Хайх

Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулна: 5 шилдэг зурхайн апп

Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулна: 5 шилдэг зурхайн апп

Зурхайн шилдэг аппууд

Text: Buro.Mongolia


Хайр дурлалын харилцаа, хосуудын хоорондын нийцэл, хувь хүний зан төлөв болон өдөр тутмын амьдралд тохиох үйл явдлуудыг үнэн зөв, нарийн детальтай харуулдаг шилдэг зурхайн аппуудыг танилцуулж байна.

The Pattern

Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулна: 5 шилдэг зурхайн апп (фото 1)

Хэрэв та өөрийгөө болон хайртай хүнээ илүү гүн гүнзгий ойлгож, сайн ба муу талуудаа маш дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл The Pattern нэртэй аппыг анхааралдаа аваарай. Энэхүү апп нь хувь хүний зан араншин, хайр дурлалын харилцаа зэргийг маш нарийн детальтай, бас байж болох хамгийн үнэн зөвөөр гаргаж өгдөг бөгөөд та өөрийгөө болон хайртыгаа бүрэн дүүрэн мэдэж авахыг хүсвэл ердөө төрсөн он, сар, өдөр, цаг болон төрсөн газраа бүртгүүлэхэд л хангалттай. Сонирхуулахад The Pattern aппыг дэлхийн олон мянган хүн төдийгүй Холливүүдийн жүжигчин Ченнинг Татум ч хүртэл хэрэглэдэг.

Co-Star

Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулна: 5 шилдэг зурхайн апп (фото 2)

Хиймэл оюун ухаан дээр суурилсан энэхүү зурхайн апп нь NASA болон мэргэжлийн одон орон судлаачдын мэдээллийн сан дээр тулгуурлан зурхайн зурлагыг боловсруулдгаараа онцлогтой. Хэрэглэгч өөрийн төрсөн он сар өдрөө бүртгүүлснээр од эрхсийн хөдөлгөөн амьдралд нь хэрхэн нөлөөлөхийг таамаглахын зэрэгцээ өдөр тутмын зурхайгаа унших боломжтой. Заримдаа тус апп нь "Аз жаргал мэдрүүлэх шинэ боломжоос бүү татгалз" зэрэг маш эерэг зөвлөгөөнүүдийг өгдөг бол хааяа "Танд өөрийн гэсэн хувийн амьдрал байхгүй болохоор та бусад хүмүүсийн талаар ярих дуртай" гэх зэрэг маш бүдүүлэг (бас шударга) зүйлсийг хэлдэг. Хэрэв хүсвэл бусад хүмүүсийн мэдээллийг бүртгүүлж, тэдний зурхайг давхар уншин, ордуудын зохицол, нийцлийг олж мэдэж болно.

Chaturanga Astrology Horoscope

Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулна: 5 шилдэг зурхайн апп (фото 3)

Хүссэн үедээ халааснаасаа гарган ирэн ярилцаж болдог хувийн "зурхайчтай" байвал ямар вэ? Үүний тулд Chaturanga Astrology Horoscope аппыг ухаалаг утсандаа суулгахад л болно. Дараа нь төрсөн он, сар, өдөр, төрсөн газраа бичин бүртгүүлэх бөгөөд "Би шинэ хот руу нүүх хэрэгтэй юу?", "Яагаад хэн ч намайг хайрлахгүй байна вэ?" гэх зэрэг хайр дурлал, мөнгө, карьер эсвэл өөр хүссэн зүйлээ асууж болно. Таны асуусан асуултад Энэтхэг эсвэл Ведик зурхайн зурлага дээр тулгуурлан хариулт өгнө.

Astrostyle

Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулна: 5 шилдэг зурхайн апп (фото 4)

The Astro Twins буюу Бейонсе, Sting зэрэг дэлхийн хэмжээний ододтой ажиллаж байсан алдартнуудын зурхайчдын боловсруулсан апп. Өдөр тутмын зурхайгаа авахын зэрэгцээ өөрийнхөө зурхайн зурлагыг найз залуу, "краш", "экс"-ийнхээ хайр дурлалын зурхайтай харьцуулан, таарч тохирох үгүйгээ шийдээрэй.

The DailyHoroscope

Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулна: 5 шилдэг зурхайн апп (фото 5)

Өглөө аяга халуун кофе уух зуураа өдөр тутмынхаа зурхайг уншиж заншсан бол энэ апп танд таалагдана. Та энэхүү аппыг суулгаснаар өдөр, долоо хоног, сарынхаа зурхайг олж мэдэхээс гадна Хятад, Друид зэрэг олон төрлийн зурхайг унших боломжтой. Хамгийн гол нь тус аппыг ашиглахад маш хялбар байх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх