#BuroOrders: Шангри-Ла зочид буудлын Хутон ресторанд заавал амталж үзэх 9 зоог
Хамгийн амттай Сычуань хоол, Бээжин нугасыг хаана зооглох вэ?
Үеэс үед дамжин өвлөгдөж буй олон мянган жилийн түүхтэй Хятад хоолны соёл нь уламжлалт жор, хоол бэлтгэх тусгай арга барил, элбэг дэлбэг байдал, олон нэр төрлөөрөө олон улс даяар алдаршиж, дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсэн билээ. Хятад хоолны урлаг мэдээж хэрэг хөрш Монголыг ч тойрч өнгөрөөгүй. Hot Pot буюу Халуун тогоо, Сычуань мужийн халуун чинжүүтэй хоолнууд, мөн мэдээж хэрэг алдарт Бээжин нугасгүйгээр Монголын рестораны салбарыг төсөөлшгүй. Харин энэ бүх баялаг хоолнуудыг жорынх нь дагуу нэг ширхэг ч орц найрлагыг нь алдагдуулалгүй, эх орных нь уламжлалт аргаар болгож, тав тухтай орчинд зооглох боломжийг бидэнд таван одтой Шангри-Ла зочид буудалд байрлах Хутон ресторан олгож байна. Хойд Азийн хоолны урлагийг мэдрэхийг хүссэн хүмүүст зориулаад Buro. тус ресторанд заавал туршиж үзэх хэрэгтэй есөн зоогийг онцоллоо.
Уламжлалт аргаар шарсан Бээжин нугас
Хятадын хоолны урлагийн оргил хэмээн тооцогддог уламжлалт аргаар бэлтгэсэн Бээжин шарсан нугас нь Хутон рестораны нэрийн хуудас болсон зоог юм. Анх Юань улсын үед эзэн хаанд тусгайлан барьдаг байсан энэхүү хүндэтгэлийн зоог нь Мин улсын хааны ордны гал тогоонд жинхэнэ утгаараа дэлгэрч, одоог хүртэл бэлтгэх тусгай технологи, мартагдашгүй амтаа хадгалж үлджээ. Тусгай аргаар тэжээсэн сайн чанарын нугасыг зориулалтын шавар зууханд тоор эсвэл лийр жимсний анхилуун модоор олон цагаар утаж, зөөлөн элчээр болгодог тул гаднаа шаржигнасан, дотроо зөөлөн, шүүслэг махтай болдог байна. Өөрөөр хэлбэл Бээжин нугасны жорын гол нууц нь шарах тусгай арга барилд нь оршиж байгаа юм. Бэлэн болсон нугасыг хэрчиж, өргөст хэмх, буурцгийн сүмс, нимгэн гурилын хамт зооглодог. Зочид нэмэлтээр нугасны шөл болон нугасны яс шаруулж авч болно.
Халуун тогоо
Буцалж буй тогоотой шөлөнд төрөл бүрийн мах, ногоо, гурил болгож, нууц жороор бэлтгэсэн сүмсэнд дүрж иддэг энэхүү зоогийг Хятадын "фондю" гэж хэлж болох юм. Өөрийн хүссэн орц найрлагаа сонгон, бүтээгдэхүүний амин дэм, шим тэжээлийг алдагдуулахгүй зооглох боломжийг олгодог уг зоог нь Улаанбаатарчуудын гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цугларч, халуун дотно уур амьсгал бүрдүүлэх бас нэгэн шалтгаан болдог тул бидний хамгийн дуртай хоолнуудын нэг болоод уджээ. Хутон ресторанд Зүүн Азийн алдарт хоолыг загас, далайн гаралтай бүтээгдэхүүний асар өргөн сонголттойгоор зооглох боломжтой гэдгээрээ бусад халуун тогооны ресторануудаас онцгойрч байна.
Сычуань стилийн гахайн хавирга, хар шош ба улаан чинжүүний сүмсний хамт
Сычуань муж асар олон төрлийн халуун чинжүү, цуу, амтлагч ногоогоор баялаг амттай зоогуудаараа дэлхий даяар алдартай. Тэдгээр зоогуудаас халуун ба чихэрлэг амтыг төгс хослуулж чадсан онцлох хоол бол Сычуань стилийн гахайн шарсан хавирга юм. Зөөлөн гахайн мах, олон янзын халуун ногоо, амтлах мэдрэхүйг жинхэнэ утгаараа гайхшруулах болно. Үндсэн зоогийг Сычуань уламжлалт зоогийн бас нэгэн суурийг бүрдүүлдэг хар буурцаг ба улаан чинжүүний сүмсэнд дүрж идвэл бүр ч илүү амттай.
Давхар тогоонд буцалгаж болгосон тахианы шөл, гахайн махтай банш
Хятадын уламжлалт гал тогоонд шөлийг хоёр давхар тогоонд буцалгаж болгодог техник өргөн дэлгэрсэн байдаг. Товчхондоо бол том тогоотой усанд керамик тогоотой шөл хийж, удаан гал дээр буцалгаж болгох арга барилыг ийнхүү нэрлэдэг аж. Энэ үйл явц нь шууд гал дээр бус буцалж буй усны элчээр болдог тул керамик тогоон доторх тахианы махны амин дэм, эрдэс бодис аажмаар шөлөнд шингэж, ядаргаа алжаал тайлах "эм" болохын зэрэгцээ илүү сайхан амттай болдог байна. Мөн Хойд зүгийн гахайн махтай баншны амтыг юутай ч зүйрлэшгүй.
Шарсан төмс, цоохор майлз, сонгинотой жигнэж болгосон хуурай хонины хавирга
Амтат хонины шарсан хавиргагүйгээр Хятад зоогийг төсөөлөхийн аргагүй билээ. Хуурай атлаа зөөлөн амттай хонины хавирга, шарсан төмс, шинэхэн цоохор майлз ба сонгины хачиртай энэхүү зоог ямар ч стандарт өндөртэй хоолны шүүмжлэгчийн шүлсийг асгаруулах болно.
Улаан чинжүүтэй Сычуань стилийн жигнэсэн тахиа
Сычуань уламжлалт зоогийн өвөрмөц амт нь олон төрлийн халуун ногооны хослолд оршдог. Зөөлөн тахианы маханд шингэсэн халуун, чихэрлэг, исгэлэн амтны нэгдэл нь таны амтлах мэдрэхүйг сэргээж, цаашид зөвхөн энэ хоолны амтыг л мэдрэх хүслийг өөрийн эрхгүй төрүүлнэ.
Шар буурцгийн сүмстэй шарсан мөөг
Хятад тогоочид мөөгийг асар олон зуун жилийн турш янз бүрийн жороор бэлтгэж ирсэн. Тэдгээрээс шар буурцгийн сүмсээр амталж шарсан мөөг хамгийн түгээмэл дэлгэрсэн жорд тооцогддог. Хөнгөн, амттай энэхүү зууш нь хоолны дуршлыг улам бүр бадраадаг онцлогтой.
Бор сүмс, ногоон сонгинотой жигнэсэн далайн өргөст хэмх
Шим тэжээлээр баялаг далайн өргөст хэмх нь Хятадын анагаах ухаанд өргөнөөр ашиглагддаг бөгөөд дэлхий даяар, тэр дундаа Азийн орнуудад деликатес буюу ховор, тансаг зоогонд багтдаг. Энэхүү далайн гаралтай бүтээгдэхүүн нь асар их хэмжээний уураг ба A, B2, B3 амин дэм болон эрдэс бодисоор баялаг атлаа маш бага илчлэг агуулдаг (100г бүтээгдэхүүнд ердөө 50 орчим калори агуулагддаг) давуу талтай. Хутон ресторан далайн өргөст хэмхийг бор сүмс, ногоон сонгиноор амталснаар эрүүл мэндэд тустай төдийгүй бүр ч амттай болгожээ.
Хясааны сүмстэй абалон
Эрт дээр үеэс л абалон хясаа нь деликатес төрлийн хоолонд тооцогдож ирсэн бөгөөд Хятадад зөвхөн эзэн хаан, ноёд түшмэд зооглодог байжээ. Уураг, ханасан тосоор баялаг энэхүү хүнс нь өнөөдөр ч маш ховор тул тэмдэглэлт өдрөөр амтархан иддэг, хүндэтгэлийн зоогт тооцогдож байна. Шинэхэн абалоныг жигнэж, өтгөн хясааны сүмсээр амталснаар зөөлөн бүтэцтэй, үл ялиг чихэрлэг амтыг бий болгожээ.
Шангри-Ла Зочид Буудал
Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.