Франкфуртын авто шоу 2017: Шинэчлэгдсэн Toyota Land Cruiser Prado, цоо шинэ Mercedes-AMG Project ONE болон бусад автомашинууд
Онцлох дөрвөн автомашин
Герман улсаас зохион байгуулдаг автомашины салбар дахь хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Франкфуртын авто шоу өчигдөр буюу есдүгээр сарын 12-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Их Британи, Япон, Солонгос, Герман ба бусад Европын орнуудын шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн цоо шинэ машин болон концепц загваруудыг танилцуулдаг энэхүү үзэсгэлэнгийн эхний өдөр хэд, хэдэн сонирхолтой нээлтүүдээр олны анхаарлыг татлаа.
Toyota Land Cruiser Prado
Франкфуртын авто шоуны үеэр Toyota компани алдарт Prado загварынхаа шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа. Шинэ хувилбарын экстерьер ба интерьер дизайн нь илүү чанартай материалаар хийгдэж, хэд хэдэн жижиг өөрчлөлтүүд орсон байгаа. Тодруулбал машины капот болон хажуу хэсгүүд жолоочийн үзэгдэх орчинд илүү нэмэртэй байхаар шинэчлэгдэж, нүүр болон урд гэрлүүд нь илүү орчин үеийн шийдэлтэй болжээ. Түүнчлэн урд болон ард хэсгийн бамперуудын загвар бага зэрэг дээш чиглэлтэй болж, тэгш бус замаар явахад илүү тохиромжтой болсон байлаа. Харин интерьер дизайны хувьд гэвэл хяналтын самбар, салоны гол хэсэг ба араа нь шинэ дизайнаар хийгджээ. Дизайны жижиг өөрчлөлтүүдээс гадна шинэ Land Cruiser Prado загварт мөргөлдөх магадлалтайг анхааруулсан дохио, онцгой нөхцөл байдалд зориулагдсан автомат тоормос, замын шугамаас гарсныг анхааруулах дохио гэх зэрэг аюулгүй байдлыг хангасан дэвшилтэт технологиуд суурилагдсан байна. Механик болон автомат арааны сонголттойгоор худалдаанд гарах шинэчлэгдсэн загвар арваннэгдүгээр сараас эхлэн хэрэглэгчдийн гарт хүргэгдэх болно.
Mercedes-AMG Project ONE
2017 оны Франкфуртын авто шоуны эхний өдөр дэлгэгдсэн хамгийн дуулиантай загваруудын нэг бол Mercedes-AMG Project ONE хайпер автомашин юм. Хоёр суудалтай "супер спорт автомашин" хэмээн нэрлэгдэж байгаа AMG Project One нь уралдааны замын Formula 1 хайбрид технологийг энгийн зам руу шилжүүлэн авчирч байгаагаараа онцлог болжээ. Өөрөөр хэлбэл энэ загварыг худалдан авсан хүн F1 уралдааны автомашиныг бүрэн эрхтэйгээр өдөр тутамдаа жолоодно гэсэн үг юм.
AMG Project One автомашины 1.6 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр нь бензин болон цахилгаан эрчим хүчээр хослон ажиллах боломжтой бөгөөд 1,000 гаруй морины хүчтэй. Үүнээс гадна уг загвар нь зургаан секундийн дотор 200 км/ц хурдалж, хамгийн ихдээ 349 км/ц хурд авах чадвартай юм. Харин гаднах дизайны хувьд гэвэл AMG Project One загвар нь 1990-ээд онд үйлдвэрлэгдэж байсан McLaren F1 автомашиныг санагдуулам бага зэрэг загасан хэлбэртэй болжээ. Mercedes-AMG Project ONE хайпер автомашин 2.5 сая фунтээр үнэлэгдсэн байна.
Mercedes-Benz X-Class Pickup
Mercedes-Benz компанийн хамгийн анхны пикап автомашины загварыг бид энэ оны зургаадугаар сард харсан. Тэгвэл үйлдвэрлэгдэн гарсан бодит автомашины танилцуулга нь өчигдөр Франкфуртын авто шоу дээр болж өнгөрлөө. Зүүн болон баруун жолоодлогын сонголттой энэ автомашин нь арваннэгдүгээр сард Европын зах зээлд нэвтэрч, дараа жилийн эхний саруудад бусад орнуудаар борлуулагдах юм. Mercedes X-Class автомашин нь эхлээд X220d ба X250d гэх хоёр хувилбараар худалдаанд гарах бөгөөд хувилбарууд тус бүрдээ 2.3 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүртэй байх болно. Харин V6 дизель хөдөлгүүртэй загвар 2018 оны дунд үед танилцуулагдана. Бартаат замаар явах дээд зэрэглэлийн чадвартай, дотроо тохилог дизайнтай энэхүү пикап нь 5,340 мм урттай, 1,920 мм өргөнтэй ба 1,819 мм өндөртэй байхаас гадна бусад ижил төрлийн автомашинуудтай харьцуулбал илүү өргөн бөгөөд урт дугуйтай байх юм.
Land Rover Discovery SVX
Land Rover брэндийн автомашинууд дундаас хамгийн экстрим нь, мөн Discovery цувралын хамгийн хүчирхэг нь хэмээн нэрлэгдэж байгаа шинэ Discovery SVX загвар 5.0 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй, 518 морины хүчтэй байх юм. Ямар ч төрлийн замаар явах чадвартай, 815 мм бүхий дугуйтай, замын гадаргууг мэдэрдэг энэ автомашин нь таныг хүссэн газарт тань маш хурдан хугацаанд хүргэх болно. Land Rover-ын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар Франкфуртын авто шоу дээр танилцуулагдсан уг загвар ердөө урьдчилсан хувилбар тул Discovery SVX автомашинд нэмэлт шинэчлэлтүүд орох магадлалтай байна. Шинэ загвар ямар үнээр, хэзээ худалдаанд гарах нь хараахан тодорхой болоогүй байгаа билээ.