баатрууд болон загварын редакторууд гартаа олон товчлуур бүхий Blackberry барьдаг байсан тухайн үед Фил Оу тус буланг хариуцан ажилладаг байсан юм.

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 11)

2012

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 12)

New York Times стритстайл баатруудын үнэнийг илчилсэн нэгэн шуугиан тарьсан нийтлэлийг гаргалаа. "Нэгэн үед гудамжны загвар бие даасан байдлаа хадгалж чаддаг байсан. Редакторууд ба стилистууд винтэж загварыг масс зах зээлийн бүтээгдэхүүнтэй, эсвэл тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хослуулан өмсдөг байсан. Гэтэл эцсийн дүнд стритстайл нь маркетингийн чухал хэрэгсэл болон хувирч, PR мэргэжилтнүүдийн гарт орчихлоо" хэмээн тус сонины сэтгүүлч, загварын ажиглагч Рут ла Ферла бичиж байсан юм. Уг нийтлэлд мөн үзэгчид стритстайл загвараас үнэн шударга байдлыг хүсдэг боловч сүүлийн үед стритстайл баатрууд том брэндүүдийн амьд сурталчилгааны самбар болж хувирсантай холбогдуулан үнэн худлын зааг арчигдсан болохыг дурдсан байдаг.

2013

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 13)
Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 14)

Стритстайл блогеруудыг буруутгасан бас нэгэн шуугиан дэгдээсэн нийтлэлийг Сюзи Менкес бичлээ. Тэрээр загварын долоо хоногийн зочдыг "тогоснууд" хэмээн нэрлэж, тэднийг толгой эргэм хээтэй даашинзууддаа дарагдан өндөр өсгийт дээр арай ч гэж тогтож байгаа харагддаг хэмээн ёжлон бичсэн юм. Менкес мөн тэднийг "Facebook-ийн ачаар олонд танигдаж, үнэгүй онгоцны тийзийн төлөө брэндүүдийн хувцсыг өмсөж хүмүүсийн толгойг эргүүлдэг" хэмээн буруутгасан байдаг. Загварын алдарт шүүмжлэгчийн эдгээр хатуу үгс салбарынханд хүчтэй нөлөөлж зарим стритстайл баатрууд нэн даруй гэмшиж буйгаа мэдэгдсэн юм. Жишээ нь The Man Repeller вебсайтын үүсгэн байгуулагч Леандра Медин шүүмжлэлтэй санал нэгдэн брэндүүдээс бэлэг авах ёсгүй байснаа хүлээн зөвшөөрсөн бол, Сьюзи Баббл "блогер" гэдэг уг сүүлийн үед ёс журамгүй болж байгааг онцолсон юм.

2013

Garage сэтгүүл "Take my Picture" нэртэй баримтат кино гаргалаа. Уг кинонд загварын шүүмжлэгч Тим Блэнкс, System сэтгүүлийн үүсгэн байгуулагч Алексия Нидзельскигаас гадна блогерууд ба зурагчидтай хийсэн ярилцлагууд гардаг юм. Ерөнхийдөө баримтат киноноос харахад яг одоо загварын салбарт хэтэрхий олон зурагчид атлаа цөөн хэдэн улиг болсон баатрууд, мөн анхдагч утгаа алдсан загварын шоунууд байгааг ойлгох болно. Гэхдээ үүний нэг давуу тал нь сурталчилгаа хийх төсөвгүй залуу дизайнеруудын хувьд стритстайлын ачаар бусдад танигдаж болох асар том боломж үүсэн билээ.

2014

АНУ-ын эрдэмтэн, антропологич Брент Луваас гудамжны загварын хөгжлийг "Стритстайлын каннибализм" хэмээн тодорхойлсон байдаг. Түүний хэлснээр стритстайл урлаг нь загварын сэтгүүл, сонинуудаас ялгагдах юмгүй болсон ба маш богино хугацаанд өөр өөрийгөө "идэж" үгүй хийсэн аж. "Зурагчид анх зөвхөн өөрийн стиль ба дүр төрхөөрөө сонирхол татах гудамжны үл таних хүмүүсийн зургийг дардаг байсан бол одоо загварын шоуны зочдыг онцолдог болсон. Яг энэ мөчид л том асуудлын эхлэл тавигдсан юм".

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 15)

2014

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 16)
Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 17)

Нэгэн төрлийн зочдын нэгэн хэвийн зургийг дардаг зурагчдыг эсэргүүцсэн "антистритстайл зурагчид" хэмээх шинэ төрлийн бүтээлчид гарч ирснээр илүү сонирхолтой контентууд бий болсон. Тэдгээр шинэ үеийн зурагчид дунд Парисын гудмаар "тэнүүчлэн" хажуугаар өнгөрөх үл таних хүмүүсийн зургийг дурандаа буулгадаг Дэвид Лураши, эсвэл "21-р зууны хүмүүс" нэртэй төслийг санаачилсан Ханс Эйкельбум зэрэг чадварлаг зурагчид бий. Ханс эгэл иргэдийн зургийг дардаг ч өөрийн нарийн мэдрэмжийн ачаар ягаан өнгийн майка, цэцгэн хээтэй өдөн куртка, ажилчны хүрэм, леггинс дээгүүр давхарлан өмссөн жийнсэн юбка зэрэг трендүүдийг анх үүсгэсэн байдаг.

2014

Томми Тон өөрийн үүсгэн байгуулсан Jak & Jil блогоо хаалаа. "Загварын шоу эхлэхээс өмнө өрнөдөг үйл явдал яг л циркийн үзүүлбэр мэт харагддаг. Үүний улмаас хүмүүс энэ бүхний гол утга учир болох тайзан дээрх хувцас руу анхаарлаа хандуулахаа больж байна" хэмээн Томми Тон Style.com вебсайтад зориулсан ярилцлагадаа хэлсэн байдаг. Юутай ч Тон стритстайл зураг дарахаа больсон хэдий ч загварын салбарт ажилласан хэвээр үлдэж, өдгөө Dries van Noten брэндийн каталогийн зураг авалтуудыг хариуцаж, заримдаа загварын шоуны зураг дарж, хажуугаар нь Deveaux брэндийн дизайн дээр ажиллаж байгаа.

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 18)

2014

Энэ үед мөн урьд өмнө стритстайлын гол хэв маяг байсан хэтрүүлэгтэй глэм төрхүүд моданаас гарч, оронд нь нормкор гэх шинэ стиль ноёрхож эхэлсэн байдаг. Нормкорын гол санаа нь бусадтай адилхан харагдахаас эмээхгүй байж, хувцас биш харин хувь хүний зан чанараараа бусдаас ялгарахыг уриалдаг юм. Иймээс биед эвтэйхэн, практикт тустай загварууд болох birkenstock брэндийн углааш, спорт оймс, сул футболка, аавын жийнсэн өмд зэрэг зүйлс тренд болж эхэлсэн билээ.

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 19)
Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 20)

2016

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 21)

Зургаадугаар сарын 25-ний өдөр стритстайл гэдэг зүйлийг анх санаачлан олон арван жилийн турш хөгжүүлж ирсэн домогт зурагчин Билл Каннингем таалал төгссөн юм. Тэрээр 1978 онд New York Times-д ажиллаж эхэлснээсээ хойш эцсийн амьсгалаа хураах хүртлээ зураг дарсаар ирсэн гайхалтай чадварлаг хүн юм. Билл Met Gala үдэшлэгийн зочдоос илүү гудамжинд алхах энгийн нэгэн хүний зургийг дарах хүсэлтэй байсан бөгөөд хэзээ ч хүмүүсийг ялгаварлан гадуурхалгүй зөвхөн загвар ба урлаг гэдэг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлдэг байсан юм. Тэр ч бүү хэл Билл анх ижил хүйстнүүдийн нийгэмлэгийг загварын сэтгүүлүүдэд нийтэлж эхэлсэн хүмүүсийн нэг гэгддэг. Нью-Йоркийн гудамж дахь олон сая хүн дундаас Билл өөрийн алдарт стиль болох цэнхэр өнгийн хүрэм, унадаг дугуй болон Nikon-ий аппаратаар танигддаг байсан билээ. 2016 оны долоодугаар сард Нью-Йорк хотын захиргаа Билл Каннингемийн гэгээн дурсгалд зориулан 57-р гудамж болон Тавдугаар өргөн чөлөө огтлолцдог буланг түүний нэрэмжит болгосон байдаг. Яг энэ буланд Билл хамгийн ихээр зураг дарах дуртай байж билээ.

2016

Томми Тон мэргэжил нэгт зурагчиддаа хандан нэгэн уриалга гаргасан нь Ази блогеруудад бүдүүлэг ханддаг явдлыг зогсоох санаачилга байсан юм. Ази блогерууд ихэвчлэн загварын шоуны зочид дээр очин тухайн өдөр юу өмссөн байгааг нь асууж тэмдэглэж авдаг ба энэ нь зурагчдад ажлаа хийхэд нь саад болдог гэх шалтгаанаар зарим зурагчид тэдгээр блогеруудад бүдүүлэг ханддаг байсан юм. Харин Томми Ази блогеруудыг хамгаалан "Бидний ажиллаж байгаа энэ олон тэрбум долларын салбарт стритстайл баатрууд ямар брэндийн, ямар загвар өмссөн байгаа нь брэндүүдийн борлуулалтыг ихэсгэж буй чухал мэдээлэл болоод байна. Харин та бүгдийн дарсан өөгүй сайхан зургууд үүний дэргэд тийм ч чухал зүйл биш болон хувирчээ. Тэдгээр Ази эмэгтэйчүүд руу хашхиран бүдүүлэг зан авир гаргадаг зурагчдыг харахаас залхаж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийг би болон та бүгдийн зургийг нь дарах дуртай стритстайл баатрууд ч хүртэл хамгаалах болно. Бид бүгд л энэ циркийн нэг хэсэг. Тиймээс бие биедээ муухай хандах шаардлага байхгүй".

2017

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 22)

Ойролцоогоор 50 гаруй зурагчид нэгдэж зохиогчийн эрхийн зөрчлийн эсрэг #NoFreePhotos хөдөлгөөнийг санаачиллаа. Одоо эдгээр зурагчид өөрсдийн дарсан зургуудыг нийтлэхдээ дээрх хэштагыг хавсаргадаг ба брэндүүд болон алдартай инфлюэнсерүүд тэдний зургийг зөвшөөрөлгүй ашиглахаа зогсоохыг шаарддаг болсон юм. "Компаниуд болон брэндүүд бүтээгдэхүүнийг нь сурталчилсны төлөө инфлюэнсерүүдийг цалинжуулж эсвэл шагнал, урамшуулал олгодог. Ингэхдээ тэд албан ёсоор зурагчин хөлслөн ажлаа даатгахын оронд бидний зургуудыг үнэ төлбөргүй ашигладаг. Ер нь бол энэ нь оюуны өмчийн хулгай бөгөөд зурагчид энэ байдлаас одоо залхаж байна" хэмээн Le21eme төслийн үүсгэн байгуулагч, зурагчин Адам Кац Синдинг BURO-д өгсөн ярилцлагадаа ярьж байсан билээ. Харин үүний хариуд инфлюэнсерүүд ийнхүү мэдэгдэл хийсэн байдаг. "Бидэнд стритстайл зурагчид хэрэгтэй гэхээс илүү зурагчдад бид хэрэгтэй байх".

2018

Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 23)
Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 24)

Vogue сэтгүүлийн зурагчин Фил Оугийн онцолсноор 2018 онд стритстайл салбарт өрнөсөн хамгийн сонирхолтой үйл явдал нь эрэгтэй загвар байсан юм. Энэ онд Ким Жонс Dior Men руу шилжиж, Виржил Абло Louis Vuitton-ы эрэгтэй чиглэлийн бүтээлч захирлаар томилогдож, Альтон Мэйсон зэрэг этгээд хувцасладаг эрэгтэй стритстайл баатрууд төрөн гарч, эмэгтэйчүүд ч хүртэл эрэгтэй хувцас өмсөхийг илүүд үзэж эхэлсэн юм.

2019

Шинэ арван жил руу шилжин орохдоо бид стритстайлаас бага зэрэг уйдсан байдалтай байгаа ч олон нийтийн сүлжээн дэх стритстайл зургуудыг эргүүлэн үзсэн хэвээр л байна. Тэр дундаа нэг загварын шоунаас нөгөө рүү яаран гүйхдээ хөлд эвтэйхэн гутал, олон халаастай ажилчны хүрэм зэрэг илүү амьдралд ойр хувцасласан баатруудыг харах сонирхол бидэнд үлдсэн байна. Жишээ нь загварын шоунуудад цахилгаан самокаттай хүрэлцэн ирдэг System сэтгүүлийн үүсгэн байгуулагч Элизабет фон Гуттман зэрэг орчин үеийн ухаалаг стильтэй бүсгүйчүүдээс бид хэзээ ч уйдахгүй биз ээ.

"Зурагчны хувьд хэлэхэд би цаашид нэгэн хэвийн туфли, цүнх, хувцаснуудыг ахин дахин харах ямар ч хүсэлгүй байна. Энэ бүхэн нь маш хиймэл, төлбөртэй контент мэт харагддаг. Би яг одоо загварын шоунд хүрэлцэн ирсэн зочдоос илүү ажлаа дуусгаад өөрийн хүссэн хувцсаа өмсөөд гараад явж буй моделиудыг харах дуртай. Тэд ихэвчлэн маш чөлөөтэй, энгийн хувцасладаг тул хэт хичээсэн зочдын дэргэд илүү cool харагдаж чаддаг. Үүнээс гадна хамгийн сүүлд болж өнгөрсөн хавар-зун 2020 улирлын загварын долоо хоногууд намайг ихэд баярлууллаа. Шинэ сэтгэлгээ, шинэ дүр төрхүүд гарч ирж байгаад догдолж байна" хэмээн BURO.-гийн стритстайл зурагчин Есений Арасланов энэ талаар санал бодлоо хуваалцсан юм.


Сүүлийн 20 жилд street style-ийн түүхэнд тохиосон 20 чухал үйл явдал (фото 25)
цааш үзэх