Хайх

Гурилан бүтээгдэхүүн идэх хүслээ хэрхэн дарах вэ?

Гурилан бүтээгдэхүүн идэх хүслээ хэрхэн дарах вэ?

Байнга боорцог, нарийн боов, талх, бялуу иддэг хүмүүс анхаарлаа хандуулаарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Өглөөний круассан, оройн зоогийн дараах бялуу, хоолтойгоо хамт идэх талх... Гурилан бүтээгдэхүүний хэрэглээг хэрхэн багасгахыг хоол тэжээлийн мэргэжилтэн, клиник сэтгэл зүйч, диетолог Анна Ивашкевич зөвлөж байна.

Гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ яагаад багасгах хэрэгтэй вэ?

Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн эрүүл мэндэд муу гэсэн үг биш. Хэрэв жин нэмэхийг хүсэхгүй л байгаа бол мэдээж гурилан бүтээгдэхүүнээс татгалзсан нь дээр. Харин бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэмжээг нь тааруулбал өдөр тутмын хооллолтдоо оруулж болно.

Гэдэс дүүрдэг хүмүүс (усанд уусгаагүй их хэмжээний эслэг агуулсан улаан буудайн талх хэт их иддэг хүмүүст тохиолддог) будаа, бүйлс, гадил жимсний гээд өөр төрлийн гурилыг туршаад үзээрэй. Эсвэл хөөлгөгч ороогүй лаваш, мацу, бин, гамбир зэрэг гурилан бүтээгдэхүүнүүд байж болно. Хэрэв цавуулагт (глютен) хэт мэдрэг болохоо оношлуулсан бол гурвалжин будаа, цагаан будаа, маалингын үр зэргээр хийсэн гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.

Үүнээс гадна булочка идэх хүсэл болон сэтгэл санааны хямрал хоорондоо холбоотой болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Жишээ нь жимс, ногоо, шош зэргийг хүнсэндээ багахан хэмжээгээр хэрэглэдэг мөртлөө маш их хэмжээний элсэн чихэр, гурилан бүтээгдэхүүн иддэг хүмүүс бусадтай харьцуулахад сэтгэл санааны хямралд өртөх нь түгээмэл тохиолддог байна.

Гурилан бүтээгдэхүүн арьсанд ямар нөлөөтэй вэ?

Нарийн боов, бялуу зэрэг гурилан бүтээгдэхүүнд орсон элсэн чихэр нь их хэмжээний инсулин ялгаруулж, ходоодны бактерийг тэнцвэргүй болгож, өөх тосыг буруу хуваарилдаг. Эдгээрийн үр дүнг та өөрийн арьсан дээр мэдрэх болно:

  • Үрчлээс
  • Батга
  • Арьсны сулрал
  • Эрүүл бус өнгө
  • Хаван

Судалгааны үр дүнд чихэрлэг, гурилан хүнснээс ердөө 10 хоног татгалзахад л арьсны үрэвсэл, батгашилт багасаж байсан нь батлагджээ. Харин гурван долоо хоногийн турш гликемийн ачаалал багатай (талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүнүүд, боловсруулсан жимсний шүүс, газтай ундаа, боловсруулсан нүүрс ус) хүнс хэрэглэснээр арьсны ерөнхий байдал сайжирч байсан нь тогтоогдсон байна.

Бид яагаад гурилан бүтээгдэхүүнд чихэрлэг хүнстэй адил татагддаг вэ?

Эмээгийн боорцог, ээжийн бялуу зэрэг нь бидэнд ихэвчлэн хүүхэд насны маань сайхан дурсамжийг санагдуулдаг. Тийм ч учраас бидэнд хамгаалалт, аюулгүй мэдрэмж дутагдахаар ийм төрлийн хоол идэхийг хүсдэг. Мөн эмэгтэйчүүд сарын тэмдгийн өмнөх өдрүүдэд чихэрлэг, тослог хоолонд татагддаг нь батлагджээ.

Мэдээж хэрэг гурилан бүтээгдэхүүн нь сайхан үнэр, бүтэцтэй ба амтны талаар ярих ч хэрэггүй. Ихэнх талх, нарийн боовны төрлийн бүтээгдэхүүнүүд нь дотроо элсэн чихэр эсвэл сироп агуулдаг. Мөн цагаан гурилаар хийсэн хүнсний гликемийн индекс нь 90-ээс дээш байдаг (75-аас бага гликемийн индекстэй хоол хүнс цусан дахь сахарыг нэмэгдүүлдэггүйгээс гадна нойр булчирхайг хэт ачаалуулдаггүй).

Гликемийн индекс багатай хүнс (жимс, ногоо, шош, бүхэл үр) өдөр тутмын хоолны цэсэндээ нэмэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Түүнчлэн эслэг агуулаагүй хоол хүнс нь цатгалан мэдрэмж өгдөггүй сул талтай.

Амархан аргаар гурилан бүтээгдэхүүнээс хэрхэн татгалзах вэ?

Зайлшгүй шаардлагатай л биш бол гурилан бүтээгдэхүүнээс бүр мөсөн татгалзах хэрэггүй. Эхний ээлжид цагаан гурилыг өөр сортын гурилаар сольж, дараа нь порцоо багасгаарай. Цагаанаас бусад бүх төрлийн гурилаар хийсэн талхыг өдөрт 2-3 зүсмийг л идэхэд хангалттай. Булочка, хөөмөл боов зэргийг 3-4 хоногт нэг ширхгийг л идэх хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн нь хоолонд нүүрс усыг орлох хачир болж эсвэл амттаныг орлож чадна.

Гурилан бүтээгдэхүүнийг юу орлож чадах вэ?

  • Хар шоколад. Сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгож, тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, бие организмыг дэмждэг. Десертэд бүтэн шоколад идэх хэрэггүй бөгөөд үүний оронд ердөө нэг ширхгийг л амсаж хорхойгоо дарахад хангалттай.
  • Зефир, пастила. Эдгээр бүтээгдэхүүн нь өөртөө өөх тос агуулдаггүй. Орц найрлагад өндөгний цагаан, жимс, жимсгэний нухаш л ордог. Үүнд мөн элсэн чихэр, шоколадаар бүрээгүй мармеладыг оруулж болно.
  • Жимс. Гадил, киви, алим, жүрж. Эдгээр жимснүүдээр жимсний салат хийж болно.

Гурилан бүтээгдэхүүнээс татгалзах үйл явцаа хэрхэн хөнгөвчлөх вэ?

Нүүрс уснаас татгалзалгүй тэнцвэртэй хооллох хэрэгтэй. Жишээ нь таны идэж буй хоол хүнс 30% уураг, 30% өөх тос, 40% нүүрс уснаас бүрдэж болно.

Өлсөж болохгүй. Өдрийн турш идэх хоол хоорондын зай зургаан цагаас дээш байхыг зөвлөхгүй. Хамгийн ихдээ л оройн зоог болон өглөөний цай хоорондын зай 12-13 цаг байж болно. Ямар ч тохиолдолд өлссөн даруйдаа юм идэх хэрэгтэй. Үүний тулд алим, самар, бүхэл үрийн крекер зэрэг хөнгөн зууш байнга цүнхэлж яваарай.

Стресс болон сэтгэл санааны тогтворгүй байдлыг бууруулах хэрэгтэй. Үүний тулд 7-9 цаг унтаж, оройн цагаар ухаалаг төхөөрөмжүүдээ далд хийж, боломжтой бол унтахаасаа өмнө алхаж зугаалж хэвшээрэй.

Харах өнцгөө өөрчлөөрэй. Гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж байгаагаа хязгаарлалт биш өөртөө анхаарал халамж тавьж байгаа гэж хүлээж аваарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх