Хайх

Шинэ эрин үе: Рэппперүүд ямар нейл-арт хийлгэж байна вэ

Шинэ эрин үе: Рэппперүүд ямар нейл-арт хийлгэж байна вэ

A$AP Rocky, Жейден Смит, Young Thug зэрэг рэпперүүд нейл-арт хийлгэх нь энгийн үзэгдэл гэдгийг онцолж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үеийн хип-хоп урлаг өнгөрсөн үеэ бодвол илүү нээлттэй, уян хатан болсон нь үнэн ч уламжлалт эршүүд хэв маягийн ноёрхол одоог хүртэл ажиглагдсаар байгаа. Үүнтэй холбогдуулан шинэ үеийн уран бүтээлчид хэвшмэл хандлагыг эвдэхээр зорин уран бүтээлээ туурвихдаа, мөн өөрсдийн стилийг бүрдүүлэхдээ илүү эрх чөлөөтэй, бүтээлч шийдэл гаргадаг болжээ. Жишээ нь хамгийн сүүлд л гэхэд рэпперүүд дунд өнгөт үсний тренд дэлгэрээд байсныг та санаж байгаа биз ээ. Lil Yachty улаан дредлокоор гангарч, Lil Uzi Vert цэнхрээр үсээ будаж, харин Канье Уэст эхнэр Ким Кардашьяны адил ягаан-шар үстэй болсон үе саяхан.

Тэгвэл одоо бас нэгэн чиг хандлага хүчээ авч эхэлж байгаа нь рэппперүүдийн нейл-арт юм. Америкчуудын хайртай дуучин Харри Стайлс, Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле нарын ачаар эрчүүдийн маникюр нь бага багаар энгийн үзэгдэл болон хувирч одоо бүр рэпперүүд энэ давлагаанд нэгдэх болжээ.

"Эрчүүд нейл-арт хийлгэх нь эмэгтэйлэг шинж тэмдэг байхаа больсон" хэмээн A$AP Rocky саяхан Америкийн Vogue сэтгүүлд хэлсэн юм.

A$AP Rocky-гийн хувьд эрэгтэй загварын гол инфлюэнсер болсонд маргах зүйл үгүй. Эмээгийн алчуурыг тэйлор хослолтой хослуулан "бабушка" төрхийг моданд оруулсан тэрээр зөвхөн эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдэд ч нөлөөлөн олон улсын загварын сэтгүүлүүдийн гол сэдэв болсон. Эрчүүдийн маникюрын трендийг ч мөн A$AP Rocky дэлгэрүүлээд удаж байгаа бөгөөд Instagram тавцанд түүнийг дуурайн нейл-арт хийлгэх шүтэн бишрэгчдийн тоо өдөр бүр л нэмэгдсээр байгаа билээ.

Тэрээр нейл-арт хийлгэхдээ эможи, нүд, галын дөл, АНУ-ын далбаа болон төрөл бүрийн хурц хэллэг зуруулах дуртай ба үнэт чулуутай сувдан бөгж зэрэг хээнцэр үнэт эдлэлээр гангарах нь элбэг.

A$AP Rocky-гаас гадна Жейден Смит, Young Thug, Bad Bunny зэрэг уран бүтээлчид хүйсийн хамааралгүй загварыг сурталчлан хумсаа хүссэнээрээ будахаас огтхон ч ичилгүй шинэ эриний залуусыг төлөөлж байна. Эрчүүдийн нейл-арт хэр өргөн хүрээнд дэлгэрэхийг таамаглах боломжгүй ч цаг үе өөрчлөгдөж байгааг нийгмийн аль ч бүлгэмээс тод томруунаар харах боломжтой болжээ.

 

цааш үзэх