Дотроос нь харцгаая: Музей мэт интерьертэй Apple-ын шинэ салбар
Маргааш буюу зургадугаар сарын 24-ны өдөр Apple компани шинэ салбарынхаа үүд хаалгыг нээх гэж байна. Технологийн акулуудын нэг Apple нь анх 1927 онд ашиглалтад орж байсан АНУ-ын Лос Анжелес хотод байрлах "Tower Theatre" кино театрын барилгын олон жилийн түүх, өнгө төрхийг хадгалж үлдэх зорилгоор сэргээн засварлалт хийж өөрсдийн салбараа нээжээ. "Өнцөг булан бүр нь уран зураг, дуу болон урлагаар амьсгалж байдаг Лос Анжелес хоттой холбоогоо улам бэхжүүлсэндээ бид баяртай байна. Apple компани энэхүү зугаа цэнгэлийн хотын өв болон түүхийг үргэлж хүндэтгэх болно" хэмээн Apple компанийн борлуулалт, хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгч Дейдра О'Брайен онцолсон юм.
Tower Theatre нь архитектор Чарльс Лигийн оюуны бүтээл бөгөөд 1988 оноос хойш ашиглагдаагүй байжээ. Барилгын лобби хэсэгт байрлах сүрлэг том шат, чийдэнгийн бүрхүүл болон гантиг багана нь интерьерийн шилдэг шийдэлд тооцогддог бөгөөд Apple компани тэдгээр деталиудыг эвдэлгүй нөхөн сэргээсэн байна.