Хамгийн тансаг бэлэг: Tiffany & Co. $112,000 үнэтэй зул сарын бэлэгний багц гаргалаа
Дотроо алмазан бөгжнөөс эхлээд брэндийн тусгайлан гаргасан “Tiffany blue” өнгөтэй мотоцикл хүртэл нийт 24 бэлэг агуулна
Хүүхэд насны дурсамжийг сэргээх мандариний үнэр, өвлийн өвөө, цасан охин, гялалзаж гялтганах сүлд мод, инээд хөөрөөр дүүрэн арванхоёрдугаар сар эхэлсэнтэй холбогдуулан брэндүүд Зул сар хүртэлх өдөр хоногийг тоолох зуураа өдөр бүр бэлэг хүлээн авах зориулалттай "advent calendar" буюу дотроо бэлэгтэй Зул сарын хуанлийг танилцуулж байна. Тэдгээрээс хамгийн тансаг, эмэгтэй бүрийн мөрөөдөл болох, дэлхийд төрөлдөө цор ганц хуанлийг Tiffany & Co. брэнд гаргажээ. Уулга алдам $112,000 үнэтэй энэхүү хуанли нь санхүүгийн хувьд хүндхэн санагдаж болзошгүй ч дотор нь агуулагдах үнэт бэлэгнүүдийг харах төдийд өндөр үнэлгээг нь ойлгох болно.
Тодруулбал уг бэлэгтэй хуанлийг хүлээн авсан хүн Зул сарын баяр хүртэлх 24 хоногийн турш өдөрт нэг хайрцгийг нээснээр өөр хоорондоо адилгүй, онцгой бэлэгнүүдийг гардан авах юм. Tiffany-гийн Нью-Йорк дахь Тавдугаар өргөн чөлөөнд байрших төв дэлгүүрийн дизайныг хуулбарласан, алдарт "Tiffany blue" өнгөтэй, 1.22 м өндөртэй аварга том бэлэгний хайрцаг дотор нийт 24 жижиг хайрцаг байрлах бөгөөд хайрцаг бүрт 130 ам.доллараас эхлээд 16,800 ам.доллар хүртэлх үнэтэй, тун өвөрмөц бэлэгнүүд агуулагдах болно. Тэр дунд алмазан унжлагатай хүзүүний зүүлт, саяхан танилцуулагдсан Tiffany 1837 Makers бугуйн цаг, 18 карат бүхий Tiffany T True алтан бугуйвч зэрэг брэндийн алдарт үнэт эдлэлүүдээс гадна Tiffany-гийн тусгайлан урласан мотоцикл, биллиардын ширээ, 5 м өндөр бүхий мөнгөн хүрээтэй хүлэмж зэрэг жинхэнэ утгаараа тансаг бэлэгнүүд багтсан байгаа. Гэхдээ үнэт эдлэл сонирхогчдын хувьд эдгээр 24 бэлгээс хамгийн сэтгэл хөдөлгөм онцгой бэлэг нь өөгүй гөлгөр гадаргуутай, брэндийн мэргэжилтнүүдийн өөрсдийн гараар тусгайлан урласан, төрөлдөө ганц, 8 карат бүхий алмазан бөгж байна гэдэгт эргэлзэх зүйл үгүй юм.
Tiffany & Co. брэндийн гаргасан уг бэлэгтэй хуанли нь нийт 160 кг жинтэй бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэрт захиалсан тохиолдолд цагаан бээлий өмссөн брэндийн мэргэжилтнүүд гэрт тань хүргэлт хийж, угсарч өгөх болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.