Италийн Vogue сэтгүүл шинэ ерөнхий редактороо томиллоо
Сэтгүүлийн түүхэнд анх удаагаа эрэгтэй хүн сонгогдлоо
Vogue Italia сэтгүүлийг 28 жилийн турш удирдсан Франка Соццанигийн орыг GQ Italia сэтгүүлийн ерөнхий редактор байсан Эмануэле Фарнети орлохоор болжээ. Тэрээр мөн тус сэтгүүлийн эрчүүдэд зориулсан хувилбар болох L'Uomo Vogue-ийг удирдахаар томилогдсон байна. Фарнети өмнө нь GQ Italia сэтгүүлээс гадна Италийн AD сэтгүүлийн ерөнхий редакторын албыг олон жил хашсан туршлагатай хүн юм.
Condé Nast International хэвлэлийн газрын ерөнхий захирал Жонатан Ньюхаус шинэ томилгооны талаарх мэдээллийг Франка Соццанигийн төрсөн өдөр буюу нэгдүгээр сарын 20-нд олон нийтэд зарлалаа.
"Эмануэле бол Итали улсад ажиллаж буй өнөө цагийн хамгийн туршлагатай ерөнхий редакторуудын нэг юм. Тэр ажилдаа хайртай бөгөөд гялгар сэтгүүл удирдах төрөлхийн авьяастай нэгэн. Тэр Италийн Condé Nast багт GQ сэтгүүл 1999 онд нээлтээ хийх үед нэгдэж, тэр цагаас хойш өдийг хүртэл зөвхөн удирдах түвшний албан тушаал хашиж, Flair ба AD сэтгүүлүүдийн ерөнхий редактороор ажилласан туршлагатай. Эмануэле загвар ба гэрэл зурагт тулгуурласан шинэлэг, өвөрмөц, этгээд контент үйлдвэрлэх онцгой чадвараараа олонд танигдаж чадсан" хэмээн Ньюхаус өөрийн хийсэн томилгооны талаар тайлбарласан байна.