Хайх

Burberry брэндийн шинэ бүтээлч захирал Риккардо Тишигийн тухай мэдэх хэрэгтэй зүйлс

Burberry брэндийн шинэ бүтээлч захирал Риккардо Тишигийн тухай мэдэх хэрэгтэй зүйлс

Өнөө цагийн алдарт дизайнер

Text: Buro.Mongolia


Givenchy брэндийг 12 жил хариуцаж ажилласан, Burberry брэндийн шинэ бүтээлч захирал, өнөө цагийн загварын салбар дахь хамгийн алдартай дизайнеруудын нэг Риккардо Тиши гэж хэн бэ?

Бэрхшээл дундаас төрсөн авьяастан

1974 онд төрсөн Риккардо Тиши Италийн өмнө зүгт орших Таранто хотод өнөр өтгөн гэр бүлд өсч торнижээ. Тэрээр 10 хүүхэдтэй айлын ганц хүү бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ маш дотно өссөн тухайгаа дурсах дуртай. Бага байхад нь түүний аав өөд болж, 10 настайгаасаа сургалтын төлбөрөө олохын тулд ажил хийж эхэлжээ. "Тухайн үед үеийнхэн маань тоглож наадан, цэнгэлдэх хүрээлэнгээр зугаалдаг байсан бол би хичээлээ тараад л ажилдаа явдаг байлаа. Үргэлж өөрөөсөө ахмад хүмүүстэй ажилладаг байсан учир маш хурдан биеэ дааж сурсан" хэмээн Highsnоbiety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Тиши дурссан байдаг.

Тэрээр 17 насандаа Сара Бёртон, Александр Маккуин, Марк Жейкобс зэрэг дизайнеруудын төгссөн Лондонгийн Central Saint Мartins сургуульд элсэн орсноор түүний амжилтын гараа эхэлсэн гэдэг. 2005 онд тэрээр Givenchy брэндийн эмэгтэй болон кутюр цуглуулгын дизайнераар томилогдож, 2008 оноос эрэгтэй цуглуулгыг давхар хариуцах болсон юм.

Риккардо Тишигийн Givenchy брэндэд авчирсан амжилт

Burberry брэндийн шинэ бүтээлч захирал Риккардо Тишигийн тухай мэдэх хэрэгтэй зүйлс (фото 1)

12 жилийн турш Givenchy загварын ордныг хариуцаж ажиллахдаа Риккардо Тиши өвөрмөц хээ, неоромантик хэв маягийг загварууддаа тусгаж брэндийн өнгө төрхийг шинээр тодорхойлсон юм. Түүний урласан архирч буй ротвейлэр үүлдрийн нохойн зурагтай загварууд одоо ч алдартай бөгөөд Канье Уэст, Рианна зэрэг олон алдартнуудын өмсөх дуртай загвараар сонгогдсон билээ. Харин эрэгтэй цуглуулгаа бүтээхдээ тэр готик хэв маяг, романтизм болон чөлөөт байдлыг нэг дор цогцлоосон нь брэндийн эрэгтэй цуглуулгын чиглэлийг цоо шинэ түвшинд аваачсан юм.

Спорт загварын шүтэн бишрэгч Риккардо Тиши

Burberry брэндийн шинэ бүтээлч захирал Риккардо Тишигийн тухай мэдэх хэрэгтэй зүйлс (фото 2)

"Намайг загварын ертөнцөд ажиллаж эхлэх үед тансаг, чамин, эмэгтэйлэг хэв маяг ноёрхсон байлаа. Харин би гудамжинд өмсөж болох спортлог, чөлөөт загваруудыг эргэн авчрахыг хүссэн. Учир нь энэ бол бодит байдал" хэмээн нэгэн ярилцлагадаа дизайнер дурдсан байдаг. Одри Хепберний дэгжин, эмэгтэйлэг байдлаар л төсөөлөгддөг байсан Givenchy брэндийг шинэ мянганыхны хайртай брэнд болгож чадсан нь түүний энэ үзэлтэй холбоотой болов уу. 

Алдартнуудын шүтээн

Burberry брэндийн шинэ бүтээлч захирал Риккардо Тишигийн тухай мэдэх хэрэгтэй зүйлс (фото 3)

Ким Кардашьян, Рианна, Канье Уэст, Ники Минаж зэрэг олон алдартнууд Риккардо Тишигийн загваруудыг таалдаг билээ. Тэр дундаа Канье Уэст Тишитэй илүүтэй хамтарч ажилласан байдаг ба Watch the Throne аялан тоглолтондоо өмсөж байсан алдарт арьсан хослол болон хуримын хослолыг Риккардо Тиши урлажээ.

Burberry брэндийн хувьд хамгийн оновчтой сонголт

Риккардо Тишиг Burberry брэндийн бүтээлч захирлаар томилсон нь тун зөв сонголт хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд тэрээр томилогдсон даруйдаа анхаарал татам стайлинг, зохиомж бүхий "B Classic" нэртэй цуглуулгаа танилцуулсан билээ. Түүнчлэн график дизайнер Питер Сэвиллтэй хамтран брэндийн лого болон монограм хээг шинэчилсэн нь загварын салбарт багагүй шуугиан тарьсан юм. Олныг гайхшруулах дуртай Риккардо Тиши Burberry брэндэд ямар хэв маяг баримталж ажиллахыг мэдэхгүй ч гайхалтай зүйлийг бэлдэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх