Тренд үл ойшоодог эмэгтэйчүүдэд: Өглөөний 9-өөс үдшийн 12 хүртэлх төрхүүд
BURO x Fabiana Filippi x Bally
“Хуучрашгүй”, “мөнхийн”, “сонгодог” гэх үгсийг загвартай холбон хэрэглэхэд уйтгартай сонсогддог байсан үе саяхан. Гэвч дэлхий нийтээрээ ухамсартай хэрэглээ рүү шилжиж, эмэгтэйчүүд хувцсыг зүгээр нэг өдөр тутмын хэрэглээ биш харин амжилтад нөлөөлөх хэрэгсэл гэж хардаг болсон энэ үед Фиби Файло, Габриэла Хирст, Виктория Бекхэм, Олсен эгч дүүс зэрэг дизайнерууд дээрх үгсийг урьд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хүчтэй, хүсэмжит болгож чадсан билээ. Тэд олон нийтийн сүлжээнд хормын зуурын шуугиан дэгдээх хурц, тод өнгийн этгээд хувцас урлах хялбар замыг сонголгүй удаан хугацаанд үнэн зөв чиглэлээр хөдөлмөрлөсөөр өнөөдөр зорилгоо тогтоосон, ажил хэрэгч, контемпорари эмэгтэйчүүдийг хувцаслаж буй цөөн дизайнеруудын нэг болсон юм.
Мэдээж эдгээр цуутай нэрсээс гадна хувцасны цэмцгэр дизайн болон дээд зэрэглэлийн чанарыг нэн тэргүүнд гаргаж чадсан өөр брэндүүд ч бий. Тэдний нэг бол Италийн минимал стилийн төлөөлөгч болсон Fabiana Filippi юм. Анх 1985 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдгөө 35 жилийн хугацаанд зөвхөн хамгийн сайн чанарын материалаар, хамгийн тав тухтай, сонгодог загваруудыг урласаар ирсэн энэ брэндийн нэр хүнд дэлхийд ухамсартай хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр улам бүр өссөөр байгаа билээ. Бусад брэндүүд шинэ мянганыханд хүрэхийн тулд богино настай трендүүд дунд эргэлдсэн эцэс төгсгөлгүй мөчлөгт орж байх зуур Fabiana Filippi гарал угсаа, өв түүхээ илүү гүнзгий судлан, анхнаасаа баримталж ирсэн бодлогоо хоёр дахин эрчимжүүлсэн байдаг. Ингэснээрээ ч тэдний санал болгох загварууд хуурмаг деталиар анхаарал татахын оронд чимээгүй байдлаар харц булаадаг. Пальтоны оёдол, материал нь тансаг мэдрэмж төрүүлдэг. Пиджакны эсгүүр галбирт төгс суудаг. Харин свитерууд нь үүл шиг хөнгөн санагддаг билээ.
Орчин үеийн эмэгтэйчүүд өмссөн зүүсэн зүйлдээ чанар, хийцээс гадна өөр нэгэн шалгуур тавьдаг болсон нь брэндийн тогтвортой үйл ажиллагаа, тэр дундаа байгаль очиндоо үзүүлж буй нөлөө, хор уршиг үзүүлэхээс илүү нэмэр болохыг хүссэн үйлдлүүд нь юм. Иймээс аксесуарын хувьд Швейцарын Bally брэнд олон хүний сонголт болдог. Дэлхийн зэрэглэлийн тансаг Bally брэнд нь өөрсдийн үүргээ сайтар ухамсарлан бусдад үлгэр дууриалал болох үүднээс брэндийн хувьд чухал гэсэн үнэт зүйлсээ хамгаалж, саяхан Эверест уулан дээрх хогийг цэвэрлэх ажлыг дуусган цаашид хэрхэн байгаль дэлхийдээ эерэг өөрчлөлт оруулж болохыг төлөвлөж байгаа билээ. Тэд мэдээж цөөн тоогоор, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул аль хэдийнэ fast fashion брэндүүдээс илүү тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь илт хэдий ч энэ нь тэдний хувьд хангалтгүй аж. Ийм ч учраас богино болон удаан хугацаанд дэлхийдээ ямар ул мөр үлдээж буйгаа анхаардаг Bally зэргийн брэндүүд зөвхөн бидний төдийгүй олон ухамсартай хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Ингээд тренд үл ойшоодог эмэгтэй та чанартай бөгөөд цэмцгэр, мөн гол нь ухамсартай байдлаар хувцасны шүүгээгээ бүрдүүлэхийг зорьж байгаа бол Fabiana Filippi болон Bally брэндүүдийн Монголд худалдаалагдаж буй шинэ загваруудаас сонголтоо хийн хэрхэн өглөөний ажлын уулзалтаас эхлээд оройн үдэшлэг хүртэлх нөхцөлүүдэд тохируулан хувцаслаж болохыг санал болгож байна.
9 AM
Хурал, уулзалт, магадгүй бүр олны өмнө илтгэл тавих шаардлагатай байж болзошгүй ажил эхлэх өглөөний цагт.
Эмэгтэйчүүд нийгэмд дуу хоолойгоо хүргэж, хүчирхэг харагдах зорилгоор модерн болон үл ялиг андрогин буюу аль нэг хүйсэд харьяалагдаагүй төрхийг “power dressing” стилийн тусламжтай бүрдүүлэх болсон. Энэ стилийн салшгүй нэг хэсэг бол мэдээж сайн чанарын хослол юм. Гэхдээ олон мянган ажилтан дунд уусах нэгэн хэвийн оффис төрх биш харин өнгө нэмсэн аксесуар болон гоёмсог үнэт эдлэлээр чимсэн, анх харахад л чанартай гэдэг нь мэдрэгдэх, шик хослолыг сонгоорой.
1 PM
Хотын төвд найзтайгаа уулзан үдийн зоог барих, дараагаар нь нэг оффисоос нөгөө офиссын хооронд ажлуудаа амжуулан завгүй гүйх өдрийн ид, хөдөлгөөнтэй үед.
Хослолыг аксесуарын ачаар илүү ажил хэрэгч, хээнцэр эсвэл эсрэгээрээ илүү тав тухтай, энгийн болгох боломжтой тул энэ нь ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд хамгийн универсал сонголт болдог. Өдрийн турш олон ажил амжуулах шаардлагатай ч явцын дунд гэнэтийн уулзалт төлөвлөгдөх магадлалтай үед хослолоо хөлд эвтэйхэн кеттэй хослуулж, харин өндөр өсгийтөө өөрт бэлэн авч яваарай.
7 PM
Болзоонд уригдах, эсвэл гэр бүл найз нөхдийн хамт үдийн зоог барих байдлаар өөрийгөө ажлаас чөлөөлөхийг хүсэх үед.
Мэдээж ажил чухал ч, ажлын бус цагаар аль болох өөрийгөө чөлөөлөн, хувь хүний онцлогоо тодотгосон төрх бүрдүүлэх нь сэтгэл сэргээнэ. Минимал, сонгодог стилийг баримтална гэдэг заавал саармаг өнгөнүүд сонгоно гэсэн үг биш тул хувцасны шүүгээндээ тод өнгөнүүдийг бэлдэж тавиарай.
9 PM
Хүлээн авалтад очих, дуурь үзэх зэрэг илүү албан ёсны дресс-кодтой үед.
Ойртох тусам материал, хийц нь улам бүр харц булааж, чанартай гэдэг нь мэдрэгдэх загварууд хамгийн тансаг орчинд ч үнэлэгдэж чаддаг. Тиймээс хувцасны эсгүүр, оёдол болон чанарыг чухалчлан сонголт хийснээр ямар ч нөхцөлд буруудахгүй юм.