Рианна таныг Savage x Fenty сурталчилгаанд оролцохыг урьж байна
Хүн бүр оролцох боломжтой
Коронавирусын цар тахлын улмаас Savage x Fenty дотуур хувцасны брэнд сурталчилгаагаа уламжлалт аргаар хийж гүйцэтгэх боломжгүй байгаа тул нэгэн сонирхолтой саналыг тавьж байна. Брэндийн үүсгэн байгуулагч Рианна өөрийн найз нөхөд, Savage x Fenty брэндийн төлөөлөгчид болон худалдан авагчдыг брэндийн дотуур хувцсыг өмссөн зургаа илгээхийг уриалж байна. Ялагч болсон зургуудыг брэндийн албан ёсны Instagram хуудаснаа бүхэл зуны турш нийтлэх бөгөөд зураг бүрийг Rafatoon гэх зураач сонирхолтой фон, арт дүрслэлүүдээр баяжуулах болно.
Энэхүү төслийн эхний хэсгийг брэндийн ойн баярыг тохиолдуулан саяхан цацсан бөгөөд Рианна өөрөө оролцжээ.
Тэмцээнд оролцохын тулд Savage x Fenty дотуур хувцас өмссөн зургаа нийтлэн #SavageXSummer болон #contest хэштагуудыг тавьж, брэндийн Instagram хуудсыг tag хийх хэрэгтэй. Зургуудыг тавдугаар сарын 20 хүртэл хүлээж авах бөгөөд ялагчаар тодорсон хэрэглэгчид руу хувийн зурвас илгээх болно.