Хайх

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон

Text: Д.Чанцалдулам


Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон

Одоогоос 200 жилийн тэртээ, Францын зүүн хэсэгт сүндэрлэх Юрийн уулсын энгэрт орших Анше тосгоныхонд оногдсон байгалийн хишиг бол ой мод, ус, чулуу байв. Тухайн үед хамгийн чухал түүхий эд асан модыг түлшинд, мөн модон эдлэл хийхэд түлхүү ашиглаж, усан тээрмийн хүчийг бусад үйлдвэрлэлд хэрэглэж иржээ. Монголтой адил эрс тэс уур амьсгалтай, өвлийн тэсгим хүйтэн олон сараар үргэлжилдэг энэ уулархаг нутгийнхан өдөр хоногийг гэртээ гаанс, хүүхдийн тоглоом, тавилга зэрэг модон эд, эдлэл нямбай гэгч нь урлан өнгөрөөдөг байж. Уулархаг, хүйтэн нутгийн уур амьсгал оршин суугчдын зан чанарт нөлөөлж, тэвчээр, хатуужил суулгадаг нь тэдний гар урлал хийх няхуур чадварын үндэс болсон гэлтэй.

Ийм нэгэн тосгонд 1821 оны наймдугаар сарын дөрвөнд аж ахуй эрхэлдэг, тээрэмчин гэр бүлд Луи Вьюттон мэндэлжээ. Вьюттоны удам энэ нутагт эртнээс мод боловсруулж ирсэн бөгөөд усан тээрмээр гурил тээрэмдэж, үр тариа байхгүй өвөл цагт холгүй орших ойгоос мод авчирч, үндсийг нь жижиглэн эсвэл тайрдас хэрчин нийлүүлдэг байсан байна.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 1)

Арван настай байхад ээж нь өөд болж, хойд эхээс холдохыг хүссэн Луи арван гуравтайдаа, амьдралаа бүтээхээр алс замд гарчээ. Тухайн үед ажил хайсан залуус торгоны үйлдвэрлэл ид өргөжиж асан Лион хотыг зорьдог байсан бол Луи улам алс руу Парисийг зорьсон байна. Хоёр жил гаруй мужаан, цоож урлагч, гуталчин, малгай урлаач гэх мэт элдэв туслах ажил хийн, суралцаж явсаар арван зургаатайдаа Парис хотод ирэв.

Тэрээр ирсэн даруйдаа хайрцаг урлаач ноён Марешалийн туслах болсон байна. Хайрцаг урлаач, "савлагч" гэж тухайн үед маш их эрэлттэй мэргэжил байжээ. Хайрцаг урлаач үйлчлүүлэгчийнхээ гэрт очин, хувцас, хэрэгсэл, эд хогшил гэх мэт аялалд авч явах бүхий л зүйлийн хэмжээг авч, тэдгээрт тохирсон хайрцаг сав урлана. Аянд явахад үл эвдрэх, доторх зүйлээ хамгаалах, бүрэн бүтэн зорьсон газраа ирэх тийм хайрцаг бүтээнэ гэсэн үг. Ийм хайрцаг нь толь, уран баримал гэх мэт хэврэг зүйлсээс гадна торго дурдан, эмзэг бөс бараа, хувцас зэргийг агуулах бөгөөд, морин тэргээс унасан ч, моринд өшиглүүлсэн ч хэмхрэхээргүй байх шаардлагатай тул маш нарийн тооцоолдог, хариуцлагатай ажил аж. Модоор хийдэг, доторлодог ийм хайрцаг бүтээхэд багаасаа мод андахгүй болсон Луи эв дүйтэй, чадамгай байсан нь ойлгомжтой.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 2)
Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 3)

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 4)

17 жил тэнд ажиллаж, туршлага хуримтлуулсны эцэст 1854 онд Луи бие дааж, анхны дэлгүүрээ Парис хотын төвд нээв. "Хэврэг эд зүйлсийг найдвартай баглана. Загварлаг хувцас баглахад мэргэшсэн" хэмээн үйлчилгээгээ сурталчилсан хуудас тэр өлгөжээ. Түүний анхны алдартай үйлчлүүлэгч хэн гээч? Францын хаан гуравдугаар Наполеоны эхнэр, хатан хаан Эжени. Луи ажилдаа сайн байсан тул нэг үйлчлүүлсэн хүн дахин ирдэг, түүний гарын эв дүйг магтан сайшаадаг байв. Хожим Луи Вьюттоны үйлчлүүлэгчийн тоонд Исмайл Паша, Испанийн хаанаас авахуулаад дипломат элч төлөөлөгч, урлаг соёл, утга зохиолын нэр хүндтэй бүхэн хамрагдах болжээ.

Түүнд зөвхөн хайрцаг сав урлах хангалттай санагдсангүй, өөрийн мэдлэг, чадвартаа тулгуурлан чемодан хийж эхэлжээ. Тухайн үед чемодан гүдгэр тагтай, гадуур нь гахайн ширээр бүрдэг байж. Гаднаас нь харахад болхи, үслэг энэ чемоданы доторх зүйлд арьсны үнэр ууршин шингэж, эвгүй үнэртдэг болохоор Луи гадаргыг сайжруулах, тээшийг хөнгөн болгох тал дээр шинэ туршилтууд хийж, хэт анхаарал татахааргүй, цэвэрхэн, саарал өнгөтэй таар даавуун материалыг гурилан суурьт жонхуугаар бэхжүүлж, ус нэвтрэхгүй болгосон байна.

Тэрээр энэхүү саарал тааран бүрээстэй чемоданаа гүдгэр тагтай, мөн хуучны модон хайрцаг шиг хавтгай тагтай хувилбараар хийж худалдаанд гаргасан нь амжилтанд хүрчээ.

Гэвч түүний нэгэн ажилчин тусдаа гарч, яг ийм загварын чемодан санал болгож эхлэхэд Луи шинэ загвар бодож олов. Чемоданы гадуур хавтгай төмөр сараалжаар бэхлэн, хадаасаар бөхөлж өгсөн энэ загвар аяны тээш гэдэг ойлголтыг нэг мөр өөрчилж, дэлхий даяар, ялангуяа АНУ-д дуурайлган хийж эхэлжээ. Луигийн модтой харьцах чадвар болон хайрцаг урлах мэдлэг ийнхүү түүнийг аяны тээшийн "эцэг" болгосон байна.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 5)

Луи захиалгаа гүйцэхээ больж, үйлдвэрээ өргөтгөхөд хүрсэн бөгөөд 1859 онд Парисийн төвөөс хэдэн км-ийн зайтай Асниер тосгонд үйлдвэрлэлээ нүүлгэж, тэнд гэр бүлээрээ амьдрах болжээ.

Герман-францын дайны уршгаар 1871 оны нэгдүгээр сар хүртэл Парис хот дөрвөн сар гаран Пруссын армид эзлэгдэх үеэр Луи байр, үйлдвэрээ цэргийн орогнол болгоход хүрч, түүхий эд болох бүх мод нь түлшинд зарцуулагдаж, багаж зэвсэг нь үрэн таран болж, ажилчид нь тал бүр тийш одоцгоожээ. Түүний 15 жилийн хөдөлмөр ийнхүү хийсэн одсон боловч тэр бууж өгсөнгүй, Асниер дэх үйлдвэрээ сэргээж, Парисийн зүрхэн хэсэгт өөр нэгэн гудамжинд дэлгүүрээ шинээр нээсэн байна.

Түүний саарал тааран бүрхэвчийг 1872 оноос хэт их дуурайх болсон тул, үйлчлүүлэгчдээ шаргал өнгийн дэвсгэр дээр улаан судал бүхий өөр загварыг санал болгож эхэлснээр судал моодонд орсон байна. Мөн л дуураймал элбэгшиж, 1876 онд цайвар шаргал өнгийг бараан шаргал өнгөөр ээлжлэн судал гаргасан хувилбар хийж эхлэв.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 6)

Луигийн хүү Жорж Вьюттон 1873 оноос аавынхаа үйлдвэрт ажиллаж, сайн чемодан хийх бүх үе шатыг дамжин ажилласаар таван жил болоход Луи хүүдээ компанийн удирдлагыг атгуулжээ. 23 настай удирдлагыг гартаа авсан тэрээр тун ажилсаг, компаниа тэлэх хүсэл эрмэлзэл дүүрэн залуу байсан гэж ном дуртатгалд дүрслэгдсэн байдаг. Харин Луи 1892 онд өөд болох хүртлээ үйлдвэртээ шинэ бүтээлч санаанд төвлөрөн, түгжээ чанарыг улам боловсронгуй болгох тал дээр ажиллаж байжээ.

Компанийн түүхэнд Жорж Вьюттоны хийсэн гурван том алхам гэж нэрлэж болох зүйлийг танилцуулвал:

Шүүгээн чемодан болон аяны чемоданууд байнга хулгайчдын хараанд өртөж байдаг тул Луи бүтээгдэхүүнүүдээ найдвартай, аяны сейф маягийн болгох санаа агуулж, дугаарласан ганцхан түлхүүрээр л онгойж болдог цоож хийж байсан бол Жорж 1890 онд хоёр цоож урлагчтай хамтран гуулин цоож бүтээн, патент бүртгүүлжээ. Цоожийг ган гэрээр бүрж, тохиолдлын зарчмаар дугаарлан түлхүүр өгч байсан ба бат бөх, мөн код хийх олон хувилбартай тул түлхүүргүйгээр тэр бүр амар онгойхгүй болгов. Үйлчлүүлэгч бүрт нэг дугаар хуваарилж, түүний бүх тээшинд уг цоожийг хийдэг ба эзэн нь ганц түлхүүрээр бүх тээшээ онгойлгох төдийгүй, ирээдүйд захиалах аяны чемоданд ч уг түлхүүрт тохирох цоож хийх боломжтой. Үйлчлүүлэгчийн энэ мэдээлэл чанд хяналтанд байх ба түлхүүрээ алдсан тохиолдолд нөхөн үйлдвэрлэх юм уу шинэ захиалга өгөхөд олшруулдаг нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн дугаартай нэг түлхүүрээр Луи Вьюттоны бүх чемодан, цүнхээ онгойлгох аж. Парист хулгайд алдагдсан Луи Вьюттон чемоданы цоожийг онгойлгож дийлээгүй тухай яриа олонтаа дэгддэг байсан ба ямар ч багажаар оролдоод дийлдэггүй байсан гэх.

Алдарт илбэчин Харри Худинид хандан Жорж Вьюттон "...үзүүлбэртээ хэрэглэдэг авдар савыг тань таны зорилгод нийцүүлэн засаж, янзалсан байдаг буй за хэмээн мөхөс би таамаглаж байна. Иймд та миний бүтээсэн хайрцагт орж, ажилтан маань цоожилсны дараа, түүнээс мултран гарах үзүүлбэрээ хийн болгооно уу хэмээн уриалж байна" гэсэн уриалгат хуудас хийж байв. Луи Вьюттон чемоданы бат бөх чанар, цоожны аюулгүй байдлыг судалж мэдсэн үү, ямартаа ч илбэчин хариу өгсөн тухай эх сурвалж хайгаад олсонгүй.

Тэдний бүтээгдэхүүнийг дуурайх тохиолдол ихсэх тусам шинэ загвар зохиох ажилд орж, Луи Жорж хоёр шаргал бор өнгөөр солбисон "Дамиер" буюу шатрын хөлгөн хээг 1888 онд бүтээжээ. Түүхэндээ анх удаа энэхүү хээтэй загвар дээрээ "Луи Вьюттоны шошго" хэмээн бичиж, албан ёсоор бүртгүүлсэн нь Жоржийн хоёр дахь том үйл юм. Луи өөрийн бүтээлүүдээ тэр хүртэл хэзээ ч патентлуулж байгаагүй аж. Шатрын хөлгөн хээг 1889 онд Парист болсон Дэлхийн үзэсгэлэнд анх танилцуулсан бөгөөд энэ үзэсгэлэнгээр Дамиер хээтэй тэдний шүүгээн чемодан болон бусад тээш алтан медалийн эзэн болжээ. Уг үзэсгэлэнгээр Эйфелийн цамхагийн нээлт хийсэн гэхээр Луи Вьюттоны алдарт шатрын хөлгөн энэхүү бор хээ, алдарт цамхаг хоёул нэг үеийнх болж таарав.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 7)

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 8)

Хэдий бүртгэгдсэн ч Луи Вьюттоны загварыг дуурайх оролдлого багассангүй. Дуурайхад амар судал, дөрвөлжин хээнээс салах зорилгоор Жорж 1896 онд Монограм загвар бүтээсэн нь түүний гурав дахь гавьяа юм. Өөд болсон аавынхаа нэрийн эхний үсгүүдийг зэргэцүүлэн компаний гагцхүү өөрийн гэсэн загвар бий болгосон. Дөрвөн дэлбээт цэцэг, дөрвөн үзүүрт оддын тухай олон тайлбар бий. Асниер дэх өсөж том болсон гэрийнх нь ханан дээрх наалт, түүнчлэн Парисийн гүүр, сүмийн шилэн цонх дээрх хээ, Венецийн Дожийн ордон зэрэг Европын эртний барилгын багана дээр таардаг дөрвөн дэлбээт цэцэг, эртний Египтийн хивсэн дээрх хээ, тэр ч байтугай Японы "мон" урлаг, тоорын цэцгээс санаа авсан хэмээн олон янзаар тайлжээ. Ямартаа ч Жорж аавынхаа нэрийн үсгүүдийг тойруулан хүндэтгэлийн цэцэг, од маягаар тараасан гэдэг ба дөрвөн дэлбээг аз авчирдаг хэмээх мухар сүсгийг мөн дагасан аж. Жорж "Аяны хайрцгийн түүх" хэмээх ном 1892 онд гаргасан бөгөөд уг бүтээлд нь дүрслэгдсэн XIV зууны хайрцаг дээр тэрхүү дөрвөн үзүүрт од болон цэцгийн зураг байдаг. Тэгэхээр Жорж эртний уламжлалт хээнээс санаа аван Луи Вьюттоны өнөөгийн танил Монограм хээг бүтээжээ.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 9)

1883 онд Асниерт төрсөн ач хүү Гастон-Луи нь номонд дуртай, аяллын тэмдэглэл бичдэг, элдэв загвар зохиож эрээчдэг, урлагийн бүтээл цуглуулдаг нэгэн байсан ба 1897 оноос гэр бүлийн компанид ажиллаж эхэлжээ. Тэрээр аяллын чемоданы тухай ном бичиж, түүн дээрх наалтуудыг тайлбарласан нийтлэл бичиж байсан. Уламжлал болсон аяллын бүтээгдэхүүнээс гадна өдөр тутмын амьдралыг таатай болгох зүйл зохион бүтээж, үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Гастон -Луи 1926 онд анхны Вьюттоноор овоглосон сүрчиг зах зээл дээр гаргасан байна.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 10)

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 11)



1970 онд Гастон-Луи өөд болсноор компани дөрөв, тав дахь үедээ өвлөгдөн очсон ба өргөжин тэлж, улмаар том концернд хамрагдах болсон бөгөөд хувцас загварын ертөнцөд хөл тавьснаар өдгөө дэлхийн олон оронд 400 орчим дэлгүүртэй болжээ.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 12)

Үзэсгэлэнд Луи Вьюттоны анхны бүтээгдэхүүн он цагийн явцад хэрхэн боловсронгуй болсон, мөн хамгийн их эрэлттэй гар цүнхнүүдийг танилцуулсан бөгөөд алдартай загвар зохион бүтээгчидтэй хамтарсан бүтээлүүдийг мөн дэлгэжээ.

Цүнх халуунд хэр тэсвэрлэж байна, гутлын өсгийг хэр удаан доргиож болж байна, бөс барааг хэр их үрж байж урагдаж байна гэх мэт 2000 гаруй төрлийн элдэв туршилт сар бүр явуулдаг зориулалтын лаборторитой, 60 гаруй машин тэнд нь татаж чангааж, даралт үзүүлж, бүтээгдэхүүнийг сорьдгоос Луи Вьюттон бүтээгдэхүүний хийц, чанарыг хичнээн эрхэмлэдэг нь харагдана. Нэг гутлыг хийхэд загвар гаргаснаас бэлэн болтлоо 6-8 сарын ажил болох ба 150 ажлын алхам хийгдэнэ. Үзэсгэлэнгийн нэгэн хэсэгт Луи Вьюттон цүнх урлаач мэргэжилтэн цүнхний эд эсийг хэрхэн хийж буйг харуулах бөгөөд чимхлүүр, нарийн ажил болох нь илт. Цүнхний зөвхөн бариулыг хийхэд 13 алхам дамнадаг гэнэ.

Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 13)Аяны тээшийн загалмайлсан эцэг Луи Вьюттон (фото 14)

160 гаруй жилийн түүхтэй энэ брэнд 13-хан насандаа гэрээсээ гаран Парисийг зорьж, 33 насандаа анхны дэлгүүрээ нээж чадсан, шийдэмгий, ажилсаг, уулархаг нутгийн модчин хүүгээр эхэлсэн гэж бодохоор бахдах сэтгэл эрхгүй төрнө. Луи түүний хөвгүүдийн бүтээл үргэлж дуурайн хуулбарлагчдын олз болж байсан ч тэд үргэлж нэг алхам урагшилж, шинийг зохиож чадсан. Хуулбарлана гэдэг бол магтаалын нэг хэлбэр гэж Коко Шанель хэлсэнчлэн, өдгөө дэлхийн хамгийн их хуулбарладаг цүнхний тоонд Луи Вьюттон орсон хэвээр. Берлин хотноо, Франц харш хэмээх сүрлэг барилга дотор дэлгэгдсэн Луи Вьюттоны цаг хугацааны түүхийг харуулсан энэхүү үзэсгэлэнгээр ороод гарахдаа аливаад няхуур, нямбай хүн мэдлэг чадвараа хөгжүүлж, шинийг эрэлхийлж, хамгийн гол нь зогсолтгүй сайжирсаар ямархан өв үлдээсний тод жишээг мэдэж авлаа.

Берлин хот

2017 он

цааш үзэх