Хайх

Коронавирус шинж тэмдэг илрэхээс өмнө халдварлах боломжтой

Коронавирус шинж тэмдэг илрэхээс өмнө халдварлах боломжтой

Хятадын эрх баригчид анхааруулж байна

Text: Buro.Mongolia


Өчигдөр Хятадын Эрүүл Мэндийн Яамны сайд Ма Сяовэй нэгэн гэнэтийн мэдэгдэл хийж, Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус нь шинж тэмдэг илрэхээс өмнө буюу өвчний нууц үедээ халдварлах боломжтой болохыг анхаарууллаа.

"Энэ нээлт нь бүх зүйлийг өөрчилж байна" хэмээн АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх CDC төвийн зөвлөх, доктор Уилльям Шаффнер CNN телевизэд хэлжээ.

Хэрвээ өвчтөн өөрийгөө вирус авснаа ч мэдээгүй байх үедээ хэдэн хоногоос хэдэн долоо хоногийн турш халдварыг тарааж байсан бол тэрхүү өвчтөнтэй хавьтсан хүмүүсийг хайж олон тусгаарлаж, халдварыг цааш тархахаас сэргийлэхэд маш хэцүү байх болно.

"Энэхүү вирус нь бидний бодож байснаас ч илүү халдвартай гэсэн үг. Нөхцөл байдал бидний таамаглаж байснаас ч хүнд байна" хэмээн доктор Шаффнер хэлсэн юм.

Мэргэжилтнүүдийн онцолсноор өвчний нууц үе буюу хүн халдвар авсан хэдий ч шинж тэмдэг нь хараахан илрээгүй байгаа үе нь нэгээс 14 хоногийн хооронд хэлбэлздэг байна.

Хятадад 2003 онд дэгдэж байсан САРС болон Баруун Африкаас гаралтай Эбола вирусууд нь зөвхөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвартай байсан тул ийм төрлийн халдварын тархалтыг зогсоох харьцангуй хялбар хэмээн BBC-гийн эрүүл мэнд болон шинжлэх ухааны сурвалжлагч Жеймс Галлахер ярьжээ. "Шинж тэмдэг илэрч эхлээгүй, вирусийн далд тээгчдийг илрүүлэн зогсоох даалгавар Хятадын эрх баригчдын ажлыг хэд дахин хүндрүүлэх болно".

Нэгдүгээр сарын 27-ний байдлаар БНХАУ-д коронавирусын халдвараар нийт 2744 хүн өвчилж, 80 хүн нас барсан байгааг The New York Times сонин мэдээллэлээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх