Эдгээр залуу брэндүүдийн гар цүнхнүүд Prada-гаас ч илүү эрэлттэй байна
Амжилтын шинэ нууц
Business of Fashion сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Cult Gaia, Staud ба Danse Lente нэртэй гурван брэндийн гар цүнхнүүд хэрэглэгчид дунд эрэлт ихтэй байж, амжилтад хүрч болох шинэ арга замыг харуулж байна.
"Хэрвээ та Instagram сүлжээнээс #cultgaia гэж хайлт хийвэл залуу брэндэд зориулагдсан 12,600 гаруй нийтлэл олж харна. Энэхүү брэндийн Ark нэртэй 128 долларын үнэтэй клач нь загварын салбарын нөлөө бүхий хүмүүсийн хамгийн дуртай цүнхнүүдийн нэг болоод байна" хэмээн Business of Fashion сэтгүүлийн мэргэжилтнүүд онцолж байна.
Зах зээлийн жижиг хүрээг хамарсан залуу брэндүүд сүүлийн улирлуудад олны анхааралд өртөж, амжилтад хүрэх болсон. Ийм төрөлд хамрагдах хамгийн анхны брэнд бол Нью-Йоркоос гаралтай, арьсан материал бүхий аксесуар санал болгодог Mansur Gavriel юм. Cult Gaia, Staud ба Danse Lente гэх брэндүүдийг Mansur Gavriel-ийн залгамжлагчид гэж нэрлэдэг. "Эдгээр гурван брэнд нь тус бүртээ маш өвөрмөц гоо зүйн чиглэл баримталдгийн зэрэгцээ хэрэглэгчдэд боломжийн үнэ санал болгодог давуу талтай. Мөн хамгийн гол нь тэд Insagram сүлжээгээр дамжуулан ухаалаг сурталчилгаа хийж, салбарын нөлөө бүхий эрхмүүдийн анхаарлыг татаж чадсан" гэж BoF нэмж хэллээ.
Net-a-Porter-ын борлуулалтын захирал Лиза Эйкены хэлснээр вебсайтын хамт олон эдгээр брэндүүдийг анх Instagram сүлжээнд олж харсан бөгөөд сонирхох үүднээс брэндүүдийн цүнхнүүдийг худалдаалж эхэлсэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь цүнхнүүд хэдхэн долоо хоногийн дотор, заримдаа бүр хэдхэн хоногийн дотор борлуулагдаж дуусдаг аж. Net-a-Porter вебсайт дээрх Cult Gaia, Staud ба Danse Lente брэндүүдийн борлуулалтын индекс богино хугацаанд 100% болж чадсан нь үнэхээр гайхамшигтай.
BoF сэтгүүлийн дүгнэснээр зах ээлийн жижиг хүрээг хамарсан залуу брэндүүдийн гар цүнхнүүд Prada ба Chloé брэндүүдийн алдарт загваруудаас ч илүү эрэлттэй болсон байна.