Энэ цаг үеийн хамгийн загварлаг жирэмсэн алдартнууд ба тэдний шилдэг төрхүүд
Хамгийн үзэсгэлэнтэй үе
Эрт, дээр үеийн эмэгтэйчүүдэд жирэмсний тусгай хувцас гэх "тансаг" сонголт байдаггүй байлаа. Тэд өөрт байгаа хувцасныхаа оёдлыг тавих, эсвэл томдсон хувцас өмсөх, аль эсвэл бүр сул даавуугаар биеэ ороохоос өөр сонголтгүй байсан. Он цаг өнгөрөх тусам жирэмсний хувцас бага, багаар хөгжиж, илүү өргөн сонголттой болж ирсэн ч, дэлгүүрүүдэд ихэвчлэн сул хормойтой, ямар ч эсгүүргүй гэмээр даашинзууд олноороо харагддаг байв. Харин өнөөдөр бүх зүйл өөрчлөгджээ. Удахгүй ээж болох бүсгүйчүүд маань жирэмслэлтийн үедээ өөрийнхөө хувийн стилийг хадгалж, хамгийн сүүлийн үеийн трендийн дагуу хувцаслах боломжтой болоод байна.
Гэхдээ хүссэн хувцсаа сонгох боломжтой болсон ч гэлээ, өдөр бүр өөрчлөгдөж, улам томрох цоо шинэ биеийн галбирыг загварлаг байдлаар хувцаслах нь мэдээж хэрэг эмэгтэй хүн бүрт анхандаа хэцүү санагдана. Тэгэхээр юунаас эхлэх вэ? Бид та бүхэнд санаа өгөх зорилгоор орчин цагийн хамгийн загварлаг жирэмсэн алдартнуудыг цуглуулж, тэдний шилдэг төрхүүдийг түүвэрлэлээ.
Блейк Лайвли
"Deadpool" киноны жүжигчин Райан Рейнольдстой дөрвөн жилийн өмнө хуримласан үзэсгэлэнт Блейк Лайвли өнгөрсөн жилийн нэгдүгээр сард анхны хүүхэд болох охин Жеймсээ төрүүлсэн билээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард царайлаг хосууд хоёр дах хүүхдээ хүлээж буйгаа олонд мэдэгдэж, шүтэн бишрэгчдээ нэлээдгүй баярлуулсан байгаа. Анхны жирэмслэлтийнхээ үеэр ч тэр, мөн одоо ч тэр Блейк street style зургуудыг өөрийн дэгжин төрхүүдээрээ чимж, удахгүй-ээж-болох хамгийн загварлаг алдартнаар тодроод байна. Жүжигчин бүсгүй тод өнгөтэй анхаарал татам пальто ба хүрэм, маш эмэгтэйлэг даашинз, богино юбка зэрэг зоригтой загварууд өмсөх дуртай юм. Тэр мөн өхөөрдөм гэдсээ нуун дарагдуулах биш харин ч эсрэгээрээ ил гарган, гайхуулах дуртайг доорх зурагнуудаас сонирхоорой. Тэр яг л нар шиг гэрэлтэхгүй байна гэж үү?
Бехати Принслу
Адам Левин ба Бехати Принслу нар анхныхаа хүүхдийг хүлээж буй мэдээ энэ гуравдугаар сард хэвлэл мэдээллээр цацагдах үед бидний толгойд хормын зуур хамгийн cool стильтэй бяцхан хүүхэд төсөөлөгдсөн билээ. Загвар өмсөгч Бехатигийн богем хэв маяг түүний жирэмслэлтийн үеэр ч бас үргэлжилж байгаа харагдана. Тэр slip даашинз, чокер, угладаг сандаал, урт намирсан хүрэм гэх зэрэг биед эвтэйхэн атлаа, орчин үеийн trendy хувцаснууд өмсөх дуртай юм.
Энн Хэтэуэй
"Оскарын" шагналт жүжигчин Энн Хэтэуэй ба түүний нөхөр Адам Шульман нар анхны хүүхэд болох хүү Жонатаныг энэ оны дөрөвдүгээр сард угтан авсан байгаа. "The Devil Wears Prada"-гийн дэгжин бүсгүй жирэмслэлтийнхээ үеэр ихэвчлэн tomboy хэв маягтай сул загварын, биед эвтэйхэн мөн заримдаа хээ угалзаар баялаг романтик загварууд өмсөж байсан билээ. Түүнчлэн тэр өөрийнхөө төрхийг үргэлж гоёмсог цүнх ба аксесуараар чимдэг байсан юм.
Крисси Тейген
Алдарт дуучин Жон Леженд ба загвар өмсөгч Крисси Тейген нарын анхны хүүхэд болох охин Луна энэ оны дөрөвдүгээр сард төрж, хайр дурлалдаа умбасан эцэг, эхээ хязгааргүй их аз жаргалтай болгосон. Крисси есөн сарын турш яг л Ким Кардашьян шиг бие барьсан дундаж урттай даашинз, намирсан урт хүрэм болон өндөр өсгийт өмссөн билээ. Түүнчлэн тэр заримдаа өдрийн хугацаанд байкер савхин хүрэм ба өнгөлөг хүзүүний алчуураар гоёж, харин үдшийн цагаар урт хөлөө гайхуулан богино даашинз өмсдөг байсан нь доорх зурагнуудаас харагдана.
Дашрамд дурдахад хэрвээ бүсгүй танд дотоодын зах зээл дээрх жирэмсний хувцасны сонголт хангалтгүй мэт санагдаж байгаа бол Монгол улс руу шууд хүргэлт хийдэг Asos ба Nordstrom онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээрэй.