Хайх

Хосуудад: Валентины өдрийг төгс өнгөрүүлэх зөвлөмжүүд

Хосуудад: Валентины өдрийг төгс өнгөрүүлэх зөвлөмжүүд

Мэргэжилтэн зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Гэгээн Валентины баяр нь хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлэн хосын харилцаагаа тэмдэглэдэг гэгээлэг, эерэг өдөр хэдий ч тодорхой хэмжээний хүлээлт, дарамт үүсгэдэг дутагдалтай. Иймээс бид энэхүү баярын өдрийг хэрхэн төгс өнгөрүүлэх тухайд "Simple Habits for Marital Happiness" номын зохиолч, доктор Рэнди Шроедерийн өгсөн зөвлөгөөнүүдийг нэгтгэн хүргэж байна.

Ямар нэгэн гэнэтийн элемент оруулах

"Валентины баярын өдрөө илүү онцгой болгохыг хүсвэл хамтрагчийнхаа хүсэл, сонирхолд нийцсэн ямар нэгэн гэнэтийн зүйл бэлдээрэй. Жишээ нь хамтрагч тань хятад хоолонд дуртай бол урьд өмнө нь орж үзээгүй хятад хоолны ресторанд үдшийн зоог барьж болох юм. Хэрвээ тэрээр гадаа агаарт алхах дуртай бол өмнө нь очиж үзээгүй цэцэрлэгт хүрээлэнгээр хамт алхаж болох юм. Харин тэрээр спортоор хичээллэх дуртай бол шинэ спортын төрлөөр хамтдаа хичээллээд үзээрэй. Гол утга нь өдрийнхөө төлөвлөгөөнд ямар нэгэн гэнэтийн, шинэлэг элемент оруулахад оршиж байгаа юм. Заавал их мөнгө зарцуулан бэлэг авах гэлтгүйгээр хамтдаа хийж болох сонирхолтой, гэнэтийн зүйлийг хайж олсноор өдрөө илүү бүтээлч өнгөрүүлэх боломжтой шүү дээ".

Боломж нь байвал аль болох гэрээс гадуур тэмдэглэх

"Мэдээж хүүхэд эсвэл санхүүгийн нөхцөл байдлаас хамаараад гадуур гарах боломжгүй байх үе олон ч Валентины өдрөөр ганцхан цаг ч хамаагүй гэрээс гарахыг зөвлөж байна. Би карьерынхаа туршид 1,500 гаруй хостой ярилцаж үзэхэд Валентины баяраа хамтдаа гадуур тэмдэглэн хоорондоо ганцхан цаг ч болов харилцан яриа үүсгэх нь харилцааг илүү бат бөх болгодог нь илт байдаг. Цаг заваа тохируулаад хамтдаа музей орох, шинэ төрлийн дарс амтлах, эсвэл зүгээр л машинтай зугаалах гээд юу ч хийж болно".

Бие биедээ дарамт үүсгэлгүй төлөвлөгөөнийхөө талаар илэн далангүй ярилцах

"Заримдаа хосууд бие биедээ Валентины өдрөөр юу хийхийг хүсэж буйгаа хэлээгүй атлаа энэ өдрийг тодорхой нэг хүлээлттэй, бухимдангуй өнгөрүүлдэг. Хамтрагч тань таны бодлыг унших чадвартай телепат биш тул хоорондоо илэн далангүй ярилцан юу хамт хийхийг хүсэж буйгаа, өдрийг яг ямар байдлаар өнгөрүүлэх талаар харилцан ойлголцолд хүрэх нь өдрийг амгалан тайван, сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд нөлөөлнө шүү".

цааш үзэх