Хайх

Эко цуврал: Дахин ашиглагддаг усны сав сонгох шалтгаанууд

Эко цуврал: Дахин ашиглагддаг усны сав сонгох шалтгаанууд

Text: О.Нандий


Усны савыг хүмүүс ихэвчлэн удаан хугацааны аяллаар явахдаа ашигладаг байсан үе саяхан бол одоо ажил, сургуульдаа, биеийн тамираар хичээллэхдээ гээд өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлээд байна. Дахин ашиглах усны сав нь хувийн хэрэглээнд хэрэгтэйгээс гадна байгаль дэлхийд ашиг тустай учраас хуванцрын хог хаягдлыг багасгах болон ус хэмнэх хамгийн сайн арга замаар нэрлэгджээ. Хэдий хэмжээгээр хэмнэдэг гэж үү? Таны төсөөлж байснаас ч их.

Усны сав хэдий хэмжээний ус тээвэрлэх боломжтой вэ?

Дахин ашиглах боломжтой савны хэмжээ нь дунджаар 1л байдаг бол дэлгүүрт зарагддаг хуванцар савтай ус нь дунджаар 475мл хэмжээтэй байдаг байна. Хүн өдөрт дор хаяж 8 аяга буюу 2 литр ус уух ёстой байдаг ба дахин ашиглах саваа нэг л удаа дүүргээд уухад зорилгынхоо талыг гүйцэтгэсэн гэсэн үг юм. Өдөрт хэд хэдэн ширхэг хуванцар савтай ус худалдаж авснаас нэг савыг бүтэн өдрийн турш ашиглаж мөнгө хэмнэх болно.

Эко цуврал: Дахин ашиглагддаг усны сав сонгох шалтгаанууд (фото 1)

Хуванцрын хог хаягдлыг хэр хэмжээнд багасгах вэ?

Та хувь хүний хувьд өдөрт 4 хуванцар савтай ус уудаг гэж тооцон бодоход дахин ашиглах боломжтой савыг ашигласнаар жилд 1460 хуванцар сав хэмнэх юм. Мөн өдөрт ганцхан ширхэг хуванцар савтай ус худалдаж авсан ч жилдээ 300 ширхэг хог хаягдлаас сэргийлэх учраас нэг ширхэг савыг тогтмол ашигласнаар энэ бүгдийг няцаах боломжтой. Нэг ширхэг хуванцар сав хийхэд 60мл тос шаардагддаг бөгөөд нэг жилийн дэлхийн хүн амын хэрэглэдэг савтай усыг үйлдвэрлэхэд 17 сая торх тос ордог байна. Энэ нь 1.3 сая машиныг бүтэн нэг жил тослох болон 190,000 өрх айлыг цахилгаанжуулах хэмжээний их тос юм.

Усны сав ямар үнэтэй байдаг вэ?

Ямар материалаар хийгдсэнээс болон чанараасаа шалтгаалан дахин ашиглагддаг усны сав нь 10 мянган төгрөгөөс 30 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг билээ. Харин нөгөө талд cавласан усны үнийн ихэнх хувь нь савлагааны зардалд зарцуулагддаг ба нэг ширхэг хуванцар савтай ус дунджаар 1000 төгрөг орчим үнэтэй дэлгүүрт худалдаалагддаг ч, хаанаас худалдаж авахаасаа хамаараад илүү үнэтэй ч байж болох юм. Иймээс хэдийгээр хуванцар савтай ус нь дахин ашиглагддаг савны үнээс хямд боловч урт хугацааны явцад илүү зардал ихтэй тусах юм.

Эко цуврал: Дахин ашиглагддаг усны сав сонгох шалтгаанууд (фото 2)

Дахин ашиглагддаг сав хэрэглэснээр хэр хэмжээний мөнгө хэмнэх вэ?

Жилийн туршид та өдөрт 4 ширхэг ус худалдан авч ууна гэж тооцоолоход жилд 1,752,000 /нэг сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөг зарцуулах бол дахин ашиглах боломжтой сав жилдээ хоёр ширхгийг худалдан авахад жилд 40-50 мянган төгрөг л зарцуулах юм. Энэ нь асар их хэмнэлт билээ.

Бусад шингэн зүйлээ яаж уух вэ?

Дахин ашиглагддаг сав нь олон төрлийн материалаар хийгддэг учраас халуун цай, кофегоо хийж уухад тохиромжтой юм. Зэвэрдэггүй ган сав нь халуунаа барих хамгийн чадвартай нь бөгөөд давхарласан шилэн хийцтэй сав мөн халуун уух юманд тохиромжтой юм. Үүнээс гадна ихэнх кофе шопууд нэг удаагийн аяганы нэмэлт мөнгө авдаг ба та өөрийн савандаа кофе авах тоолонд 500 төгрөг хэмнэх билээ.

Үүнээс гадна хуванцар саванд нөхөн үржихүйд муугаар нөлөөлөх болон хөхний хорт хавдар үүсгэх аюултай BPA хэмээх химийн бодис агуулагддаг билээ. Ийм учраас хүнсний дэлгүүрээс савласан ус худалдаж авахаасаа өмнө бусад сонголтуудаа анхаарч үзээрэй. Дахин ашиглах боломжтой усны шил нь нэг удаагийн хуванцар савтай уснаас хямд, аюулгүй мөн илүү тогтвортой сонголт юм.

цааш үзэх