Амьдралыг илүү амар болгоно: Time сэтгүүл 2019 оны хамгийн шилдэг бүтээлүүдийг нэрлэжээ
Асрагч робот, "ярьдаг" нүдний шил болон бусад бүтээлүүд
Time сэтгүүл 2019 оны хамгийн шилдэг 100 бүтээлийг нэрлэсэн байна. Энэхүү жагсаалтад амьдралыг хөнгөвчилж, зугаатай болгох янз бүрийн салбарын төхөөрөмжүүд багтжээ. Сэтгүүлчид жагсаалтыг харахад илүү амар болгохын тулд бүтээлүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шийдэл, виртуал бодит байдал, гэр ахуй, гоо сайхан, дизайн, цахилгаан хэрэгсэл, хоол ба унд, компьютерын тоглоом, эрүүл мэнд болон бусад олон хэсэгт хуваан танилцуулсан байна.
Эдгээр эд зүйлсийг бүгдийг нь Time сэтгүүлийн сурвалжлагчид сонгосон бөгөөд тэд сонголтоо хийхдээ шинэлэг, бүтээлч байдал, үр дүн, нөлөө, амбиц зэрэг шалгууруудаар хэмжжээ. Ингээд тэдгээр сонирхолтой бүтээлүүдийн заримыг нь харцгаая.
Израиль улсын OrCam нэртэй старт-ап компанийн бүтээсэн MyEye гэх ярьдаг нүдний шил. Уг төхөөрөмж нь жижиг камер, чихэвчээс бүрдэх бөгөөд харааны бэрхшээлтэй хүмүүст унших, хүмүүсийн царай танихад тусална.
Eight Sleep компанийн бүтээсэн сэрүүцүүлдэг шингэнтэй орны гудас. Поролон материалаар хийгдсэн энэхүү гудас нь дотроо -55 хүртэл хөрж, +115 хүртэл халах боломжтой шингэн агуулсан хэд, хэдэн сувагтай. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг орны нэг талыг сэрүүцүүлж, нөгөө хэсгийг нь халаах боломжтой гэсэн үг юм.
Roli компанийн Lumi гэх авсаархан зөөврийн төгөлдөр хуур нь хурдан хугацаанд илүү хялбар аргаар хөгжим тоглож сурахад тусална. Үүний тулд апп ашиглан товчлуур дээрх гэрлийн дагуу хөгжмөө дарахад л хангалттай.
Pathspot нянгийн сканер. Энэхүү төхөөрөмж нь ердөө гурван секундийн дотор өвчин үүсгэгч нянгуудыг тодорхойлж чадна. Ингээд ч зогсохгүй үр дүнгээр нь нэгдсэн мэдээллийн сан үүсгэх боломжтой.
Stevie асрагч робот. Дублин хотын Тринити коллежийн инженерүүдийн зохион бүтээсэн уг робот нь ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран хамгаалахад зориулагджээ.
Жимс ба ногооны Apeel хальс. Калифорни мужаас гаралтай ижил нэртэй старт-ап компанийн бүтээсэн тус хальсыг жимс, ногооны зөөлөн эд, хальс, үр зэргээр хийсэн байна. Энэхүү маш нимгэн хальс нь жимс ногоог хурдан хугацаанд муудахаас сэргийлж, шинэхэн байдлаа хоёр дахин удаан хадгалахад туслахаас гадна байгаль орчныг бохирдуулахгүй гэдгээрээ давуу талтай.
Эмэгтэйчүүдэд зориулсан ухаалаг секс тоглоом Osé. Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэнгээс (CES) шагнал хүртсэн энэхүү тоглоом нь G-цэг ба хэлүүнд "иллэг" хийснээр хосолсон дур тавилт өгөх боломжтой.