Met Gala 2017 үдэшлэг дээрх хамгийн загварлаг эрчүүд
Райан Рейнольдс, Diddy, Жо ба Ник Жонас
Хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотын Метрополитен музейд Met Gala 2017 үдэшлэг зохион байгуулагдаж, урлаг соёлын одууд этгээд атлаа загварлаг дүр төрхийг бидэнд харууллаа. Арга хэмжээний улаан хивсэн дээр бүсгүйчүүд Рей Кавакубогийн өвөрмөц хэв маягт тохируулсан авангард дүр төрх гаргасан бол, ихэнх эрчүүд сонгодог стилийг илүүд үзлээ.
Райан Рейнольдс, The Weeknd, Future, Риз Амед зэрэг уран бүтээлчид сонгодог хослол өмссөн бол, Дональд Гловер буюу Childish Gambino, Ник Жонас нар хээтэй загвар сонгож, улаан хивсний ёслолд шинэ хэв маяг нэвтрүүлсэн юм. Харин жүжигчин Рами Малек, Жо Жонас нар тод өнгөөр хувцаслаж, зоригтой алхам хийлээ. Гэхдээ энэхүү үдшийн хамгийн анхаарал татам төрхийг рэпер Diddy, Фарелл Уильямс, Жейден Смит нар бүрдүүллээ. Diddy Met Gala-гийн улаан хивсэн дээр Rick Owens брэндийн судалтай хар өнгийн хослол ба урт нөмрөгөөр гоёсноор үдшийн хамгийн ганган хувцасласан эрэгтэйгээр тодорсон юм. Продюсер Фаррелл Уильямс Comme des Garçons брэндийн уранхай жийнс, арьсан хүрэм өмссөн нь энгийн харагдаж байлаа. Харин жүжигчин Жейден Смит урт үсээ тайрч, тайрсан үсээ гартаа барин үдэшлэг дээр хүрэлцэн ирж, зочдыг гайхшрууллаа.