Жижи ба Белла Хадид нар анх удаагаа Vogue сэтгүүлийн нүүр дээр хамт гарлаа
Эгч дүүсийн зургийг Стивен Мейзел авчээ
Их Британийн Vogue сэтгүүл гуравдугаар сарын шинэ дугаарынхаа хоёр төрлийн нүүр хуудсыг нийтэллээ. Уг дугаарын гол дүрээр алдарт Хадид эгч дүүс тодорсон байна. Харин зургуудыг Италийн Vogue сэтгүүлийн сүүлийн 20 жилийн бүх нүүр зургийг дарсан домогт Стивен Мейзел авчээ. Загвар өмсөгчдийн өмссөн гинжин хэлхээнээс бүтсэн төмөрлөг даашинзуудыг T Magazine сэтгүүлийн загварын хэлтсийн захирал, орчин үеийн хамгийн нөлөө бүхий стилистүүдийн нэг Жо МакКенна сонгосон юм.
Нүүр хуудасны зураг даруулах зуураа Хадид эгч дүүс зураг авалтын талбар дээр Vogue-ийн редактор Жайлс Хаттерслид богино хэмжээний ярилцлага өгсөн байна. Жижи, Беллагийн тухай ийнхүү хэлжээ: "Би түүгээр маш их бахархдаг. Түүний төлөө юу ч хийхэд бэлэн. Би маш цөөн хүний төлөө ширүүн зантай болж чадна. Белла тэдний нэг юм".