Бид энэ зун юу өмсөх вэ: Цэцгэн хээтэй урт даашинз
Романтик хэв маягаар хувцаслацгаая
Дизайнерууд шинэ улиралд зориулан хуниас, цацаг, намирсан материал гээд романтик хэв маягийн бүх өгөгдөхүүнийг нэг дор шингэсэн цэцгэн хээтэй даашинз өмсөхийг уриалж, энэхүү загварыг хэрхэн шинэлэг байдлаар загварчилж болохыг харууллаа. Тухайлбал Chloé брэнд нарийн мөртэй загварыг футболкатай хослуулсан бол Christian Dior, Giambattista Valli брэндүүд романтик хэв маяг давамгайлсан атлаа өвөрмөц эсгүүр, элементээр баяжуулсан хувилбарыг санал болгосон байна. Харин Oscar de la Renta болон Loewe брэндийн дизайнерууд ханцуйтай, бэлхүүс тодотгосон загварыг урлажээ. Ямар ч үед өмсөж болох, эмэгтэйлэг байдлыг тань тодотгох, биед тав тухтай мэдрэмж төрүүлэх уг загвар энэ зуны улиралд шүүгээн дэх чухал загваруудын нэг байх болно.