Феминист эрчүүд: Яагаад тэдэнгүйгээр юу ч бүтэхгүй вэ?
Орчин үеийн эрчүүд хэрхэн хүйсийн эрх тэгш байдлын тэмцэлд хувь нэмрээ оруулж байна вэ?
1990-ээд онд эхлэлээ тавьсан феминизм хөдөлгөөний гурав дахь давлагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгэмд хамгийн ихээр яригдаж буй сэдвээр тодорч, бодит үр дүнгээ үзүүлж эхэллээ. Гэсэн хэдий ч бид феминизмийн талаар хэвлэл мэдээлэлд, олон нийтийн сүлжээнд эсвэл гэрийнхээ гал тогоонд хичнээн их хэлэлцсэн ч, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн хэвээр байна. Тэдгээр тогтсон стереотипуудын нэг бол феминизмийг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан, эмэгтэйчүүдийг хамарсан хөдөлгөөн гэж үзэх явдал юм. Энэ үзлийн дагуу эрчүүд эрх тэгш байдлын төлөөх тэмцэлд оролцохгүй байх ёстой болж байна тийм үү?
Өмнөх эриний феминизмийн хөдөлгөөнүүдтэй харьцуулбал XXI зуунд эмэгтэйчүүд боловсрол эзэмших, саналаа өгөх, эсвэл корсетоос татгалзах эрхийн төлөө тэмцэхээ больсон. Одоо энэ хөдөлгөөний үндсэн зорилго юуны түрүүнд хүйсийн эрх тэгш байдалд оршино. Хөдөлмөр эрхлэх ба цалин хүртэх эрхийн тэгш нөхцөл, хүүхдээ асран халамжлах тэнцүү хариуцлага, эмэгтэй хүнийг дур хүслийн объект хэмээн хүлээж авахгүй байх гэсэн үндсэн зорилтууд орчин үед хамгаас чухал байна. Энэ зорилтод эрчүүдийн оролцоогүйгээр хүрэх боломжтой гэж үү?
Орчин үеийн феминизмийн хамгийн идэвхтэй төлөөлөгчдийн нэг болох Эмма Уотсон 2014 онд НҮБ-д зориулсан өөрийн тайландаа эрчүүдийн оролцоогүйгээр феминизмийн хөдөлгөөн ямар ч бодит үр дүнд хүрэхгүй, одоо байгаа цэгээсээ дорвитой хөдөлж чадахгүйг онцолсон байдаг. Түүний хэлснээр хүйсийн эрх тэгш байдал гэх ойлголт хоёр тал буулт хийн, бие бие рүүгээ чиглэсэн сайн дурын алхам хийсэн нөхцөлд л бодит зүйл болох аж. Практикаас харахад Эмма Уотсоны энэхүү санааг нэлээд олон эрчүүд дэмжиж, ач холбогдлыг нь ойлгож байна. Эдгээр эрчүүдийг феминистүүд биш, харин про-феминистүүд буюу феминистүүдийг дэмжигчид хэмээн нэрлэдэг билээ.
Та өөрийгөө эхнэр, охиноосоо дээгүүр тавьдаг бол жинхэнэ эр хүн мөн гэж үү?
Про-феминизм нь аль хэдийнээ соёл урлаг болон нийгмийн салшгүй нэгэн хэсэг болсон. Evening Standard Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жүжигчин Райан Гослинг эмэгтэйчүүд эрчүүдээс бүх талаараа хавьгүй илүү бөгөөд хүчирхэг гэдгийг ичиж зоволгүйгээр хэлж, өөрийгөө заримдаа эмэгтэй мэт мэдэрдэг хэмээн дурдаж байсан. Түүнчлэн хунтайж Харри Катманду хот руу хийсэн аяллынхаа үеэр эмэгтэйчүүдийн боловсролын тухай сэтгэл хөдлөм илтгэл танилцуулж, Мишель Обама болон Непал улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Деви Бхандари нарт талархсанаа илэрхийлж, дэлхийн олон залуу бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болж буйг нь онцолж байсан юм. "Про-феминист" гэх үгээр тодорхойлогдож болох бусад алдартнуудаас дурдвал үүнд Дэниел Рэдклифф, Жозеф Гордон-Левитт ба Уилл Смит нар багтана. Магадгүй эдгээр алдартнуудын зарим нь феминизмийн сэдвийг өөрсдийгөө "пиар"-дах зорилгоор ашиглаж байж болох ч, энэ нь тийм ч чухал биш юм. Хамгийн гол нь тэд бол амжилттай, алдартай эрчүүд. Тиймээс тэдний хэлэх үгс олон нийтэд хүрэх болно, олон мянган хүн тэднийг дуурайхыг хүснэ.
Эрчүүдийн үзэл бодолд нөлөөлөх чадвар романтик киноны гол дүрүүдэд биш, харин эрэлхэг киноны жинхэнэ баатруудад бий. Тухайлбал "Game of Thrones" цувралын Кхал Дрогогийн дүрийг гаргадаг жүжигчин Жейсон Момоа нэгэн ярилцлагадаа ганц бие ээжээрээ өсгүүлсэн тухайгаа дурдаж, эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү хүчирхэг гэж боддогоо хэлж байсан юм. Жеймс Бондын дүрийг бүтээж байсан жүжигчин Пирс Броснан ба Дэниел Крейг нар хүйсийн эрх тэгш байдлын төлөөх сурталчилгаанд оролцож байсан удаатай. Мөн жинхэнэ эр хүний бэлгэ тэмдэг болсон Том Харди "Mad Max" киноны зураг авалтын үеэр хүчирхэг эмэгтэйчүүд дунд золтой л "гээгдчихээгүй" хэмээн ярьсан байдаг.
Өнөөдөр барууны орнуудад хүйсийн эрх тэгш байдлын талаар эрчүүд ба эмэгтэйчүүд хоорондоо чөлөөтэй хэлэлцдэг. 2015 онд Америкийн SoulPancake компани дугуй ширээний ярилцлага өрнүүлж, төрөл бүрийн нийгмийн давхаргад хамрагддаг эрчүүдийг цуглуулан сексизм болон эмэгтэйчүүдийг зөвхөн дур хүслийн объект мэт хүлээн авах тухай хэлэлцэж байсан. Тэрхүү дугуй ширээний яриаг тухайн үед #ThatsWhatHeSaid хэштагийн доор сурталчилж байлаа. Ярилцлагын үеэр нэгэн эрэгтэй "Бид энд сексизмын талаар ярихдаа энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал мэт авч үзэж байна. Энэ бол эмэгтэй хүмүүст тохиолддог асуудал ч, энэ асуудлыг шийдэхэд эрчүүд хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Сексизм бол эрчүүдийн асуудал юм" хэмээн хэлсэн байдаг. Харин энэхүү дугуй ширээний үр дүнд гарсан үндсэн санааг хамгийн анх Америкийн алдарт зохиолч Жексон Кац 2013 оны TED бага хурлын үеэр хэлсэн билээ.
Гэхдээ бүх цаг үеийн хамгийн сэтгэлд хоногшсон тунхаглалуудын нэгийг АНУ-ын үндэсний хөл бөмбөгийн багийн тоглогч асан Терри Крюс хэлсэн юм. "Би та бүхнийг хамаг ажлаа орхин эмэгтэйчүүдийг авар хэмээн уриалаагүй байна. Үнэн хэрэгтээ тэд хангалттай хүчирхэг, өөрсдийгөө хамгаалах чадвартай хүмүүс. Би та бүхнийг үзэл бодлоо өөрчлөхийг уриалж байна. Та өөрийгөө эхнэр, охиноосоо дээгүүр тавьдаг бол жинхэнэ эр хүн мөн гэж үү?" хэмээн тэр хэлсэн.
АНУ ба Европын ихэнх сургуулиудад феминизмийн тухай сэдэв хөндөгддөг тусгай хичээлүүд ордог. Тухайлбал 2016 онд Vice-ийн редактор Элис Маккул энэ тухай нэгэн сонирхолтой нийтлэл гаргаж байсан. Тэрээр GREAT хэмээх байгууллагын эрэгтэй феминистүүд Trinity дунд сургуулийн хөвгүүдэд феминизмийн тухай хичээл орсныг бичиж байсан юм. Про-феминист эрчүүд энэхүү сайн дурын хөтөлбөрийн хүрээнд сурагчдад төрөл бүрийн хичээл ордог байна. Тодруулбал тэд эхлээд нийгэмд тогтсон стереотипуудын тухай хэлэлцэж, дараагаар нь сексист үзлийг гаргасан сурталчилгаануудыг судалж, хөвгүүдтэй жич яриа өрнүүлдэг аж. Тэд хөвгүүдээс эмэгтэй хүн бүрийг өөрийнхөө ээж, эгч мэт төсөөлж, хүндэтгэлтэй бөгөөд зөв харьцахыг сургадаг байна.
Дээрх үзэгдлүүдээс үл хамааран нийгмийн зарим судалгааны үр дүнгээр сургуулийн хөтөлбөр болон алдартнуудын хичээл зүтгэл тэр бүр зорилгодоо хүрдэггүй гэсэн тоо баримт гарсан байна. The New York Times сэтгүүлийн гаргасан саяхны нэгэн нийтлэлд, 18-25 насны америк эрчүүд уламжлалт гэр бүлийн загварыг илүүд үздэг нь судалгаагаар батлагдсан. Тэд, эмэгтэйчүүд өөрсдийгөө хүүхэд өсгөх болон гэрийн ажилд зориулах ёстой бөгөөд бүхий л чухал шийдвэрийг эрчүүд гаргах учиртай хэмээн үздэг аж. Шинэ мянганыхны дунд давамгайлж буй энэ үзэл бодлыг мэргэжилтнүүд дараах шалтгаанаар тайлбарлаж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар орчин үеийн ажлын байран дээр эмэгтэйчүүд эрчүүдийн адил амжилт гаргах болсон учир эрчүүд өөрсдийн давамгайллыг ажил дээрээ биш юм аа гэхэд, гэртээ нөхөж авахыг хүсч байгаа гэнэ.
Ингээд харахад шинэ мянганыхан бидний бодсоноос ч илүү хязгаарлагдмал үзэл бодолтой болж таарч байна. Ихэнх мэргэжилтнүүд Дональд Трампын ялалтыг яг л энэ үзэгдэлтэй холбодог. Хуучинсаг, заримдаа бүр хүлээн зөвшөөрөхийн аргагүй үзэлтэй Дональд Трампыг сонгогчид эрэгтэй гэх үүднээс нь илүүд үзсэн байх магадлал өндөртэй юм. Энэ бүгдээс харахад феминизм ба хүйсийн эрх тэгш байдал бодит амьдрал дээр бүрэн хэрэгжиж эхлээгүй байна. Тиймээс бид эрчүүдийг энэ асуудалд аль болох ихээр хамруулан оролцуулах хэрэгтэй юм.
Өндөр боловсролтой, хүчирхэг эрчүүдийн хувьд хүйсийн эрх тэгш байдлын тухай ойлголт тун ойр санагддаг. Энэ нь бүр эдгээр эрчүүдэд удамшлаар дамжин үлддэг хүмүүжил юм. Тэд хуучинсаг дарангуйлах үзэл бодлоос илүүтэйгээр орчин үеийн эрх тэгш байдлаас ашиг гаргаж авах боломжтойгоо ойлгодог. Уламжлалт нийгэмд зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй мөн эрчүүд хуучинсаг хэвшмэл байдлаар тодорхойлогддог. Энэ нь хэн хэндээ ашиггүй зүйл юм. Хэрвээ хүйсийн эрх тэгш байдал бодит зүйл болон хувирвал эрэгтэй хүн ч бас өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, чөлөөтэй сонголт хийх боломжтой болно шүү дээ. Хамгийн гол нь энэ тухай бид залуу үеийнхэнтэй хэлэлцэж, эртнээс ухамсарт нь суулгах хэрэгтэй байна.
Эрэгтэй феминизм гэдэг нь эр хүний сул талаа гаргаж байгаа явдал огтхон ч биш юм. Харин ч эсрэгээрээ энэ нь эрүүл сэтгэлгээг илэрхийлнэ. Учир нь орчин үед нийгэм зөвхөн феминизм гэх ойлголт дээр төвлөрөхөө болиод удаж байна. Өнөөдөр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай, хэн ч өөрийнхөөрөө байх эрхтэй болж байна. Феминистүүдийг дэмждэг эрчүүдийг бид ямар нэгэн гайхамшигтай зүйл мэт хүлээн аван, талархах учиргүй. Тэд бол ердөө л байдлыг бодитоор харж чаддаг реалистууд юм.