Бейонсе ихэр хүүхдүүдийнхээ нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүллээ
Руми ба Сэр Картер
Дуучин Бейонсе саяхан хоёр ихэр хүүхэд өлгийдөн авсныг бид өмнө мэдээллэсэн билээ. Тэгвэл одоо дуучин бүсгүй ихрүүдээ Руми ба Сэр хэмээн нэрлэсэн гэх цуурхал хэвлэл мэдээллээр тархаад байна. Энэхүү цуурхлыг үүсэхэд Бейонсе, Jay-Z нарын "Rumi Carter", "Sir Carter" гэх хоёр нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлсэн явдал нөлөөлжээ. Мөн худалдааны тэмдгээр бүртгэх өргөдөлд дээрх хоёр нэрээр хүүхдийн тоглоом, угж, үсний хавчаар болон бусад хүүхдэд зориулсан эдлэлийг худалдаалах тухай дурдсан байсан нь нөхцөл байдлыг бүр ч илүү ойлгомжтой болгож байгаа юм. Түүнчлэн TMZ вебсайтын мэдээлэлж буйгаар Руми гэдэг нь XIII зууны яруу найрагч Жалаладдин Румигээс санаа авсан нэр гэнэ.
Бейонсе өмнө нь өөрийн том охин Блю Айви Картерын нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлж байсан удаатай юм. Тэрээр тус өргөдөлдөө Блю Айви Картер нэрээр үс арчилгааны бүтээгдэхүүн, хувцас, гар утас болон видео тоглоом гэх зэрэг бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй буйгаа тусгаж байсан билээ.