Оффис хувцаслалтын шинэ дүрмүүд: Хээнцэр, хүчирхэг, тухтай
Минимал бүсгүйчүүдийн сонголт
Сүүлийн жилүүдэд оффис хувцаслалтын дүрмүүд өөрчлөгдөж, хуучны хэв загварууд мартагдаж байна. Үүнд эргэлзэх зүйл байхгүй юм. Алхахад ч хэцүү харандаа хэлбэрийн юбканууд, эмэгтэйчүүдийг нэгэн хэвийн харагдуулдаг шулуун эсгүүртэй даашинзууд, оффисоос гадуурх ажлуудаа амжуулахад дэмжлэг үзүүлдэггүй хэт өндөр өсгийтүүд гээд энэ бүгд одоо ард хоцорсон ойлголтууд юм.
Тэгвэл өнөөдөр бид ажлын талбар дээр ямар эмэгтэйчүүдийг харж байна вэ? Мэдээж эмэгтэй хүн бүр тодорхой хэмжээнд загварт хайртай учир юуны түрүүнд загвар гэдэг зүйлийг бүрэн мэдэрч, гоёмсог бүхэнд татагддаг, өөрөө ч бусдад гаднах төрхөөрөө дамжуулан тэрхүү гоо зүйн нарийн мэдрэмжийг түгээж чаддаг эмэгтэй. Гэхдээ тэрээр тав тухаа алддаггүй. Мөн хэт их анхаарал татах гэж хичээж хувцасладаггүй. Харин үргэлж хүчтэй, өөрийн гэсэн дуу хоолойтой харагдаж чаддаг нэгэн. Цөөн үгээр бол өөрийн гэсэн стильтэй, мэргэжлийн бас практикал эмэгтэйчүүд өнөөдөр ажлын талбарыг байлдан дагуулж байна.
Ийм байдлаар оффис хувцаслалт хэрхэн өөрчлөгдөж байгааг олон үгээр тайлбарлаж болох ч Yamá брэндийн шинэхэн танилцуулсан хавар-зун 2020 цуглуулга бидний санааг илүү яруу тодоор харуулж чаджээ. Шинэ загварууд минимал хэв маягтай, энгийн эсгүүртэй хэрнээ гааны ногоон, номин цэнхэр, улбар шар зэрэг гоёмсог өнгүүдээр солонгорч, контемпорари уур амьсгалыг мэдрүүлж байлаа. Яг л хаврын цэнгэг агаар мэт цэмцгэр, сэтгэл сэргээм бас дулаан гэлтэй. Түүнчлэн энэ онд томоохон дизайнеруудын онцлоод буй босоо судалтай нимгэн ноолууран эдлэлүүд цуглуулгад багтсан нь ийм загвар хайж байсан эмэгтэйчүүдийн мөрөөдлийг биелүүлэх шиг л боллоо. Дэлхийн өөр өнцгүүдэд Prada, Jacquemus брэндүүд тэдгээр хит загваруудыг санал болгож байгаа бол яг одоо Монголд, Yamá брэндэд бүр ч өргөн сонголт бий.
Үүнээс гадна биед тухтай, байгаль орчинд ээлтэй, чанартай, мөн хувь хүний онцлогийг илтгэж чадах "амьтай" загварууд Yamá-гийн шинэ цуглуулгад биеллээ олжээ.
I
Шик атлаа ухаалаг хувцас
Өөрөөр хэлбэл зүгээр ч нэг загварын тайзнаа гоё харагддаг биш харин бодит амьдрал дээрх, бодит эмэгтэйчүүдийн өмсөхийг хүсдэг, хээнцэр атлаа биед эвтэйхэн хувцас юм. Хурал, уулзалтын үеэр ч мэргэжлийн харагддаг, гадуур ажлуудаа амжуулахад ч төвөг болдоггүй, дизайны хувьд ч үргэлж загварлаг. Ийм хувцасны тод жишээ бол power suit буюу эмэгтэйлэг шинж чанарыг агуулахын зэрэгцээ хүчирхэг байдлыг илэрхийлдэг пиджак ба өмдний хослол юм.
II
Хувь хүний онцлогийг илэрхийлж чаддаг "амьтай" хувцас
Оффис орчинд хамгийн их үзэгддэг хар, саарал, цагаан өнгөнүүд хэзээ ч буруудахгүй сонголт гэдэг нь үнэн ч, эзнээ төдийлөн илэрхийлж чаддаггүй сул талтай. Харин тод өнгөнүүд өөрийгөө илэрхийлэхэд тусалдаг төдийгүй эмэгтэй хүнийг илүү дур булаам харагдуулдаг. Гэхдээ өнгө ба дизайны тэнцвэрийг олсон тохиолдолд л тэрхүү модерн төрх бий болдгийг Yamá-гийн цуглуулгаас харах боломжтой.
III
Чанараа үл алдах, бахархалтайгаар өмсөж болох хувцас
Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр бид хувцасны шүүгээгээ цөөн бөгөөд чанартай эд зүйлсээр дүүргэхийг хүсэх болжээ. Байгаль орчинд хохирол учруулаагүй, минимал, цэвэр зүйлс илүү үнэлэгдэж байна. Харин Yamá, Gobi, Goyo гэх бидний урдаа барьдаг ноолууран брэндүүд тогтвортой үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдээ баярлуулсаар байгаа билээ.
IV
Аксесуараар баяжуулсан ч цэмцгэр, энгийн байдлаа хадгалж чаддаг хувцас
Эмэгтэйчүүд бид үнэт эдлэл, торгон алчуур, бүс, цүнх гээд бүхий л аксесуаруудад өөрийн эрхгүй дурладаг. Ингэхдээ алтан дунджийг олж чадалгүй, хэтрүүлэгтэй хувцаслах үе ч байдаг. Харин ноолууран эдлэл нь ямар ч аксесуартай хослуулсан үргэлж нүдэнд зөөлөн, эвтэйхэн, цэмцгэр харагддаг давуу талтай. Тэр дундаа алт, мөнгө гээд бүх төрлийн үнэт эдлэлтэй гайхалтай зохицож, төрхийг тэнцвэржүүлж өгдөг.