Хайх

Алдартай кино найруулагчдын хийсэн 7 загварын сурталчилгаа

Кино болон загварын ертөнц нэгдсэн нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Баз Лурман: Chanel (2004)

Томоохон хэмжээний тайз засал, эмгэнэлт зохиол мөн мэдээж хэрэг уулга алдам гоёмсог даашинзууд Баз Лурманы найруулсан Chanel №5 сүрчгийн сурталчилгаанаас харагдана. Николь Кидман гол дүрд нь тоглосон энэхүү сурталчилгааг нийт 42 сая ам.доллараар бүтээсэн гэдэг.

Даррен Аронофски: YSL (2011)

Франц жүжигчин Венсан Кассель La Nuit de L'Homme Yves Saint Laurent сүрчгийн нүүр царайгаар сонгогдох үед сүрчгийн борлуулалт огцом өсөж, өндөр амжилтад хүрсэн байдаг. Иймээс YSL ордон жүжигчинтэй хийсэн гэрээгээ сунгахаар шийдэж түүнийг Даррен Аронофскигийн найруулсан хоёр дах сурталчилгаанд дүр бүтээхийг хүссэн билээ. Хоёр минут үргэлжлэх энэхүү бичлэгт Кассель мэдээж хэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүдийг урхидаж буйгаар гарна.

Дэвид Линч: Dior (2011)

Жүжигчин Марион Котийяр гол дүрд нь тоглосон "Цэнхэр Шанхай Хатагтай" нэртэй богино хэмжээний киног алдарт найруулагч Дэвид Линч өөрийн биеэр, гарт барьдаг видео камер ашиглан бүтээсэн билээ. Dior ордон найруулагчид хандан зөвхөн Lady Dior гар цүнх болон Шанхай дахь сувдан цамхгийг бичлэгт тусгах хүсэлтийг гаргажээ. Бусдыг найруулагчид бүрэн даатгасан байна.

Дэвид Финчер: Calvin Klein (2013)

Жүжигчин Руни Мара найруулагч Дэвид Финчерийн "The Girl with the Dragon Tattoo" кинонд тоглосны дараа мөн л түүний найруулсан Calvin Klein брэндийн богино бичлэгт дүр бүтээсэн. Хар-цагаан өнгийн энэхүү сурталчилгаа нь Downtown сүрчгийг танилцуулдаг байгаа. Бичлэгээс Руни Марагийн илүү чөлөөтэй, сэтгэл хөдлөл ихтэй дүр төрхийг олж харах боломжтой.

Аньес Варда: Miu Miu (2015)

Miu Miu брэндэд зориулсан энэхүү богино хэмжээний киног Аньес Варда бүтээсэн юм. Les 3 Boutons хэмээн нэрлэгдсэн энэ бичлэг нь Жасмин нэртэй 14 настай охины тухай өгүүлдэг бөгөөд зохиолын дагуу тэрээр өөрөөс нь хэт дахин том хэмжээтэй даашинз илгээмжээр хүлээн авдаг. Үүний дараагаар Жасмин тосгоноос нийслэл хот руу явган аялалд гардаг ба аялах замдаа залуу охидтой холбоотой уламжлалт ойлголтуудыг няцаасан сонирхолтой үйлдлүүд хийх болно.

Уэс Андерсон: H&M (2016)

Уэс Андерсон Come Together нэртэй бичлэгийг өөрийн "The Darjeeling Limited" кинотой ижил уур амьсгалтай байхаар хийсэн билээ. Бичлэгийн үйл явдал зул сарын өмнөх өдөр өрнөдөг ба "Өвлийн экспресс" галт тэрэгний кондуктор Эдриан Броуди зорчигчдод хандан цасан шуурганы улмаас галт тэрэг очих цэгтээ 12 цагийн дараа очих болсныг зарладаг юм. Харин энэхүү зарлалыг хийснийхээ дараа Эдриан галт тэрэг дотор зул сарын баяр зохион байгуулдаг билээ.

Спайк Жонз: Kenzo (2016)

Kenzo-гийн хамгийн анхны сүрчигт зориулсан видео сурталчилгааг "Her" киноны найруулагч Спайк Жонс найруулсан билээ. Гурван минут үргэлжлэх энэхүү бичлэгт жүжигчин ба хуучин балетчин Маргарет Куоли оройн зоогоос зугтан бүжиглэж, дүрсгүйтэж буйгаар гарна. Бүжгийг Sia-гийн Chandelier дээр ажиллаж байсан Райан Хеффингтон дэглэжээ.

цааш үзэх