Let it slow: Удаан амьдралд суралцахуй
Амгаланг мэдэр
Саяхан нэгэн сайт дээр Будда, Сансара, Нирваан, Номын Сан зэрэг гарчигтай, юуг удаан хийж, юуг хурдан хийх вэ гэсэн зааварчилгаатай, буддын ламын зөвлөгөөг олж харсан юм. Энэ зөвлөгөөнд ер нь бараг бүх зүйлийг удаан хийх ёстой болж таарсан байлаа. Үүнд сурах, баяжих, гэрлэх, мөн иш татвал, "Орчлонгийн жаргалыг хүсэхэд, тэвчээр алдрахад" хүртэл удаан байх ёстой гэнэ. Одоогоор хэрхэн удаан тэвчээр алдрахыг ойлгохгүй байгаа ч, үүнд ямар нэгэн гүн утга санаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Магадгүй хүүхэд байхад зааж байсан шиг уурлахаасаа өмнө 30 хүртэл тоолох хэрэгтэй юм болов уу? Ямартаа ч буддын лам өшөө авалтыг аажмаар авах хэрэгтэй гэж битүүхэн сануулаагүй нь л лавтай.
Дашрамд хэлэхэд, засахад хэцүү зүйлсийг л удаан хийхийг буддын лам нар өмнө нь зөвлөдөг байжээ. Жишээлбэл гэрлэлтээ батлуулах, суварга барих, шивээс хийлгэх гэх мэт.
Нэг талдаа энэ нь одоо ч гэсэн зөв хэвээр байгаа ч, нөгөө талаараа эртний лам нарт ингэж хэлэх нь амархан л даа. Учир нь тэд хэзээ ч бид нар шиг амьдралын хэмнэлтэй байж үзээгүй билээ. Одоогийнх шиг хэн хурдан хөдөлсөн нь хождог нийгэм байгаагүй.
Сүүлийн хэдэн арван жилд бид хязгаартаа тултал хурдтай явж байгаа ертөнцөд амьдарч байгаа. Ажиллаж, амжиж, амжилтанд хүрч, хоцорч яваа билээ. Ихэнх хүмүүст ингэж амьдрах нь ч таалагдаж байлаа. Тэд их хотоор гялалзсан нүдтэй гүйлдэж, өгсөн даалгавар бүрийг баяртайгаар хүлээн авч, шөнө дөрөвхөн цаг унтаж, замын түгжрэлд орохдоо "Relax, Take It Easy" гэж дуулан, урам зоригтойгоор мөнгө олж, тэрнийгээ ч нүд ирмэхийн зуурт үрж байлаа. Бүгд л ямар нэг зүйл эхлүүлж, санаачилж, зохион байгуулж, цаг хувиарлалтын тусламжтайгаар хором бүрийг дээд зэргийн үр дүнтэй ашиглахыг суралцаж байв.
Гэсэн хэдий ч бид хурдаа хасах цаг болсныг ухаараад удаж байгаа. Хэрэв санаж байгаа бол эхлээд хоол хүнс удааширч эхэлсэн билээ. "Slow Food" гэх хөдөлгөөн түргэн хоолны эсрэг байр суурьтай гарч ирсэн. Энэхүү хөдөлгөөний үзэл санаа нь удаан сууж хооллох биш, харин хоолонд илүү ухамсартайгаар хандах, химийн бодисоор ургуулаагүй цэвэр хүнс, өөрөөр хэлбэл хурдан хугацаанд ургуулаагүй ногоо сонгох зэрэг хариуцлагатай хэрэглээг сурталчилсан юм. Удаан хооллолтын жинхэнэ дэмжигч, яаран сандран хэдэн өдрийн дараа хогийн саванд хаягдах бүтээгдэхүүн авахаар супермаркет орохгүй л болов уу. Харин зах орж, хүнс бүрийг барьж үзэж, үнэртэж, худалдагчтай зөвлөлдөх болно. Үүнээс гадна эрүүл хүнс нь сар жилээр мууддаггүй, үйлдвэрийн "франкенштейн"-уудаас хавьгүй үнэтэй байдаг гэдэг санааг удаан хооллолтын хөдөлгөөн бидэнд заасан билээ. Тэр үед бид дөчин нас хүрэхдээ ходоодны архаг өвчтэй болохыг хүсээгүй л бол зайдас, чипс идээд хэрэггүй гэдгийг аль хэдийнэ ухаарчихсан байсан.
Үүний дараахан, эсвэл тэр үед бүгд йогиор хичээллэж эхэлсэн. Зарим нь "Миний хувьд энэ хэтэрхий удаан юм" гэж байв. Харин бусдыг нь йога татаж байлаа. Хамгийн хэцүү нь "Яг энд, одоо бай" гэснээрээ йогийн багш тэднээс яг юу хүсээд байгааг ойлгохгүй байлаа. Өөрөөр хэлбэл, хөлөө толгойныхоо ард амархан гаргачихна, цэцэрлэгт явдаг байснаасаа хойш "мост унаж" бас л чадаж байлаа, мөн шпагат сууж ч бараг болмоор санагдав. Харин энд гэдэг нь хаана болохыг, одоо гэдэг нь хэзээг хэлээд байгааг бидэнд ойлгох үнэхээр амаргүй аж. Бид өнгөрсөн болоод ирээдүйн цагт л үйл явдлыг дандаа тусгаж авч дадсанаар энэ хаалттай тойргоос гарах ямар ч боломжгүй болжээ. Бид үнэнчээр "о-о-ом" хэмээн бясалгаж байхдаа Баасан гарагт хаана оройн хоол идэх талаар мөн даргад бидний санаа яагаад таалагдсангүй зэрэг бодлуудыг давхар эргэцүүлж байлаа. Харин дараа нь гэнэт гэрлийн хурдаар хоолой нь өөрчлөгдөж, бүх зүйл удааширсан. Өөрөөр хэлбэл одоо цагт төвлөрч, амгаланг мэдэрч чадсан билээ.
Бидний бүхий л амьдралын турш, олон юм зэрэг хийх чадвар нь сайн зүйл хэмээн итгүүлж ирсэн. Олон хүмүүст Наполеоны нэг дор арван ажил хийж чаддаг гэх түүх санаанд нь буусан байх. Бид нэгэн зэрэг утсаар ярьж электрон шуудан илгээж чаддагаараа бахархаж мөн анхаарал хомсдолын синдромыг амьдралын хэв маяг болгосон ухаалаг утас гарч ирэхэд баярлаад ханахгүй байлаа.
Гэхдээ, Наполеон хэдий Европын талыг эзэлсэн ч, Гэгээн Эленагийн арал дээр үлдсэн амьдралаа ганцаардлын дунд өнгөрүүлсэн юм. Хэрэв цэргийн даргад зөвлөгөө өгөхийг шашин нь хориглодоггүй байсан бол бусдын газрыг эзлэхдээ удаанаар, бодлоготой хөдөлвөл үр дүнгээ бататгах боломж бий хэмээн буддын лам хэлэх байсан биз ээ.
засахад хэцүү зүйлсийг л удаан хийхийг буддын лам нар өмнө нь зөвлөдөг байжээ. Жишээлбэл гэрлэлтээ батлуулах, суварга барих, шивээс хийлгэх гэх мэт.
Ѳмнө нь бизнесийн зааварлагч, амьдралын хэв маягийн зөвлөх нар, хэрхэн бүх зүйлийг хяналтандаа байлгах вэ гэдэг сэдвээр ном бичиж, сая саяаар нь ашиг олдог байсан. Тэгвэл одоо тэд нэгэн дуугаар бүх зүйлийг сул тавин амрах нь ямар чухал болохыг сануулж байна. Энэ нь 2010-аад онд илүү ирээдүйтэй зах зээл болж эхэлсэн бололтой.
Амжилттай болон амжилтгүй старт-ап компаниууд өөрийн амжилтын нууц болон бүтэлгүйтлийнхээ шалтгаанаас хуваалцаж байлаа. "Сатаар. Бясалга. Компьютераа товлосон цагтаа унтрааж сур. Орондоо утсаа авч орохгүй бай. Амралтынхаа үеэр ажил хийж болохгүй. Амжихгүй зүйлийг амжуулах гэж хичээх хэрэггүй. Ажиллаж байгаа мэт дүр исгэхэд хүчээ зарцуулахгүй, харин жинхэнээсээ хөдөлмөрлөх хүчээ гамна" гэх зэрэг эдгээр ухагдахуунууд үнэхээр бодууштай зүйлс болохыг бидний амьдрал харуулсаар байна.
Дээр нь бүтэлгүйтэл бол амжилттай туршлага мэт үнэлэгдэх болжээ. Учир нь үр дүнгийн үнэ цэнэ буурсан байна. Бид үйл явц хэр чухал болохыг ойлгосон. Үр дүнгийн хувьд, биднийг бусдын санхүү, олон саяын хөрөнгө ч татахаа больжээ. Wall Street-ийн чононуудын үе ч өнгөрчээ. Тийм ээ, бид Марк Цукербергийг 20 тэрбумаар үнэлэгддэгийг мэднэ. Үүний зэрэгцээ тэр Пало-Альтод даруухан байшинд, загвар өмсөгчийн төрхгүй эхнэртэйгээ, шалны алчуур шиг нохойтойгоо, хэзээ нэгэн цагт баян айлын эрх хүүхдүүдийн эгнээнд орохооргүй хүүхдийнхээ хамт амьдардаг нь бидэнд таалагддаг юм. Мөн түүний машины зогсоолд нэг ч, бүр хамгийн энгийн ч Ferrari байхгүй. Өөрөөр хэлбэл, хамгийн баян, шинэ үеийн шүтээн болсон хүн харьцангуй удаан амьдралаар амьдарч байна. Тэрээр зөвхөн хурдан ярьж, хурдан сэтгэдэг. Гэхдээ энэ нь төрөлхийн чадвар байх.
Товчхондоо, бид хэн нэгэн мөнгө цацахыг дэндүү удаан харсан тул, энэ нь биднийг зүгээр л залхааж орхисон. Өмнөх нь хүмүүсийг залхаасан учраас л үргэлж шинэ тренд гарч ирдэг. Хурд, уралдаан болон хий хоосон зүйлсийн араас хөөцөлдсөөр хэр олон сайхан боломжийг бид алдаж байгаа бол гэхээс ядарч байна. Бидний гол дайсан бол залхуурал болон мөнгөгүй байдал биш болж, харин ADD буюу анхаарал хомсдолын синдром, идэвхгүй байдал болж байна.
Таамаглаж байснаар, жинлүүр нөгөө тийш хазайн, анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлд хадгалагдаж чаддаг, удаан болдог бүх зүйлс онцгой үнэ цэнэтэй болж эхэллээ. Бидний амьдралын хэрэгцээнд "бясалгах" гэдэг үг бат бөх сууж өглөө.
Сүүлийн үед моодонд ороод байгаа зүйл бол удаан уншлагын дамжаа юм. Эхлээд ийм зүйл сонсоод инээд хүрч болох ч дараа нь маш хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох болно. Гэхдээ бодоод үздээ, хэзээ хамгийн сүүлд өөр зүйлд сатааралгүй хуудсыг дуустал нь уншсанаа санаж байна уу? Бид мэдээллийг Википедиа хуудас шиг хурдан авахыг хүсдэг. Гэхдээ удаан уншлага, номнууд буцаад ирсэн. Мэдээж зарим нэг нь ном уншихаа зогсоогоогүй гэж хэлэх байх. Гэхдээ ихэнх хүмүүс намайг юу гэх гээд байгааг ойлгох болно. Саяхан Эмма Уотсон жүжигчний карьераа түр завсарлаж байгаагаа зарлаж, долоо хоногт нэг ном уншихаа амласан.
Ном унших нь сайн хэрэг ч, хамгийн сүүлийн үед гараад байгаа гайхалтай зүйл бол удаан телевиз (slow tv) юм. Жишээлбэл, галт тэрэг эсвэл уурын тэрэг явж байхыг гаргадаг олон цагийн нэвтрүүлэг бий. Ямар ч эвлүүлэг болон хурдасгалгүй. Олон цагийн турш зөвхөн галт тэргийг А цэгээс Б цэг рүү явахыг л үзнэ гээд боддоо. Мөн долоон цагийн турш цацагдах нэвтрүүлэгт хичнээн их сурталчилгаа "шахаж" болохыг төсөөлөөд үздээ. Эхэндээ Норвеги улсаас гаралтай энэхүү удаан телевизийг "Норвегийн гажуудал" гэж нэрлэж байлаа. Гэсэн хэдий ч одоо дэлхийн телевизүүд маш зөв, хэрэгтэй зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, улам л түгээмэл болно гэж зөгнөж байна. Саяхнаас BBC телевиз, BBC Goes Slow нэрийн дор олон нэвтрүүлгүүдийг цацах болсон. Үүнд нар мандахад шувуу жиргэж байгаа, шил үйлдвэрлэх, метал давтах болон мод боловсруулах үйл явцуудыг эхнээс нь дуустал нь үзүүлж байгаа билээ.
Бүтэлгүйтэл нь амжилттай туршлага мэт үнэлэгдэх болжээ. Учир нь үр дүнгийн үнэ цэнэ буурсан байна. Бид үйл явц хэр чухал болохыг ойлгосон.
Хамгийн сонирхолтой нь, дэлхий огтхон ч удаашраагүй. Харин ч эсрэгээрээ. Дэлхий маш хурдтайгаар ирээдүй рүү нисч байгаа. Харин энэ нь муу юу сайн уу гэдэг нь огт өөр асуудал юм. Нэг талаас дэлхийн гуравдугаар дайны талаар яригдаж, нөгөө талаас, бараг л өдөр бүр шинэ ген илрүүлж эсвэл шилжин суулгах эрхтэн 3D хэвлэгчээр хэвлэж, мөн татах хүчний шинэ долгион олж байгаа билээ.
Гавьяа байгуулж болох зүйлсийг хурдан хийх хэрэгтэй гэж нөгөөх буддын лам хэлсэн билээ. Иймэрхүү ажлыг хойш нь тавьж болохгүй. Учир нь амьдрал богинохон, хэзээ дахин ийм боломж гарч ирэхийг мэдэхгүй шүү дээ. Одоо энэ ертөнц дээр оршиж байгаа хүмүүс хийсэн зүйлийнхээ шанг хэзээ нэгэн цагт заавал хүртэнэ. Энэ амьдралдаа эсвэл ямар нэгэн өөр амьдралд.
Бидний хичээл зүтгэлээр амьдралын маань хэмнэл бага зэрэг удааширсан байж болох ч, орчлон ертөнц хязгаартаа тултал хурдацтай явж байгаа. Бидний амьдралд тохиож байгаа өөрчлөлтүүдийг ухаарахын тулд удаан уншиж, суралцаж, эцсийн эцэст аажмаар идэх хэрэгтэй.
Үүнээс гадна, зүгээр л дараа нь дурсах зүйлтэй үлдэхийн тулд амьдралын хэмнэлээ удаашруулах хэрэгтэй. Брэд Питтийн тоглосон "Meet Joe Black" гэдэг киног санаж байна уу? Кинонд Үхэл нэгэн эмгэнээс, энэ хорвоог орхиход хангалттай "сайхан зураг" цуглуулж чадсан эсэхийг нь асуудаг. Магадгүй амьдралын гол утга учир нь, сайхан зураг цуглуулахад оршиж байж болох юм. Энэ нь заавал сайхан үдэшлэг, халуун орны арал дээр байх албагүй. Ажил дээрээ, буйдан дээр суугаад ном уншиж байхдаа, аян замд, өглөөний цайгаа ууж байхдаа, олон хүн цугларсан газар, метронд гээд хаа сайгүй "сайхан зураг" харж болно. Харин бидний тохиолдолд бол, хөгшрөөд мартамхай болж юуны магад гээд, сайхан зургуудаа Instagram-даа оруулж болох юм.
Хэрэв та үүнийг харж чадаж байвал, удаан амьдарч байна гэсэн үг. Энэ нь ч зөв юм. Хэдий бүх зүйл асар хурдан болж өнгөрч байсан ч яг л суврага барьж байгаа мэт амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл дараа нь амьдралыг засварлахад маш хэцүү байх болно.