Архитектурын гайхамшиг: Уулын орой дээр сүндэрлэх тансаг зэрэглэлийн зочид буудал
Байгалийн гоо үзэсгэлэнг бүхэлд нь тольдох боломж
Хятад улсын Хунан мужид "Eagle Rock Cliffs" хэмээх уулын орой дээр байрлах тансаг зэрэглэлийн зочид буудал ашиглалтад орлоо. Бээжингийн Duoxiangjie гэх архитектурын студийн хариуцсан энэхүү зочид буудлаас уулын энгэрээр урсах гол мөрөн, хулсан ой гээд эргэн тойрон дахь байгалийн гоо үзэсгэлэнг бүхэлд нь тольдох боломжтой ажээ.
"Eagle Rock Cliffs" зочид буудал нь гурван байгууламжаас бүрдэх бөгөөд зочид буудлын үндсэн хэсэг болох Dinghui хэмээн нэрлэсэн байгууламж нь уулын орой дээр байрладаг бол түүнээс 35 метрийн доор байрлах Yanshang гэх хэсэгт буудлын өрөө, ресторан, инфинити усан сан байрлах ажээ. Харин Ziyahui хэмээх гурав дах хэсэгт хурим болон арга хэмжээ зохион байгуулах боломжтой тоглолтын танхим суурилсан байна.
Сонирхуулахад орчин үеийн аялагчид байгалийн сайханд амрахыг илүүд үзэх болсон. Үүнийг дагаад кабин болон landscape буюу зэрлэг байгальд байрлах зочид буудлууд олноор ашиглалтад орж байгаа юм. "Eagle Rock Cliffs" зочид буудал ч бас үүний нэг жишээ билээ.