Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектурын төслүүд
Нүд баясгам уран барилгууд
Time сэтгүүл 2019 оны шилдэг газруудыг нэрлэлээ. Энэхүү жагсаалтад байгалийн үзэсгэлэнт газрууд, ресторан кафенууд, музейнууд, архитекторын төслүүд гээд очиж үзэхэд тохиромжтой шилдэг 100 газар багтсан ба бид тэр дундаас 2019 оны шилдэг архитекторын бүтээлүүдийг түүвэрлэн толилуулж байна. Уг жагсаалтад Snøhetta компанийн усан доорх Under ресторан, архитектор Жан Нувелийн Катарын Үндэсний Музей, Хонг Конгын урлаг, соёлын төв болсон Xiqu Center зэрэг гайхалтай бүтээн байгуулалтууд багтсан байгаа.
Camp Adventure цамхаг (EFFEKT архитектур дизайны компани)
EFFEKT архитектур дизайны компанийн хариуцан гүйцэтгэсэн Camp Adventure цамхаг нь Дани улсад байрладаг юм. 45 метрийн өндөртэй уг цамхгийг холоос ажиглавал элсэн цаг мэт харагдах ба орой дээр нь гарахын тулд мушгирсан модон замаар алхах шаардлагатай болно. Camp Adventure цамхаг 2019 оны гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийсэн ба нээлтийн өдөр 2500 хүн цамхгаар зочилжээ.
Канадын Калгари хотын төв номын сан (Snøhetta архитектур дизайны компани)
Норвегийн Snøhetta архитектурын компани Канадын Калгари хотын төв номын санг шинэчлэн байгуулсан юм. 22,000 м2 бүхий уг номын сангаар 670 мянга гаруй хүн үйлчлүүлдэг ба Калгари хотын шинэ урлаг соёл, боловсролын төв гэх нэршлийг аваад байгаа юм.
Финландын Хельсинки хотын номын сан (ALA Architects архитектур дизайны компани)
Кино театр, ресторан, дуу бичлэгийн студи зэргээс бүрдэх Хельсинки хотын номын сан нь дэлхийн хамгийн орчин үеийн шийдэлтэй номын сангаар нэрлэгдээд байна.
Вьетнамын Ханой хот дахь номын сан (Farming Architects)
Вьетнамын нийслэл Ханой хотод нэгэн өвөрмөц номын сан нээлтээ хийсэн нь VAC Library хэмээх эко шийдэлтэй номын сан юм. Модон хүрээнүүдээр дамжин дээш гаран ном уншдаг зохион байгуулалттай уг номын сан нь багачуудыг байгальтай ойр байлгах зорилгоор хийгджээ.
Хонг Конгын урлаг, соёлын төв болох Xiqu Center (Revery Architecture компани)
Хонг Конгын урлаг, соёлын төв болсон Цзюлун дүүрэгт Xiqu Center хэмээх дуурийн театр, студи, боловсролын төв зэргээс бүрдэх 29,000 м2 талбай бүхий соёл урлагийн цогцолбор энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн байгаа. Футуристик уур амьсгалтай энэхүү архитектурын зураг төслийг Канадын Revery Architecture компани дэнлүүнээс бүтээлч санаа аван гаргажээ.
Катарын Үндэсний Музей (Архитектор Жан Нувел)
Архитектор Жан Нувелийн уг төсөл 10 гаруй жил үргэлжилсний эцэст өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн юм. Катарын нийслэл Доха хотын төвд орших 30,000 м2 талбайг хамарсан энэхүү музейн зураг төслийг гаргахдаа цөлийн сарнай цэцгээс бүтээлч сэдэл авсан ба Катар үндэсний элементийг орчин үеийн архитектуртай уусгаснаараа онцлог болжээ.
Under усан доорх ресторан (Snøhetta архитектур дизайны компани)
Норвегийн Умард тэнгист байрлах энэхүү ресторан нь газрын гадаргаас доош таван метрт байрлах ба 33 метрийн урттай ажээ. 2017 оноос баригдаж эхэлсэн Under рестораны барилгын зураг төсөл, интерьер дизайныг Норвегийн Snøhetta компани хариуцан ажилласан байна.
The Shed cоёл урлагийн төв (Diller Scofidio + Renfro компани)
Энэ онд Нью-Йорк хотод нээгдсэн The Shed урлаг соёлын төвийн барилгын зураг төслийг Diller Scofidio + Renfro компани гаргасан юм. 18,500 м2 талбай бүхий уг төвд галерей, театраас гадна уран бүтээлчдэд зориулсан инкубатор хүртэл бий.