Жеймс Бонд шинэ анги дээрээ цахилгаан автомашин хөлөглөнө
Байгальд ээлтэй супер автомашин
Домогт 007 агент Жеймс Бондыг супер автомашингүйгээр төсөөлшгүй. Тэгвэл шинэ цуврал болох "Bond 25" кинонд тагнуулч Жеймс Бонд буюу жүжигчин Дэниел Крейг Aston Martin брэндийн Rapide E загварын цахилгаан автомашин хөлөглөхөөр болжээ. 602 морины хүчин чадалтай, нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 322 км газар туулах чадвартай Rapide E загвар нь ердөө 155 ширхэг үйлдвэрлэгдсэн ба хараахан худалдаанд гарч амжаагүй байгаа юм. Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Aston Martin брэнд 1964 оноос эхлэн James Bond цувралтай хамтарч эхэлсэн билээ.
Найруулагч Кэри Фукунага Жеймс Бондын дүрийг хэт технологижсон байлгахаас зайлсхийж байгаа ч орчин цагт цахилгаан автомашин унана гэдэг нь байж болох зүйл хэмээн The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. "Bond 25" киноны зураг авалт ирэх дөрөвдүгээр сард эхлэх ба 2020 онд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байгаа юм. Түүнчлэн Жеймс Бондын дайсны дүрд жүжигчин Рами Малек тоглохоор болсон билээ.