Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?
Арванзургаа дах дугаар
Монголын Дараагийн Топ Моделийг тодруулж, олон нийтийн сэтгэлийг хөдөлгөсөн нэгэн мартагдашгүй үдэш дөрвөн хоногийн өмнө болж өнгөрлөө. Энэ тэнцүү хүчирхэг гурван өрсөлдөгчөөс цорын ганц ялагчийг тодруулах хүндхэн даалгавар хүлээн авсан нэвтрүүлгийн үндсэн шүүгч М.Оргил, Т.Нансалмаа болон Нора Дагва нар энэхүү түүхэн үдэшт зориулан маш гоёмсог, сонгодог төрх бүрдүүлсэн байлаа. Мөн нэвтрүүлгийг эхний өдрөөс дуусах хүртэл нь зохион байгуулж, бүхий л үйл явцад нь гар биечлэн оролцож, хүч хөдөлмөрөө шингээсэн Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер Ө.Содгэрэл өөрийн гоо үзэсгэлэнгээр финалын загварын шоуг чимлээ.
Нэвтрүүлгийн дугаар бүрт жинхэнэ жентльмен төрх бүрдүүлдэг шүүгч М.Оргил энэ удаад ч бас бидний урмыг хугалсангүй. Тэр L'Uomo маркийн хөх өнгийн tuxedо хослолоор гангарч, Premier Tailor-ын энгэрийн алчуур ба эрвээхий зангиа зүүсэн байлаа. М.Оргилын хувцаслалтыг илүү цэмцгэр, тансаг болгож байсан бас нэгэн аксесуар бол Damiani брэндийн хагас үнэт чулуутай, мөнгөн хийцтэй чагтан товч юм. Эрэгтэй хүнд зориулсан аксесуар цөөн байдаг хэдий ч жижигхэн, чамин зүйлс тэдний төрхийг хормын зуур сэргээх чадвартай байдгийг хүндэт шүүгчийн хувцаслалтаас харах боломжтой.
Нэвтрүүлгийн туршид онч мэргэн үгс, цэцэн ухаанаараа үзэгч биднийг баярлуулж байсан шүүгч Т.Нансалмаа финалын шоунд зориулж Burberry брэндийн галбир тодотгосон хар даашинзыг Mikoto-гийн хоёр давхар сувдан зүүлт ба ээмэгтэй хослуулан өмслөө. Ямар ч нөхцөлд тохиромжтой, сонгодог хар өнгө болон эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, нарийн мэдрэмжийг тодотгож өгдөг сувдны нэгдэл үргэлж оновчтой шийдэл болдгийг Т.Нансалмаа шүүгч харууллаа.
Шүүгч, хөтлөгч Нора Дагва нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаарт Dolce & Gabbana брэндийн намар-өвөл 2016 цуглуулгад багтсан хар-цагаан өнгийн хээтэй, гялалзсан элементтэй даашинзаар гоёлоо. Энгийн эсгүүртэй атлаа тансаг мэдрэмж төрүүлэх түүний даашинз Damiani брэндийн очир эрдэнэ чулуутай ээмэг, бөгж ба бугуйвчтай хосолсноор супер модель бүсгүйг од мэт гялалзуулж байлаа. Нора Дагва мөн Christian Louboutin брэндийн шөнийн тэнгэр санагдуулам хөх өнгийн гялалзсан туфли сонгосон нь түүний хувцаслалтанд өнгө нэмж, үзэгчдийн харцыг булаалаа.
Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэг Монголд анх удаагаа зохион байгуулагдахдаа ийм зэргийн амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гол хүмүүсийн нэг бол ерөнхий продюсер Ө.Содгэрэл юм. Тэрээр нэвтрүүлгийн үйл явцыг эхнээс нь дуусах хүртэл зохион байгуулж, хянаж, удирдахаас гадна зочин шүүгч ба зураг авалтын зөвлөхөөр ажилласныг үзэгч та бүхэн анзаарсан байх. Финалын шоунд зориулж Ө.Содгэрэл загварын ертөнцөд шуугиан тарьж, алдартнуудын сонголт болж буй Колумбын дизайнер Johanna Ortiz-ын resort 2017 цуглуулгад багтсан топ ба юбканаас бүрдсэн хослолоор гоёж, Gianvito Rossi-гийн улаан өндөр өсгийт өмссөн байлаа. Тэр мөн Damiani брэндийн очир эрдэнэ чулуутай ээмэг, бөгж, цаг ба бугуйвч зүүснээр эмэгтэйлэг ба эрхэмсэг төрхөө тодотгожээ.