Хайх

Аян замд эрүүл хэв маягаа хэрхэн алдахгүй байх вэ?

Аян замд эрүүл хэв маягаа хэрхэн алдахгүй байх вэ?

Text: Б.Бадамханд


Саяхан би аялаж байхдаа дараагийн нийтлэлээ ямар сэдвээр бичих талаар их бодлоо. Харин тухайн үед аялаж явахдаа эрүүл амьдралын хэв маягаа хадгалах нь надад хамгийн тулгамдсан асуудал болж байсан юм. Тиймээс энэ талаарх туршлагаа бусадтай хуваалцахаар шийдлээ

Та гэртээ байхдаа өөртөө хийж иддэг хоол, найз нартайгаа уулзахдаа
орох дуртай эрүүл хооллолтын ресторан, гэрийн тань хажууханд байдаг жүүс баар, долоо хоног болгон тогтмол явдаг пилатесийн анги гэх мэт зүйлсээсээ хол явахад эрүүл амьдралын хэв маяг тань тэр чигээрээ алдагдах гээд байдаг уу. Хэдийгээр аялаж байх үед таны дасгал болон эрүүл мэндийн дэглэм алдагдах магадлал ихтэй боловч эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг энэ бүхнийг та өөрийнхөө төлөө ашигтайгаар эргүүлж чадна шүү.

Онгоцонд

Урдаас төлөвлөж, сайтар бэлтгэлтэй яваарай. Удаан нислэгтэй бол та хоолоо гэртээ бэлдээд авч явж болно шүү дээ. Жимс, самар, лууван болон сельдерей, энержи баар зэрэг хуурай хүнсийг авч явахад амар бөгөөд таныг өлсгөхгүй. Онгоцонд ус сайн ууж, харин кофе, архи дарс болон хийжүүлсэн ундаанаас татгалзаарай. Эдгээр зүйлс таны биеийг усгүйжүүлж, хамаг шингэнийг тань хөөж орхино. Мөн онгоцонд сайн унтаж амраарай. Нүдний маск, хөнжил болон С хэлбэртэй дэр гар тээшиндээ хийж явахад амар байдаг. Болж өгвөл ойр, ойрхон суугаа байдлаа өөрчилж, биеийн чилээгээ гаргахыг хичээгээрэй.

Аян замд эрүүл хэв маягаа хэрхэн алдахгүй байх вэ? (фото 1)

Зочид буудалд

Хэрэв боломжтой бол NutriBullet эсвэл бяцхан шүүс шахагч тээшиндээ аваад яваарай. Буудлын өрөөндөө ч өглөө болгон уугаад сурсан смүүти болон шүүсээ хийж ууж болдог юм байна лээ. Өглөөний цайндаа орохын өмнө буудлын буфетээ сайн судалж, эрүүл хэсгүүдийг нь нүдэлж аваад, тэр хэсгээр нь эргэлдээрэй. Өөх тос болон холестерин ихтэй гахайн мах, зайдас, өндөгнөөс татгалзаж, оронд нь жимс, салат, жигнэсэн ногоогоор тавгаа дүүргэж, цадталаа идээрэй. Буудлын ресепшн руу залгаад, мини баарыг хоослож өгөх хүсэлт тавьсан ч болно. Учир нь мини баар "эрүүл бус" хүнсээр дүүрэн байдаг шүү дээ.

Зочид буудлаа сонгохдоо болж өгвөл фитнес клубтэйг сонгож, өдөр тутам хийдэг байсан дасгалаа алдагдуулахгүй байвал сайн. Хэрэв фитнес клуб байхгүй бол чемоданаа баглахаасаа өмнө гүйлтийн пүүзээ хийсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Магадгүй та өрөөнөөсөө гадагш гарах хүсэлгүй бол YouTube видео дагаад өрөөндөө ч дасгал хийж болно.

Гадуур хооллоход

Та аялалаар очих гэж буй газраа өмнө нь сайн судлах хэрэгтэй. Хүн амьдарч дассан газраасаа холдоход цаг агаар, ус, хоол, цагийн бүс гээд олон зүйлс зэрэг өөрчлөгдөж, улмаар хүний биед маш их стресс үүсгэх нь бий. Цаг зав муутай, зардал багатай аялмаар байгаа үед McDonald's мэтийн газруудаар гялс ороод гарахад аятайхан сонголт юм шиг санагдаж болох ч чанар муутай хоол идсэнээр та биеэ улам л стрессдүүлж байна гэсэн үг. Ийм үед танд Yelp, Tripadvisor гэх зэрэг вэбсайтууд болон VegOut, HappyCow, Food Tripping зэрэг аппууд туслаж чадна. Тэднийг ашиглаж, таны ойролцоох эрүүл хоолны ресторан, жүүс баар, супермаркетыг хялбархан олох боломжтой. "Raw", "organic", "gluten-free", "vegetarian", эсвэл "vegan" зэрэг үгийг хайлтандаа оруулж, өөрийн хооллолтын хэв маягтаа тохирсон газруудыг олж чадна. Бүр олдохгүй, яарсан үед тааралдсан ресторандаа салат захиалаад идчихэд буруудах зүйлгүй.

Аян замд эрүүл хэв маягаа хэрхэн алдахгүй байх вэ? (фото 2)

За тэгээд, та хаашаа, яаж ч явлаа гэсэн хамгийн чухал зүйл бол бэлтгэлтэй байж, урьдчилан сайн төлөвлөх хэрэгтэй шүү. Гэхдээ бас тодорхой хэмжээнд уян хатан байх хэрэг гарна гэдэг нь ойлгомжтой. Таны бодсон, төлөвлөсөн зүйлс төлөвлөгөөний дагуу болохгүй, үе үе буруу сонголт хийх тохиолдол гарвал та санаагаар унах хэрэггүй. Харин ч та ямар ч орчин, нөхцөл байдлыг өөрийнхөө төлөө хувиргаж, ашигтайгаар эргүүлэх гэж оролдож байгаа болохоор санаа зовох зүйлгүй, сэтгэл өөдрөг байгаарай.

цааш үзэх