Хайх

Коронавирусын халдвар авсан хүний тоо 75,000 давлаа

Коронавирусын халдвар авсан хүний тоо 75,000 давлаа

COVID-19 вирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүд

Text: Buro.Mongolia


Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 вирусын халдвар авсан хүний тоо 75,198 хүрсэн бол халдварын улмаас нас барагсдын тоо 2,009 болж нэмэгджээ. Үүний зэрэгцээ эдгэрсэн хүний тоо 14,530 болж өсөөд байгаа юм.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисусын хэлснээр COVID-19 вирусын эсрэг вакцин боловсруулахад ойролцоогоор 12-18 сар зарцуулагдана гэв.

Их Британийн Diamond Princess аяллын хөлөг онгоц дээрх 3,700 зорчигчоос коронавирусын халдвартай 542 зорчигч бүртгэгдсэн бөгөөд одоогоор Японы Йокохама боомт дээр хөл хорионд орсон байгаа тус хөлөг онгоцноос улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр онгоц илгээсээр байна.

Коронавирусын халдвар авсан хүний тоо 75,000 давлаа (фото 1)

Holland America Line компанийн эзэмшдэг Westerdam аяллын хөлөг онгоцыг Тайланд, Япон, Филиппин зэрэг улс орнууд хүлээж авахаас татгалзан, хэд хоног далайд гацсан байсан ч өнгөрсөн баасан гарагт Камбож улс зорчигч ба хөлөг онгоцны багийнхнаас бүрдсэн 2,257 хүнтэй тус онгоцыг хүлээн авсан юм. Хөлөг онгоц дээр коронавирусын халдварын шинжилгээ хийж, зарим зорчигчид хөлөг онгоцыг орхисон байсан ч үүнээс хэсэг хугацааны дараа нэг хүн коронавирусын халдвартай болох нь тогтоогдсон байна. Одоогоор хөлөг онгоц дээр үлдсэн 1,000 хүн болон Пномпень хотод байгаа 600 зорчигчийг дахин шинжилгээнд хамруулаад байгаа юм. Харин тус хөлөг онгоц дээр байсан 500 зорчигчийн байршил тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжилтнүүд тэднийг аль хэдийнэ Зүүн Өмнөд Азийг орхисон хэмээн таамаглаж байна.

ОХУ-ын засгийн газар шинэ коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор Хятадын иргэдийг улсынхаа хилээр нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна. Одоогийн байдлаар ОХУ-д коронавирусын халдвартай Хятадын хоёр иргэн бүртгэгдсэнээс гадна Diamond Princess хөлөг онгоц дээр коронавирусын халдвартай Оросын нэг иргэн байгаа аж.

Одоогийн байдлаар манай улсад коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байна. Монгол улсын засгийн газраас коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор ЕБС, цэцэрлэг, их дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоогоод байсан бол өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ хугацааг гуравдугаар сарын 30 болгож сунгажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх